Битбоксчин Баачка: Нас ахиад ирвэл хөөмийчин болно
2016/10/11
Уншигч та бүхэнд Монголдоо цорын ганц 100 хувь битбокс хамтлаг болох Royal Beat Crew хамтлагийн ахлагч Баачка /Баярмөнх/-ийн ярилцлагыг хүргэж байна.
Сайн байна уу? Энэ жил уран бүтээлийн хувьд хэр ургац арвинтай жил болж байна?
Сайн, сайн байна уу? Энэ жил их сайхан үр өгөөжтэй жил болж байна. Учир нь хамтлагаараа “No instrumental” хэмээх Double CD-гээ гаргаж, BREAK IT DOWN клипээ цацаж, S4 хамтлаг болон дуучин Сэрчмаатай хамтран зүүн өмнөд Азийн орнуудаар аялан тоглолт хийгээд ирсэн байгаа.
Өөрөө Монголын олонд танигдсан цөөн хэдэн битбоксчын нэг. Хэзээнээс, яагаад энэхүү урлагийг сонирхож, хичээллэх болов?
Би битбокс сонирхож хичээллэж эхлээд 14 жил болж байна. Тэр үед МҮОНРТ-ээр “Цагдаагийн академи” гэдэг олон ангит кино гардаг байсан. Тэр кинонд тоглодог Micheal Winslow гээд кинонд дуу оруулагч, битбоксчин байдаг. Тэр хүний битбокс хийхийг хараад л энэ урлагийг сонирхож эхэлсэн. Тэгээд арван жилд байхаасаа л ижилхэн сонирхолтой хүүхдүүдтэй хамт битбокс хийсээр байгаад сайжирсан даа.
Бага насныхаа талаар ярихгүй юу? Ямар хүүхэд байсан бэ?
Би 19-ээр хороололд төрж өссөн. Аав, ээж 2 маань Сэлэнгэ аймагт байдаг. Би багаасаа өвөө, эмээ дээрээ өссөн. Өвөө, эмээгийн хүүхэд. Харин зуны амралтаараа байнга Сэлэнгэ явж амардаг байсан. Бас Найрамдал болон Гүн нуур зуслангуудад байнга явна. Зуслан дээр байхдаа янз бүрийн амьтан, хүүхэлдэйн баатруудыг дууриаж дугардаг, нохой шиг хуцаж эгч нарыг айлгадаг байлаа. Бас архи, тамхи хэрэглэдэггүй, охидууд эргүүлдэггүй, хичээлээ хийгээд л явдаг их даруухан хүүхэд байсан.
Хэр сурлагатай хүүхэд байсан бэ?
Ер нь бол нэг хэсэг дампуурах шахсан. Тэгээд сургалтанд яваад сайжирч, тавдугаар ангиасаа онц сурч эхэлсэн дээ. Математик, геометр, физик зэрэг тооны холбогдолтой хичээлүүддээ маш сайн, дээр нь сонирхолтой байсан.
Дулааны инжинер мэргэжилтэй гэсэн. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?
Арван жилээ төгсөөд ШУТИС-ын Эрчим Хүчний Инжинерийн Сургуулийн “Дулааны процессийн автоматжуулалт”-ын ангид элсэн орсон. Энэ мэргэжлийг сонгоход өвөө маань их нөлөөлсөн л дөө. Манай өвөө бас л энэ чиглэлийн мэргэжилтэй, “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ХХК-д ажилладаг байсан. Би ч гэсэн их сургуулиа төгсөөд энэ компанид ажиллаж байгаад уран бүтээлдээ илүү их цаг зав гаргахыг хүссэн учраас ажлаасаа гарсан.
Таны хамгийн дургүй зүйл юу вэ?
Эр хүн шиг байж чаддаггүй эрэгтэйчүүдэд хамгийн дургүй.
Спортоор хичээллэдэг үү?
Ширээний теннист дуртай. Бас муугүй тоглочихдог. Арван жилд байхдаа байнга тэмцээнд оролцож, аварга болдог байлаа. Бас сагс тоглох их дуртай. Сүүлийн үед бол спортоор хичээллэж амжихгүй байгаа болохоор эрүүл мэндээ бодож заримдаа машинаа тавиад дугуй унаж байгаа.
Танд ямар нэг цуглуулга бий юу?
Төрөл бүрийн битбоксын тоног төхөөрөмжүүдийг цуглуулах дуртай.
Авъяасаа хэрхэн хөгжүүлдэг вэ?
Интернетээс бичлэг үзэж, дагаж дууриаж суралцдаг, мөн сүүлийн үед хөөмийгөөр хичээллэж байгаа.
