М.Энхсайхан: Үнэнийг хэлэхэд энэ Засгийн газарт өр, зээлээс өөр юу ч үлдээгээгүй
2016/10/03
УИХ-ын сонгуулийн ялалт, ялагдал алсарч, шинэ Засгийн газар байгуулагдан өдөр тутмын ажилдаа дарагдсаар нэг л мэдэхнээ бараг 100 хоногийг ардаа гаргажээ.
Үнэнийг хэлэхэд энэ Засгийн газарт өр, зээлээс өөр зүйл үлдээгээгүй. Өртэй, мөнгөгүй Засгийн газар өргөс авч байгаа мэт гоё сайхан ажил богинохон хугацаанд амжуулчихна гэсэн хүлээлт надад лав байгаагүй. Бараг хагас жилийн өмнө боловуу даа миний бие “Сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газар Монголын түүхэнд байгаагүй эдийн засгийн хүндрэлтэй тулгарна” гэж анхааруулж байснаа сануулахад илүүц болохгүй байхаа.
МАН Засгийн газраа байгуулахдаа цөөн тооны туршлагатай хүмүүсийг эс тооцвол голчлон шинэ хүмүүсээр Засгийн газраа байгуулсан нь анхаарал татаж байна. Үүнийг би хэвшмэл сэтгэлгээ, хэвшмэл арга барилаас МАН татгалзах эрмэлзэлтэй байгаа юм боловуу гэж ойлгож байна. Олон жилийн улбаатай урд өмнөх эдийн засгийн бодлогын алдаа зөвхөн АН-ын бус, мөн МАН-ын болон АН, МАН-ын хамтарсан Засгийн газруудтай холбоотой. Үүнийг эрх баригч нам ойлгож байгаа учир өөрчлөлтийг шинэ хүмүүсээр хийлгэхийг эрмэлзэж байгаа боловуу гэж тааж байна. Ямартай ч үр дүнтэй бодлого гаргаж, хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна уу даа гэсэн сэтгэгдэлтэй байна.
Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт ОУВС-тай хэлцэл хийхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ. Ийм мэдэгдэл хийхийн өмнө Ерөнхий сайд манай эдийн засагт бий болсон нөхцөл байдалд гүнзгий задлан шинжилгээ хийх, хямралаас гарах арга замаа төсөөлөх, өөрийн нам дотроо дэмжлэг авах, улмаар нийгмийн дэмжлэг авах гээд маш олон ажил төлөвлөхөөс өөр арга байхгүй. Энэ бол цаг хугацаа шаардсан их ажил.
Монголын эдийн засгийн хямрал, түүнээс гарах асуудал бол зөвхөн эрх баригчдын толгой өвдөх асуудал биш, бусад нам, түүний дотор АН-ын толгойны өвчин, нийт монголчуудын амь амьдралын асуудал байх ёстой юм. МАН эрх баригч нам болсны хувьд өөрийн боловсон хүчиндээ тулгуурлаж байгааг буруутгаж болохгүй ч түүндээ эрдэхгүй байхыг зөвлөмөөр байна. Боловсон хүчний сонголтод нам үл харгалзаж, мэдлэг чадалд нь тулгуурлавал Засгийн газрын хямралаас гарах бодлого улс төрийн болон нийгмийн дэмжлэг авах талаасаа зөв болох боловуу гэж бодож байна.
Сонгуулийн дараахь УИХ-ын анхны ээлжит чуулган эхэлж байна. Энэхүү чуулганаар Монгол улсын 2017 оны хөгжлийн үндсэн чиглэл, төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэх нь дамжиггүй. Хамгийн гол нь хямралаас гарах дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлж эхлэх хариуцлагатай цаг мөч ирж байна. Энэ үед Монголын эдийн засагт бий болсон нөхцөл байдал, хямралаас гарах бодлогын асуудлаар нэгдмэл ойлголт бий болгоход тус болох үүднээс үүнийг бичиж байгаа юм.
Юуны өмнө Монголын эдийн засгийн хямралт байдлыг монголчууд бид өөрсдөө дангаараа шийдвэрлэх бололцоогүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бидэнд донор орнууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын туслалцаа зайлшгүй хэрэгтэй. Аливаа туслалцааг хэнээс ч авдаг бай тэдэндтэй хэлцэл хийж, өгч авахын тохиролцоо хийх хэрэгтэй болно. Энэ нь бас нэлээдгүй хугацаа, хөдөлмөр, хүчин чармайлт шаардана. Одоо хоёрхон сарын дараа бонд, зээлийн төлбөрөө төлж эхлэх хугацаа хаяанд ирнийг бодолцвол оройтоод байна уу даа гэх түгшүүр төрж байна.
Бид Яаж яваад ийм байдалд орсон бэ?
