Иргэдийн дургүйцлийг хүргэх явдал буурахгүй гарсаар байдаг газар бол ерөнхий боловсролын сургууль. Эцэг эхчүүдээс анги засвар, хуримтлалын 10,000 төгрөг, багш нараа баярлуулах 5,000 төгрөг, вок савангийн мөнгө гээд 1000 төгрөг гэх мэтчилэн бяцхан мөнгө хүүлэгч нар тэнд ажилласаар л...

Үүнээс гадна цэцэг авах мөнгө, номны мөнгө гээд дурьдаад байвал дуусашгүй. Аргаа барсан эцэг эхчүүд хэнд хандахаа мэддэггүй. Үүнд анхаарлаа хандуулах цаг нь болжээ.

Өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай аймгийн мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд 36 иргэн хандаж Боловсрол, соёл урлагийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргасан байна.

Тухайлбал, Хичээлийн шинэ жил эхлээгүй байхад багш нар сурагчдаас мөнгө нэхсэн гэх асуудал гарч байгаа ба цэцэрлэгийн хүүхдээс шинэ ор хөнжлийн даавууны мөнгө нэхсэн, бага ангийн сурагчдыг биеийн тамирын хувцсаар жигдлэх нэрийдлээр уг хувцсыг зарсан, үдийн цайны аягыг нэг өнгө, хэлбэртэй байлгах, анги танхимдаа эд хэрэгсэл авч өгөхийг шаардсан зэрэг асуудлыг аймгийн Засаг даргын дэргэдэх Шуурхай хурлаар хэлэлцэж, тухайн багш нарт хариуцлага тооцохоор болжээ.

Мөн үйлчлүүлэгчдэд хүнд суртал гаргасан, ёс бусаар харилцсан Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч, ажилчдын ёс зүйтэй холбоотой санал, гомдлын хүрээнд ажлын хэсгийг байгуулж шалгахаар болсон байна. Гэхдээ энэ асуудал Нийслэлийн сургуулиуд ч жирийн үзэгдэл болсон гэхэд буруутахгүй байх. Багшийн нэхсэн мөнгийг өгөхгүй бол хичээлдээ явахгүй мөнгө өг гэдэг гэж нэгэн эмэгтэй хэллээ. Удаа дараа мөнгө нэхэх нь хүндрэлтэй байна. Бид хүүхдэдээ маргааш, нөгөөдөр гэж мөнгөтэй болохоороо өгнө гэж бодох боловч санаснаар болохгүй байна хэмээн хэлсэн юм.

Үнэхээр шаардлагатай үед боломжоороо өгдөг авах нь ч зөв. Гэхдээ элдэв төрлийн мөнгө үе үе нэхэх нь хэтэрсэн явдал болж байна. Хүүхдүүдийн дунд мөнгө нэхээд, ангийн хүүхдүүдийн дунд нэр дуудаад муухай байдаг, мөнгө өгөхгүй бол хичээлдээ явахгүй гэж манай хүүхэд биднийг айлгах болсон хэмээн нэрээ нуусан эх хэлж байлаа. Үүнтэй санал нийлэх олон эцэг эх, асран хамгаалагч нар байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Мөнгө хүүхдүүдээс нэхэж эцэг эхчүүдийг бухимдуулах байдал нэг хичээлийн жилд хэд хэдэн удаа давтагддаг нь зогсохгүй байгаа юм. Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд нь сурч буй учраас, нэхсэн мөнгийг нь өгөхгүй бол эргээд хүүхдэд нь л хэцүү гэж бодсондоо унд хоолныхоо мөнгөнөөс илүү гаргаж багш нарт нь “татвар” төлдөг. Ер нь мөнгө нэхэх нь багш нарын бодлого юм уу, эсвэл сургуулийн захиргааны бодлого юм уу гэдгийг ойлгохгүй байгаагаа эцэг эхчүүд хэлсээр байна.

Ийм маягаар сурагчдаас мөнгө нэхэх явдал зөвхөн дээрх сургуульд ч байдаг юм биш. Өмнө нь Баянзүрх дүүргийн нэг сургуулийн нийгмийн ажилтан мөнгө нэхсэн хэргээр дүүрэг дээрээ дуудагдаж, сануулга авч байсан. Монголчуудын олонхи нь амьдралын төвшин сайнгүй байгаа энэ нийгэмд, ядарсан өрхийн хүүхдэд 10,000 дээр нь нэмээд татдаг 5000, 1000 гэсэн мөнгөнүүд нэмэгдэхээр ихээхэн ачаа болдог нь ойлгомжтой. Тэгэхээр, багшийнхаа нэхсэн мөнгийг өгөхгүй бол сургуульдаа явахгүй гэж, мөнгө нэхсэн багшаасаа зугтааж, сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхдүүд цөөнгүй байна гэдгийг хэлэх нь зүйтэй биз.

М.Буянжаргал