Ардчилсан нам сонгуульд ялагдсанаар энэ намын алдаа оноог шүүн хэлэлцэж, шинэчлэл хийх уур амьсгал нийгэмд хүчтэй өрнөж байгаа билээ.

Тэгвэл үүний хажуугаар намаа шинэчилж, буруу гарын удирдлагуудаасаа салахыг оролдож байгаа хөдөлгөөний араар энэ намыг хазайсан дээр нь нэгмөсөн булшлахыг хүсэгчид ч оодорч буй бололтой. Ямар ч улс төрийн үйл явц ардаа автортой байдгийн жишээгээр АН руу ирж байгаа намын дотоод дахь дайралт довтолгоон, хатгаас бүр гаднаасаа захиалгатай, далд эзэнтэй л байх болно . Нийгэмд хэн нь жинхэнэ шинэчлэгчид, хэн нь сүүдрийн тоглогч, дүр эсгэгчид болохыг ялгаж чадахгүй, зөвхөн цаг хугацаа л харуулах болно.
Ардчилсан хувьсгалын бэлгэ тэмдэг шахуу болсон Э.Бат-Үүлийг ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн гол кандидат гэх утгаар нь бүүрлэж байх шиг байна, хажуугаар нь Ардчилсан намыг тараах хэрэгтэй, шинэ нам байгуулъя л гэнэ, Үндэсний Зөвлөлдөх хороо (ҮЗХ)-г тараа л гэнэ, иймэрхүү шаардлагыг намын идэвхтэн Д.Сосорбарам нараас өгсүүлээд олон хүн тавих болж. ҮЗХ-нд фракциудын гар хөл дүүртэл шургалсан нь үнэн л дээ. Тарааж ч болно, түүн шиг амархан зүйл үгүй. Засгийн бүрэн эрхийг шат шатны сонгуулийн ялалтаар анх удаа авсан хэрнээ хоорондоо таарч тохирдоггүй айл шиг хэдэн лидерүүд нь уралцсаар намынхаа нэр хүндийг унагаж, төр барьсан, хийж бүтээсэн бүхнийхээ үнэ цэнийг унагасан нь яах аргагүй буруу. Намын удирдлагын бурууг хаацайлах аргагүй.
Гэхдээ нөгөө талд Ардчилсан нам руу ингэж их довтлох үзэгдэл нийгэмд газар авах нь улс үндэстнийхээ бэлгэдэл рүүгээ дайрч байгаатай л адил үзэгдэл юм. Лав л Монголын ардчиллын баталгаа нэг хүний өмчийн нам болох МАХН биш, С.Оюуны тоглоомын нам ч биш, том дуугарч байгуулагдсан ч олны нүдэн дээр тарж бутарсан ХҮН лав биш. Сайнтай ч муутай ч Ардчилсан нам нь өөрөө Монголын ардчиллын үнэ цэнэ юм. Удирдлагад байгаа хүмүүсийнх нь алдааг эндээс тусад нь авч үзэх хэрэгтэй гэдгийг дахин давтая. Ардчилсан нам сонгуульд ялж л байдаг, ялагдаж л байдаг, алдаж онож байдаг, гэвч энэ нам Монголын Ардчиллын баталгаа, дархлаа юм.
Гэтэл нөгөө талдаа 100-150 мянган гишүүнтэй гэдэг, (статистик нь эргэлзээтэй байж болно) энэ том намыг тарааж бутаргах уриалгын ард хэний хатгаас явна вэ. Илт намдаа хөндий сэтгэлээр ханддаг болсон гэх Ерөнхийлөгчийн хатгаас уу, Ардын намынх уу. Хэрэвзээ энэ байдал давамгайлж газар авбал нэг намын тогтолцоог зөгнөх аюултай. АН тарж бутраад алга болвол ОХУ-д Нэгдсэн Орос хэмээх ганц нам давамгайлж тоглоомын шахуу сонгууль хийдэг шиг л дүр зураг Монголын ирээдүйд гарч ирнэ. Ийм л тогтолцоо руу МАН түлхээд байна уу, хэн түлхээд байна вэ? Авлигачид, луйварчидтай тооцоо бодоё гэх хувьсгалч уриа их гоё сонсогдох боловч ард нь иймэрхүү асуудал явбал тун ч осолтой. Нийгмийн сэтгэл зүй дээр тоглолт хийж муу бүхний үүр уурхайгаар АН-ыг нэрлээд эцсийн дүндээ Монголд олон намын тогтолцоог устгах, магадгүй ганц хүний буюу Ерөнхийлөгчийн засаглал бүрдүүлэх осолтой алхам хийхийг үгүйсгэх аргагүй.