Сэтгэлгээний хямрал
2016/10/04
\цуврал -01\
...Ардчилал Монгол оронд ялж, олон хүмүүсийн сэтгэлд "Хонгилын үзүүр дэх гэрэл" асааснаас хойш 26 жилийг үджээ. Тэр мөчид төрж байсан залуус өдгөө 26 нас хүрч байгаа гэж бодохоор бага бус хугацаа.
"Хонгилын үзүүрт гэрэлтэж байсан гэрэл өдгөө таны итгэл найдварыг бадраасан уу? "Та мөрөөдөж, төсөөлж байсан сайхан амьдралдаа хүрч чадсан уу" гэж хэн нэгнээс асуувал хүн болгон янз бүрээр л хариулах байх.
Бид их олон үйлдлийн дунд төөрөлдөж орхижээ. Анхны Ерөнхийлэгч П.Очирбат Дорнодын талаас оргилсон нефьтийн дээжээс дээлээ мялаан "Азийн Бар улс болно" гэж тунхаглаж байсан мөчөөс, удаах Ерөнхийлэгчид болох Н.Багабанди, Н.Энхбаяр нар сайн муу бүхнийг амсаж эдлэх хүртэл хугацаа, одоогийн Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж "Авилгалтай тэмцэж, Монголын төрийг цэвэрлэнэ" хэмээн гал цогтойгоор мэдэгдэх хүртэл 26 жилийг бид сэтгэл дотроо итгэл найдвар тээн тэвчээртэй хүлээжээ.
Тэртээх он жилүүдэд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн өөрийн шадар сайд асан Да.Ганболд, Дорлигжав нарын хамт "Өмч хувьчлал"-ыг будилаантуулан, өнөөгийн олигархууд төрж үржих хөрсийг бий болгочихоод, өдгөө ч ажиг үгүй "сургааль" айлдан номлох хүртэлх амаргүй цаг үеийг хамтдаа тууллаа. Олон олон хүмүүс тэдний сайн мууг ялгаж тунгааж чадахгүй байнаа.
Яагаад? гэвэл бид өөрсдөө сэтгэлгээний хямралд өртөж орхижээ.
Бид бусдад бүү хэл, өөртөө ч итгэхээ больжээ. Нийгмийн эерэг өөрчлөлтөд хардангүй хандаж, бусдын төлөө сайн үйлс бүтээж байгаа болгонд "энэ яах гэж үүнийг хийж байгаа бол?" хэмээн хардан бодож, хийж бүтээж болгоны ард "хэний захиалгатай бол?" гэж түгшин, хэн нэгэн магтагдаж шагнуулах дор "хэлээгүй юу? энэ хүн шагнагдах гэж л үүнийг хийсэн юм шүү дээ" хэмээн "хар хошуулж", өөдрөг сайхан бүхнийг заавал харлуулан сэтгэж, өнгө гэрэл бүхнийг хар бараанаар олж хардаг гажиг сэтгэхүйд дасч орхижээ.
Даанч гунигтай. Бид олон зүйлийг шүүмжилдэг хэрнээ цагаа тулахаар олигархиудад "зусардан" саналаа өгдөг. "Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг" гэдэг шиг дор бүрнээ өчүүхэн ашгаа хичээж , бусдын эрх ашгийг нулимж хаяж чадна. Гэхдээ үүнээс та ч хождоггүй, өрөөл бусад ч хождоггүй. Өөрөө хохирч эхлэхдээ гэнэт ухаарч, намгийн мэлхий шиг гэнэт вааглана.
Харамсалтай нь тэр дуу тань нөгөө эрэгт бүү хэл намгандаа ч сонсогдоггүй. Тэгээд л новшнуудад Төрөө атгуулчихаад өөрөө тэртээ алсаас сөөнгөө хоолойгоор шивнэн үглэх. Хэн ч таныг сонсохгүй, хэн ч таныг тоохгүй, хэн байсныг тань тэд мартаж орхиод яравгар инээмсэглэдэг. Тэр мөчид чи өөрийнхөө хэн байсныг, хэн байж болохыг гунигтайяа эргэцүүлнэ. Бас дотоод сэтгэлдээ орилон хашгирна, гэвч хэн ч таныг сонсохгүй. Бид өөрсдөө өөдгүй болохоор үүнийг тайлбарлаж бас зөвтгөж үл чадна.
Бид алив үйлдлийн буруугаа өөрөөсөө бус бусдаас хайсаар дасчээ. Өөрөө хэзээ ч буруугүй, өөрийгөө зөвтгөх түмэн шалтгийг бид олж чаддаг. Бусдыг буруутгах буман шалтгийг ч бид олж чадна. Гэхдээ...Чи энэ ертөнцөд ирсэн цор ганцхан бодьгал болохоор чиний өмнөөс хэн ч шийдвэр гаргадаггүй, чиний өмнөөс хэн ч зөв тайлбарладаггүй, чиний өмнөөс хэн ч буруугаа хүлээдэггүй.
Чи бусдыг буруутгаад сэтгэл тань ханадаг хэрнээ өөрийгөө буруутгаад шөнөжингөө нойроо хугаслан шаналж, дэрэн дээрээ эргээн хөрвөөж, өглөө улаан нүдэлж босдоггүй бол монгол хүн байгаад яах юм бэ? Сэтгэл тань сэмэрч, юунд ч юм бэ? шаналж, өөрөө ч мэдэлгүй бухимдан уцаарлаж, хайртай хүнээ өөртөө ч ойртуулалгүй цааш нь түлхэж, хөнжилдөө ороод сэтгэлдээ уртаар санаа алдахгүй юм бол, монгол хүн байгаад яах ч юм билээ. Товчхондоо сэтгэл тань хямарч байгаа нь тэр. Би энэ нийгмийн бусармаг бүхний шалтгааныг хайхдаа өөрийгөө л буруутгадаг.
Би гадаадад сайхан амьдрахдаа та нарыг мартдаг бол, уучлаарай. Би өөрийгөө "монгол хүн" гэж мэдрэх тэр л мэдрэмж үүнийг бичихэд хөтөлдөг юм шүү дээ. Бид өөрсдийгөө зөвтгөх, бас буруутгах түмэн шалтгийн нэг нь энэ бичлэг юм шүү дээ. Монголчууд бид эдийн засгийн хямралд өртөөгүй, бид өөрсдөө сэтгэлгээний хямралд өртжээ. Шалтгаан нь бид өөрсдөө, өөр хэн ч биш. Бид өөрсдөө ухаарч үүнийг давна, биднээс өөр хэн ч биш.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2016-10-03
Зочин · 2016/10/04
okay