Улс орны эдийн засаг туйлдаа хүрч ард иргэд элгээрээ мөлхөж байгаа энэ цагт тэтгэврийн зээл, хэрэглээний зээлийг түргэн шуурхай олгож байна хэмээн өөрсдийгөө сурталчлах “Хаан банк” иргэдээс хэрхэн мөнгөний тухай мөлжлөг хийх овжин аргыг бодож олжээ.

 

Хаан банкны хэрэглэгч та өөрийн дансанд буй мөнгөнөөс 5000 төгрөг эсвэл түүнээс дээш мөнгө авсан тохиолдолд “теллерээс авсан бэлэн зарлага” нэрийдлээр таниас 300 төгрөг нэмж авч байхаар болжээ.

Бичээч миний бие өөрөө “Хаан банк”ны хэрэглэгч бөгөөд уржигдар дансанд байсан мөнгөнөөсөө 10000 төгрөг автал “бэлэн зарлага” нэрээр 300 төгрөг хасагдсан юм. Хэрэглэгч бид өмнө нь иймэрхүү жижиг хэрнээ хувийн эдийн засагт нөлөөлөхүйц шимэгч үйлчилгээг анзаардаггүй байж. Угтаа бол би гэдэг хүн тухайн банкны хэрэглэгч бөгөөд мөнгөө хадгалуулсныхаа хариуд хүү тооцуулж авдаг, харин “Хаан банк” миний мөнгийг надад өгч буй хадгаламжийн хүүнээс өндөр хүүтэйгээр өөр нэгэн хүнд зээлүүлдэг шүү дээ. Гэтэл хааяахан очоод данснаасаа мөнгө авахад 10000 төгрөг гаргаж өгснийхөө хариуд 300 төгрөг авч буй нь үнэхэрээ шударга бус санагдлаа.

Энэхүү сонин үйлчилгээг өмнө нь байсан эсэхийг асууж лавлатал урьд нь 150-200 төгрөг авдаг байсан аж. Би ч анзаараагүй явж үүнийг, Хаан банкны оочер дараалал ямар билээ, тэрхүү оочерлон зогсож байгаа хүмүүсийн бараг 80 хувь нь данснаасаа мөнгө авах гэж буй хүмүүс байдаг. Гэтэл банк хэрэглэгчээ өөртөө татаж депозитоо зузаатгасны дараа хэрэглэгчид “шанаа” өгч буй мэт данснаас нь мөнгө гаргаж өгөхдөө мөнгө авдаг энэ сонин үйлчилгээг болимоор юм. За энэ гажиг үйлчилгээгээ халж чадахгүй юмаа гэхэд бэлэн мөнгө авсан тохиолдолд авдаг 300 төгрөгөө 100 төгрөг болгон хямдруулж ядруухан үйлчлүүлэгч бидэндээ бэлэг бариж болохгүй юмуу?

Хаан банк гэсэн өндөр сэнтийд заларсан нэртэй энэ банк үйлчлүүлэгчээ Хаан шиг хүндлэх биш үйлчлүүлэгчдээ хаан шиг дээрэлхүү тэднийгээ шулж олсон мөнгөөрөө өөрсдөө баяждаг овжин арга мэхийг хэрэгжүүлээд байна уу?

Тус банканд дансгүй монгол хүн байхгүй атал иймэрхүү ломбардынх шиг жижиг заль хэрэглэж байж үйлчлүүлэгчдээ үргээх вий дээ

Бичээч би маргаашийн дугаарт “Хаан банк”ны өөр нэгэн шимэгч үйлчилгээг нийтлэх болно.

Үргэлжлэл бий…

О.Анирзун

Эх сурвалж: amjilt.com