Улс төрчид зохиогчийн эрхийг нь булаацалдаж байсан нэг хуулийн төсөл бол “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийн төсөл байв. Энэ долоо хоногоос 7000 гаруй гэр бүлийг хоолны мөнгөө хөөх боломжоор хангаж байсан хүүхэд харах үйлчилгээг зогсоох талаар салбарын сайд нар шийдвэрээ гаргажээ. Үүнийгээ албажуулж одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа хүүхэд харах төвүүдэд үйл ажиллагаагаа зогсоо гэсэн шаардлага хүргүүлчихэж.

Улсын болон хувийн цэцэрлэгийн орон тоонд багтаж чадаагүй хүүхдүүд энэхүү хуулийн төсөл батлагдсанаар нэг төрлийн цэцэрлэгт явах боломж нээгдээд байсныг бухимдан нурших байна.

Цэнхэр дээлээ өмсөж цэцэрлэгтээ явах боломжгүй хүүхдүүдэд хувийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгэний төв гэсэн хоёр сонголт үлдээд байлаа. Хувийн цэцэрлэгийн сарын төлбөр 250 орчим мянган төгрөг бол хүүхэд харах төвийн сарын төлбөр 70 мянган төгрөг. Ядарсан иргэдэд том зөрүү ба хүүхдээ гэртээ түгжилгүй тайван ажил олж хийх боломж байсан.

2015 оны байдлаар хүүхэд харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа нийт 31 мянга 413 эцэг, эх, асран хамгаалагч гэртээ зүгээрийг хийж орлогогүй ажилгүй байлаа. Нөгөө талд хүүхэд харах төв нь өөрөө ажлын байр бий болгож эхэлсэн байсан. Ойролцоогоор 15000-30000 иргэн байнгын ажлын байртай болох урьдчилсан тооцоог хууль санаачлагчид хэлдэг байв. Энэ бүх тооцоолол эерэг тусгалыг Шинэ засгийн газрын ямар гээч хүчтэй чөтгөрийн тоо мэдээлэл нам дарж чадав.

Орлого олж байхад цалингаасаа жаахан тануулах дүүрч гээд олон нийт тэсээд байж болно. Ажил хөөж цалин орлоготой болгох боломжийг нь шууд хаасан ийм шийдвэрүүдийг энэ засаг ямар зоригтой гэнэтийн гаргаж байнаа.

Багамын арлуудад байгаа нэг офшорчныхоо мөнгийг татаад ирэхэд бүх хүүхэд цэцэрлэгтээ болчихоор их мөнгө, боломж улс төрчдөд л байна. Нэг хүүхэд харах төв хаагдахад хэдэн өрхийн гишүүд ажил хийх боломжоо хаалгаж байгаа вэ. Хүүхэд харах үйлчилгээг хаасан гол тайлбар учирлал өнөөх л төсвийн хүндрэл гэдэг уяатай тайлбартай хамт ирэх байх. Бяцхан үрс хүртэл энэ хямралыг хуваалцаж гэртээ ганцаараа суух ямар учиртай нийгэмд бид хүрч ирэв гэж бухимдахаас өөр аргагүй.

Ийм шийдвэрийг засгийн газрын мөрийн хөтөлбөр бодлоготой үл уялдуулан хэн нэг сайд дарга ганцаараа дур мэдэн гаргасан бол шууд огцруулахыг ажлын байрнаас гэртээ дуудагдсан эцэг эхчүүд шаардах эрхтэй.

Энэ асуудлыг зохицуулсан хуулийг хэрэгжүүлэхийн тулд дүрэм, журам, стандарт зэргийг боловсронгуй болгох сайжруулах шаардлага байхыг туйлшран үгүйсгэх гэсэнгүй. Шууд зогсоож байгаад одоогоор ямар нэг албан ёсны тайлбар алга. Боловсролын дэд сайд нь багш нарын баярын сюрприз бариагүй бол энэ нь ажилгүй эцэг эхчүүдэд үнэхээр хортой шийдвэр.

Анх хуулийн төсөл батлагдахад нэг хүүхдэд 16900 төгрөгийн хувьсах зардал олгохоор болсон байдаг. Нийтдээ 10,8 тэрбум төгрөг төсөвлөсөн нь найман тэрбум болон буурч ирсэн. Энэ мөнгө одоо мэргэжлийн засгийн газрын өлөн нүдээр бас л хэмнэх мөнгө болчихоод байгаа бололтой.

Хүүхэд харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа нийт 31 мянга 413 эцэг эхчүүдийг одоо яаж амьдар гэж байна? Яамныхаа ажилчдад зориулсан шуурхай босгосон “тусгай” цэцэрлэгт чинь хүүхдээ орхих уу? Танай гэрт үлдээсэн ч яахав. Аав ээжүүд ажил хиймээр байна. Мэргэжлийн сайд нар аа.

 

Б.ИХЭР

www.bataar.mn