Өчигдөр АН-ын ҮЗХ-ы гишүүн О.Магнай хэвлэлийн хурал хийлгэж, "МАН 100 хоногт" тайлан гэдэг бичиг баримт танилцуулав.  Хамаатан саднаа дарга болгодог жишгийг  Н.Алтанхуяг, С.Одонтуяа, С.Баярцогт, С.Эрдэнэ тэргүүтэй  АН-ынхан  УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа анхлан бий болгосон тул уг  тайлангийн үндсэн агуулга тийм ч шинэ содон бөгөөд сонирхолтой зүйл биш байсан юм.  
 
Харин тэрээр Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар бол Монголоор тоглосон хүмүүс, хариуцлага тооцох ёстой хэмээн хэлсэн нь олны анхаарлыг татаж байна. О.Магнай  АН дахь  "Шонхор" фракц гэгчийн гишүүн тул УИХ-ын 2016 оны сонгуульд АН-ыг ялагдуулсан З.Энхболдын талаар хатуу үг дуугарч чадахгүй.
 
Гэхдээ Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын толгойлсон Засгийн газарт хариуцлага тооцож буй тохиолдолд АН,  УИХ-ыг даргалж байсан З.Энхболдод хариуцлага тооцох нь зүй. Учир нь тэрээр УИХ-д олонхи байсан бүлгээ багцалж, бүхий л шийдвэрийг гаргуулж байсан нь үнэн.  Иймээс ч АН-ын жирийн гишүүд бол  З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт тэргүүтэнд  энэ тэнцүү хариуцлага тооцохыг  хүсч буй нь тодорхой.
 
Гэхдээ АН-ын жирийн гишүүдийн шүүмжлэл, хариуцлагаас бултахын тулд З.Энхболд өнгөрсөн засаглалын бүхий л буруугаа Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт тохохыг эрмэлзэх болжээ. 2016 оны 6 сарын 29-нд "Эрдэнэт үйлдвэрийн  49 хувь хувьчлагдсанд дургүй байгаа хүмүүсийг ойлгохгүй байна" хэмээж байсан З.Энхболд 10 сарын 5-нд  "Эрдэнэтийн 49%-г улсад авах эсэх асуудал ҮАБЗ-өөр хэлэлцэгдээгүй.
 
Оросын хувь Монголд ирсэн нь хууль зөрчсөн бол шийдэх эрх нь МАН-д байгаа." гэсэн тайлбар өгөх нь тэр. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг ганцхан  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг л шийдсэн шүү гэж "бухаж" буй хэрэг. Энэ мэт явган заль, тайлбараараа "уснаас хуурай" гарахыг оролдож буй ч З.Энхболдод хатуу хариуцлага тооцох ёстой гэсэн саналыг Нээлттэй Ардчилсан Нам-Шинэчлэлийн Хөдөлгөөний залуус тэргүүтэй олон гишүүд нь гаргаж байгаа билээ.
 
Эцсийн дүндээ энэ бүхний цаана АН-ыг Ц.Элбэгдоржийн баг удирдах уу? З.Энхболд, Н.Батбаяр, Х.Баттулга тэргүүтний баг удирдах уу? гэсэн тэмцэл байгаа нь нууц биш юм.
 
Э.Мягмар
sonin.mn