Монгол улс бол ОУВС-ийн аргачлалаар байгалийн нөөцөөр баян буюу “resource-rich”гэсэн ангилалд хамаардаг. Энэ ангилалд хамаардаг 51 орны 29 нь ядуу, дунд орлоготой орон юм. Байгалийн нөөцөөр баян гэж хэлэгдэх шалгуур нь ердөө л тухайн орны экспортынх нь 20-оос доошгүй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байхад л хангалттай. Тиймээс бид өөрсдийгөө баян гэж андуурах хэрэггүй. Харин уул уурхайгаас хараат гэж ойлговол илүү зохилтой. Энэ ангилалд хамаардаг орнууд уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн циклээс шууд хараат орон юм.
Дээрх орнууд циклтэй холбоотой үнийн савлагаанаас өөрсдийгөө хамгаалахын тулд нөөц сан байгуулж зах зээл дээр үнэ өндөр байх үед хадгалж, зах зээлийн үнэ унах үед нөөцөлсөн сангаа хэрэглэж байхыг эрмэлзэж ирсэн. Энэ талаар амжилтанд хүрсэн орон нэлээдгүй бий. Тухайлбал Нидерланд 800 тэрбум ам.доллар, Чили 25 тэрбум ам.доллар нөөцөлж чадсан байдаг. Нөөц сангаа үрж үрэгдүүлэхгүйн тулд тухайн сангуудаа Тэтгэврийн сан гэж нэрийдсэн нь тус боллоо гэж мэргэжилтнүүд нь хэлж байнлээ. Тэтгэврийн санг үрэн таран хийхийг улс төрчид, олон түмэн сонирхдоггүй юм байна.
Монголд арваад жилийн өмнө зах зээлийн савлагаанаас хамгаалах зорилготой ийм төрлийн сан байгуулах гэж оролдсон юм. Хадгалах ёстой мөнгөө үрчих сонирхлыг нь өдөөхгүй байх үүднээс тэр үед сангаа “Зовох цагийн сан” гэж нэрлэе гэсэн боловч дэмжлэг авч чадаагүй. Харин үүний оронд “Хүний хөгжлийн сан” бий болж мөнгөө хадгалах биш үрэх сэтгэлгээ гаарсан юм. Цуглуулсан мөнгөө үрэн таран хийгээд зогсоогүй өр, зээл авч энэ сангийн нэрийн өмнөөс нэмж цацсан. Суперцикл төгсгөл болсон энэ цаг үед бидэнд уналтыг зөөллөх ямарч хэрэгсэл байхгүй байгаагаараа бусад ижил төрлийн орнуудаас Монгол ялгаатай байгаа юм. Манайхаас арай дээр нөхцөлд Нигер улс байгаа бололтой юм.
2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ богинохон хугацаанд унаж сэргэсэн байдаг. Тэр үед ч Монгол улс зах зээлийн үнийн богинохон хугацааны уналтаас үүдэлтэй төлбөрийн тэнцлийн гадаад шокноос гарахын тулд ОУВС-аас туслалцаа авч байсан байдаг. Тэр үед ч монголчууд бид зөв дүгнэлт хийж, бодлогоо өөрчилж чадаагүйгээр барахгүй улсын төсвийн зарлагыг эрс нэмэгдүүлж, Хөгжлийн банк байгуулж төсвийн зарлагын хажуугаар зардлаа олон дахин нэмэх алхам хийсэн байдаг. Улмаар ирээдүй үеэ барьцаалж бонд босгож зөв буруу гэж яригдах олон төсөлд зарцуулсан.
Санхүүгийн гүн гүнзгий хямралын үндсийг бид ингэж өөрсдөө бий болгосон. Нэг л юмыг тооцоогүй. Зах зээл урт удаан хугацаагаар унаж мөддөө сэргэхгүй байх тийм цаг ирнэ гэдгийг хэн ч төсөөлөөгүй. Энэ удаагийн циклийн уналт үргэлжлэх хугацаагаараа урт, үзүүлэх нөлөөгөөрөө тогтвортой сөрөг байхаар байгаа нь манай эдийн засгийн байдлыг маш эрсдэлтэй байдалд оруулж байгаа юм.
Бид юу хийх ёстой вэ
Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналт, улс орнуудын харилцаа, санхүүгийн зах зээл дээр гарч байгаа өөрчлөлтүүд түр зуурын биш гэдгээс ажлаа эхлэх ёстой байхаа. Энэ бол бодлогын томоохон өөрчлөлт хийхээс өөр аргагүй гэсэн үг юм. Бонд босгож санхүүгийн хүндрэлээс гарна гэвэл улам л лаг шаварт унана. Хүү нь урд өмнө авснаасаа ихээхэн өссөн бөгөөд төв банкуудын бодлого чангарч байгаагаас санхүүгийн зах зээл дээр “easy money”-ний үе дууссан байна.
