Хүү, бэр хоёрынхоо хөлийг “тушсан” тагнуулч аавын паян үзэгчдэд хүрлээ
2013/10/16
Гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү өнгөрсөн зуны турш зэхсэн дэлгэцийн шинэ уран бүтээлээ өчигдөрхөн өлгийдөж авлаа. Тэрбээр энэ удаад хошин урлагийн нэрт жүжигчдийг хүүхдүүдийнх нь хамт дэлгэцийн бүтээлд урьсан бөгөөд “Тагнуулч аав” киноны продюссерээр ажиллаж, гол дүрд нь тоглосон юм.
Харин уг киноны ерөнхий найруулагчаар “Go” студийн захирал Д.Галбаяр ажилласан бөгөөд гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү болон түүний охин Х.Намуун, гавьяат жүжигчин И.Одончимэг болон түүний охин З.Номундарь, Соёлын тэргүүний ажилтан П.Эрдэнэзаан болон түүний хүү Э.Энэрэл, жүжигчин Д.Бямбацогт болон түүний хүү Б.Балжинням, жүжигчин О.Бат-Өлзий болон түүний хүү Б.Тамир нараас гадна “ТВ- Коктейл” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, “Акапелла” хамтлагийн дуучин Э.Мөнхтөр нар тогложээ.
Элэг хөшмөөр инээдтэй үйл явдал, сонирхолтой зураглалаар дүүрэн өрнөх “Тагнуулч аав” кинонд хүний амьдралын баяр гуниг, хайр дурлал, хагацал шаналан хийгээд ариун нандин сэтгэлийн холбоог маш гайхалтайгаар дүрслэн харуулжээ.
...Компанийн захирал болох өндөр боловсролтой царайлаг залуу, мөн гадаадад төрж өссөн гэх түүний гэргий амьдралын их сонин зуршилтай улс. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хайр халамж, бие биеэ ойлгож уучлах, хардаж харамлах сэтгэл гээчийг ер мэдэрч амжаагүй явсаар даруй таван жилийн нүүрийг үзсэн залуу хос нэг л өдөр салах шийдвэр гаргажээ. Харин энэ бүхэнд захирал залуугийн аав ихэд шаналж, тэднийг хэрхэн эвлэрүүлэх арга сүвэгчлэн явсаар хамаг бүхэн нь дампуурч, хаалгаа барих дээрээ тулаад байсан хэдэн охид залуус дээр очно. Ингээд л тагнуулч аавын содон төлөвлөгөө, бүтэлгүй залуусын будилаан, залуу хосын амьдрал санаанд оромгүй байдлаар өрнөж, урьд нь хэзээ ч төсөөлж байгаагүй цоо шинэ өнгө төрх, сонирхолтой үйл явдал ар араасаа ундрах нь тэр. Өндөг зарж, нам байгуулж үзээд ч тусыг эс олсон бүтэл муутайхан нөхөд болон өөр өөрсдийнхөө амьдралын хэв маягийг эвдэж чадалгүй хайр сэтгэлээ “хар хайрцаг”-т хийгээд түгжчихсэн залуу хос, тэднийг эвлэрүүлэхийн тулд үхэхээс бусдыг хийж үзэхэд бэлэн байгаа хөөрхий аавын хөгжилтэй паян яаж үргэлжлэхийг та бүхэн “Өргөө” кинотеатрын дэлгэцнээ гарч буй “Тагнуулч аав” киноноос үзээрэй.
Монголын кино урлагт өөрийн гэсэн байр суурийг хэдийн бий болгосон гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү өчигдөр болсон киноныхоо нээлтийн үеэр “Сэтгэл минь ихэд догдолж байна. Миний хувьд, өнөө цагийн охид залуусын сэтгэлгээ болон амьдралын хэв маяг төдийгүй гэр бүлийн үнэ цэнэ гэдэг ямар чухал болохыг энэ киногоороо харуулахыг зорьсон юм. Үзэгч олонд маань таалагдах нь лавтай биз ээ. Киноны уран бүтээлчид болон түүний хүүхдүүд ямар чадварлаг, басхүү ирээдүйтэй жүжигчид болохыг та бүхэн эндээс харж болно” хэмээн бардам өгүүлсэн. Харин түүний охин Х.Намуун “Сэтгэл минь үнэхээр их догдолж байна. Мэргэжлийн жүжигчин биш учраас өөрийгөө сайн тоглосон гэж хэлж чадахгүй нь. Гэхдээ аавтайгаа хамт анх удаа кинонд тоглосон минь амьдралын хамгийн баяр жаргал, басхүү дурсгалтай үйл явдал боллоо. Бусад жүжигчид маань ч гэсэн, миний энэ бодлыг дэмжих биз ээ. Харин надад ахиад өөр кинонд тоглох бодол одоохондоо алга. Кинонд тоглох ямар хэцүү ажил болох, мөн аав минь хэрхэн хөдөлмөрлөж явдгийг эндээс л мэдэрлээ. Өнгөрсөн хугацаанд аавынхаа нүүрийг харж байгаа “Баярлалаа” гэж хэлж байгаагүй юм байна. Намайг өдий зэрэгт хүртэл минь өсгөж хүмүүжүүлэн, бусдын хүүхдүүдээс ганц ч юмаар дутаалгүй аз жаргалтай амьдралд хөл тавихад минь тусалсан аавдаа баярлалаа” гэж хоолой зангируулан ярилаа. УДЭТ-ын залуу жүжигчин Б.Тамир энэ тухайд “Аавтайгаа хамт кинонд тоглосон минь асар их дурсамж, баярт мөч байлаа” гэж сонирхуулсан бол, жүжигчин П.Эрдэнэзааны хүү Э.Энэрэл “Аавыг энэ кинонд хамт тоглоё гэж ятгах үед татгалзаж чадаагүй. Үнэхээр сайхан санагдаж байна шүү. Киноны нээлтийн өдөр ойртох тусам сэтгэл догдлоод бүр тогтож сууж чадахаа больсон” хэмээн хөгжилдсөн. Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогтын хүү Б.Балжинням “Аав минь олон сайхан дүрээрээ үзэгч түмэндээ танил болсон сайн уран бүтээлч. Энэ ч утгаараа, миний хувьд аавынхаа нэрийг өргөж өөрийн чадах чинээгээр тоглохыг хичээлээ” хэмээн тун даруухан өгүүлнэ лээ. Үнэхээр тэд урлагийн ертөнцөд хэдийнэ танигдсан чадварлаг жүжигчдийн хүүхдүүд гэсэндээ өөр өөрсдийн дүрийг тун сайн гаргасан байна лээ. Тус киноны нээлтэнд Монголын кино урлагийн шилдгүүд хуран чуулсан бөгөөд олны танил хүмүүс, урлаг соёлын одод ч мөн хүрэлцэн иржээ. Хүү, бэр хоёрынхоо хөлийг “тушсан” тагнуулч аавын бүтэлгүй паянг “Өргөө” кинотеатрын дэлгэцнээ өдөр бүр гарч байгаа “Тагнуулч аав” киноноос хэн бүхэн сонирхох боломжтой шүү.
Р.Мөнгөн
Зочин · 2013/10/27
Их сайхан кино болсон юм шиг харагдаад байгаа м даа. Үзнээ. Ямар ч байсан амжилт хүсье дээ.
Зочин · 2013/10/17
ene kinog uzlee. mash ih taalagdlaa. ta nart bugded ni amjilt husie