“Биеийн тамир, спортын хөгжил” сэдэвт чөлөөт хэлэлцүүлэг лхагва гарагт Спортын төв ордны хурлын танхимд болов. Шинэ олимпийн мөчлөг эхэлж буй үед зохиогдсон нь хэлэлцүүлгийн гол онцлог байлаа.

Энэ үеэр хуралд оролцогчид биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд дараах хэдэн асуудалд анхаарлаа хандуулах ёстой гэж үзсэн.

  1. Биеийн тамир, спортын хөгжлийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох
  2. Биеийн тамир, спортын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, удирдлагын механизмыг оновчтой болгох
  3. Мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх болон давтан сургах ажлыг чанаржуулах
  4. Материаллаг бааз болон спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүх талаар хангах
  5. Нийтийн биеийн тамир ба нийтлэг спортын төрлүүдийг хөгжлийн шинэ шатанд гаргах
  6. Их спорт болон өндөр зэрэгтэй тамирчдын залгамж халааг бэлтгэн гаргах тогтолцоог боловсронгуй болгох
  7. Биеийн тамир, спортын шинжлэх ухаан болон спортын анагаах ухааныг бүх талаар хөгжүүлэх

Ямар ч том амжилт олон хүчин зүйлийн оролцоотой ирдэг. Тиймээс энэ долоон асуудлыг салгаж ойлгох аргагүй гэдэгт хүмүүс санал нэгдэж байв.

Токиогийн олимпийн бэлтгэлийг өнөөдрөөс эхлэн базаах ёстой

Өмнө нь спортын салбар соёл, аялал жуулчлалтай хамт нэг яаманд харьяалагддаг байсан. Тэр үед спорт дампуурсан гэдгийг оролцогчид онцлов. Ялангуяа хөдөө орон нутагт. Учир нь энэ үед аймгуудын спорт хороог соёл урлагтай нэгтгэх шийдвэр гаргасан. Улмаар даргаар нь спортоос тэс хөндлөн хүн томилох явдал цөөнгүй байсан. Мөн үндсэн чиг үүргээсээ хазайх тохиолдол ч цөөнгүй байж. Энэ нь орон нутаг дахь спортын хөгжлийг доош татжээ.

Ер нь спортыг хөгжүүлэхэд төрийн захиргааны байгууллагууд, МҮОХ ба спорт холбоод, боловсролын бүх шатны байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байдаг. Харин одоо спорт боловсрол, соёл, шинжлэх ухаантай хамт нэг яаманд харьяалагдах болсон нь нүдээ олсон шийдвэр боллоо гэж дүгнэх хүн байв. Энэ боломжийг ашиглан боловсролын салбарыг спорттой сайн холбож өгөх хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлсэн. Мөн спортын шинжлэх ухааныг хөгжүүлэх үүднээс тусгай хүрээлэн байгуулах зэрэг боломж байгааг онцоллоо.

Ер нь спортын салбарт зарцуулах мөнгө хангалтгүй байдаг. Олимп эхлэхээс жил хагасын өмнө гэнэт ухаан орсон мэт сандралдаад эрхийн тэмцээнд явна. Харин бусад үед нь анхаарал хандуулдаггүй. Энэ байдлаараа биеийн тамир, спорт хөгжихөд бэрх гэдгийг Монголын үндэсний олимпийн академийн ерөнхийлөгч, уг хэлэлцүүлгийг зохион байгуулсан Ч.Зоригтбаатар сануулав.

Тэрбээр “Хэдэн жил унтаа байсны эцэст олимп дөхөхөөр сэхээ орсон мэт шуурч давхимааргүй байна. Зүй нь бид Токиогийн олимпийн бэлтгэлийг өнөөдрөөс эхлэн базаах ёстой. Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороог Ерөнхий сайд даргалдаг шүү дээ. Мэдээж энэ хүн ажил төрөл ихтэй байдаг. Гэхдээ бид олимпод эртнээс бэлдэх ёстойг байнга сануулж, тулгамдсан асуудлаа ойлгуулж, шийдүүлэх талаар Ерөнхий сайдыг сайн зовоох ёстой” гэсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, хүсэлтийг нэгтгээд холбогдох байгууллагуудад уламжлахаар болжээ.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