Хөрш болон донор орнуудаас туслалцаа хүсэмжилж болох боловч манай засгийн газар бодлогоо цэгцэлж итгэл даахаас нааш энэ асуудал шийдэгдэх боломжгүй, дээр нь тусламж авдаг юмаа гэхэд тусламжийн хэмжээ нь “хүсэл хяслын завсар” байх нь ойлгомжтой байгаа. Ямарч байсан Монгол улс дотроо бодлогоо чамбайруулах хэрэгтэй цаг дээр байна. Засгийн газар Хөтөлбөрөө УИХ-аар 8 дугаар сард батлуулсан. Түүнээс хойш нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байгаа. Хөтөлбөрт маш олон хүсэл багтсан. Одоо тэдгээрийг системчилж, ач холбогдлоор нь эрэмблэх, түүнийгээ олон улсын байгууллага, доноруудтай тохиролцож тусламжийг түүндээ авах гээд хийх зүйл их л харагдаж байна. Бодлогоо цэгцлэхэд олон улсын туршлага чухал.
Хэмнэе, татвараа нэмье гэдэг бол маш ерөнхий бодлого. Хэмнэе гэх бодлого эдийн засгийг агшаах нөлөөтэй байж болно. Татвар нэмье гэх санаа бизнесийн орчинд сөрөг нөлөө үзүүлж эдийн засгийн өсөлтөд хортой байж болно. Өөрөөр хэлбэл ерөнхий бодлогоос тодорхой бодлого руу шилжих шаардлагатай байгаа юм. Цөөхөн санааг хөндье.
Төсөв. Улсын төсвийг орлого, зарлагынх нь хувьд дотор нь “уул уурхайн” хэсэг, “уул уурхайн бус” хэсэг гэж хувааж үзмээр байгаа. “Уул уурхайн бус” эдийн засгийг хамгаалах асуудал хямралын бодлогын чухал чиглэл болох ёстой байхаа.
Зардал. Импорт шаардсан төсвийн олон зарцуулалтыг зогсоохыг нь зогсоох зэргээр эргэн харах хэрэгтэй буйзаа. Жишээлбэл, Ипотекийн зээлийн механизмаар дамжиж манай валютын нөөц шавхагдсан байх бөгөөд валютын нөөц борлуулалтгүй орон сууц болж хувирсан. Төрийн албыг танахаас авхуулаад аливаа Зардал танах бодлогын гол шалгуур үр ашиг байх ёстой боловуу даа.
Орлого. Татвар, хураамжтай холбоотой аливаа өөрчлөлт бизнесийн орчин, эдийн засгийн өрсөлдөх чадварт сөрөг нөлөөгүй байхыг эрмэлзэх хэрэгтэй байх. Татварын шатлалыг нэмэгдүүлэх санаа байж болох юм.
Цалин. 2017 онд цалин нэмэхгүй байх Засгийн газрын бодлого зөв зүйтэй санагдаж байна. Төрийн өмчийн компаниудын менежментийн өндөр цалинг бууруулсан нь төрийн өмчийн болон хувийн хэвшлийн компаниудад бүхэлдээ зардалаа бууруулах, өрсөлдөх чадвараа нэмэх ёстойг сануулсан дохио болсон боловуу гэж найдаж байна.
Төрийн өмчийн компаниуд. ЭТТ гэсэн шүүрэн шанага байна. Сүүлийн үеийн дуулиан ажиглавал Эрдэнэт үйлдвэр татвараа төлөхгүй байгаа бололтой. Ер нь төрийн өмчийн компаниуд болон төрийн албаны нягтлан бодох, тайлан бүртгэлийг шинэ шатанд гаргаж санхүүгийн сахилга тогтоох асуудал хямралын эсрэг бодлогын том чиглэл байх нь гарцаагүй.
Мегатөсөл ба Гадаадын хөрөнгө оруулалт. Мегатөсөл чухал боловч бас хоосон хөөрцөглөл аюултай. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө дэмий үрэхгүй байх үүднээс хэрэгжүүлэх бололцоотой цөөхөн төслийг тодорхойлж өөр мөрөөдлийн төслүүдэд сатаарахгүй байхыг зөвлөмөөр байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 2016 оны Карнейгийн индексийг харвал Засгийн газартай холбоотой хөрөнгө оруулагч нарын санаа зовж байгаа эхний гурван асуудалд анхаарал хандуулмаар санагдаж байна. Нэг. Ил тод болон авилгаас ангид байх, Хоёр. Хөрөнгө оруулагчдын аюулгүй байдал, Гурав. Эрх зүйн болон бусад зохицуулалт. Дээрх чиглэлээр хийх ажил их байгаа.
Эцэст нь хямралаас гарах бодлогын алхамууд хялбархан байхгүй гэдгийг хаана хаанаа санаж явах ёстой болов уу. Хямралаас гарах бодлого хэрэгжүүлэх явцдаа хүн амын нийгмийн хамгааллыг дордуулахгүй байхыг эрмэлзэх хэрэгтэй нь ойлгомжтой. МАН энэ асуудалд илүүтэй анхаарч ирсэн улс төрийн хүчин учир энэ талаар саналаа хэлэх нь илүүц хэмээв.
М.Энхсайхан
Зочин · 2016/10/03
Одоо нам хамаагуй сэргэх хэрэгтэй. Дэмжиж байна.
Зочин · 2016/10/03
nice