Гэр бүлийнхэн чинь хэр дэмждэг вэ?
Ер нь бол дэмждэггүй. Эхэндээ бүр эсэргүүцдэг байсан. Гэрт гахай, нохой шиг дугарлаа, ядаргаатай юм гээд л. Харин уран бүтээл гаргаад ирэхээр ойлгож эхэлж л байна.
Баримтладаг зарчим, хэлэх дуртай үг?
Баримтладаг зарчим гэхээсээ илүүтэй эерэг инергитэй, бусдад туслах сэтгэлтэй, үнэнч шударга, хөдөлмөрч, ер нь зөв амьдрахыг хүсдэг. Бас “Өөртөө тусладаг хүнд бурхан тусладаг” гэдэг үгэнд их дуртай.
Таны хамгийн ойрын зорилго?
Ойрын хугацаанд хамтлагаараа ямар ч хөмжимгүй тайлан тоглолт хийхээр төлөвлөөд байна. Бас гаргасан байгаа битбокс дуунуудаа бүгдийг нь клипжүүлнэ гэсэн зорилготой байна.
Гадаадын ч юм уу өөр уран бүтээлчийн бүтээлийг коверлож байсан уу?
Хамтлагаараа “Гадаад хит микс” гэж гаргасан. Мөн Монголынхоо хит болж байсан дуунуудаас ч коверлож байсан.
Одоогийн байдлаар клипжүүлсэн хэдэн уран бүтээлтэй вэ?
S4 хамтлагтай хамтарч долоон клип гаргаж байсан. Харин Royal Beat Crew хамтлагаараа найман клип гаргаад байна.
Урлагт орсноор амьдралд чинь гарсан өөрчлөлт?
Хамгийн гол нь энэ миний хүсэл, мөрөөдөл учраас амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байж чаддаг. Үүнээс гадна олны танил болоод ирэхээр зарим үед үг, үйлдлээ хүртэл хянах шаардлагатай болдог юм байна. Мөн бусдад буруу үлгэр дууриалал болчихгүй юмсан гэж хичээдэг дээ.
Шинэ залуу уран бүтээлчдийг хараад байхад биеэ тоогоод, их зантай болох үзэгдэл ажиглагдаад байдаг. Таны хувьд тийм байдал гаргаж байв уу? Тэр талаар таны бодол?
Ер нь хүмүүс оддын өвчин гэж яридаг шүү дээ. Тэрийг урлагийн хүн бүр тойрч биш дайраад гардаг гэж сонсож байсан. Миний хувьд аль болох хэтэрхий их хамраа сөхөж, их зан суучихгүй юмсан гэж аль болох хичээсээр ирсэн.
Таны бодлоор энэ урлагийг Монголд анх ямар хүн дэлгэрүүлсэн гэж боддог вэ?
DJ Амайг гэж боддог. Намайг бага байхад DJ хийж байхдаа электро хөгжмийг амаараа дугараад байдаг байсан нь энэ урлагийг хөгжүүлэх эхлэл болсон гэж бодож явдаг.
Хамгийн их хүндэлдэг, үлгэр дуурайлал авдаг хүн чинь хэн бэ?
УИХ-ын гишүүн Учрал ах маань байна. Тэр хүн Монголын урлагт ч хувь нэмрээ оруулж байсан. Одоо ч гэсэн урлагаа дэмждэг, улс төрд ард иргэдийнхээ дуу хоолой болж яваа мундаг хүн.
Нас ахиад ирэхээрээ хөөмийлж, Монголынхоо энэ сайхан язгуур урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж боддог.
Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
Одоогоор Портал энтертайнмент болон Хас медиатай хамтран ажиллаж эхлээд байна. Мөн Монголдоо акабелла битбокс болон 100 хувь битбокс хамтлаг гэж юу байдаг вэ гэдгийг таниулахыг хүсч түүнийхээ төлөө хичээн хөдөлмөрлөж байна. Бас дээр хэлсэнчлэн хамтлагаараа “No instrumental” хэмээх Double CD гаргаж, BREAK IT DOWN клипээ цацаж, S4 хамтлаг болон дуучин Сэрчмаатай хамтран зүүн өмнөд Азийн орнуудаар аялан тоглолт хийгээд ирсэн. Мөн хамтлагаасаа гадна “Олон улсын хөөмийн холбоо”-нд харьяалагддаг байгаа. Энэ холбоонд хөөмийчидтэй хамтран хөөмий болон битбоксын сургалт явуулдаг болсон.
Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсэе.
Баярлалаа. Танай хамт олонд ч бас ажлын амжилт хүсэе.
Зочин · 2016/10/11
cool