Э.Бат-Амгалан та баарныхаа тоог нэмэх гэж сонгуульд орж байна уу?
2016/10/12
Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга Э.Бат-Амгалан гэж нөхөрт намынх нь жирийн гишүүд тун ам муутай байдаг.
Ямартаа л тус намын хорооны VI бага хурлыг дахин хуралдуулах түр хорооны тэргүүн Х.Оюунбилэг гишүүдийн хамт мэдээлэл хийхдээ “Баянзүрх дүүргийн МАН-ын жирийн гишүүд бид Намын дүрэм журмаа уландаа гишгэсэн мөнгөтэй нэрээр дүүргийн намын хорооны удирдлагыг гартаа авсан ёс зүйгүй, балмад, хэт хумьсан бодлоготой, цөөн хэдэн хүний хувийн амбиц хөөсөн, жирийн намын гишүүдээ сонсдоггүй удирдлагуудтай байж чадахгүй” хэмээн бухимдлаа илэрхийлж байсан юм. Энэ бол хоёр жилийн өмнөх явдал. Тэр үед Э.Бат-Амгалан гэж нөхөр намын хорооны дэд даргаар ажиллаж байсан байдаг. Тэрчлэн намын гишүүд нь “Дүүргийн намын хороог Н.Баярмөнх, Э.Бат-Амгапан зэрэг баарны эзэд удирдаж, төлөөлж байгаа нь нийгмийн сэтгэл зүйд муугаар нөлөөлж байна. Дүүргийн намын хорооны дэд дарга Э.Бат-Амгалан нь нэг хороон дээр дөрвөн удаа нэр дэвшиж, өвдөг шороодсон учраас 2016 оны шат шатны том сонгуульд дүүргийг ялуулна гэдэгт намын гишүүд итгэлгүй байгаа” хэмээн хэлж байсан.
Тэгвэл хэдхэн хоногийн дараа болох орон нутгийн сонгуульд дүүргийн МАН-аа Э.Бат-Амгалан удирдан орж байна. Үнэндээ түүнд намынхан нь огт итгэдэггүй аж. Учир нь Э.Бат-Амгалан гэж нөхөр нам, хариуцлагатай албыг өөрийнхөө хувь эрх ашгийг гүйцэлдүүлэх хэрэгсэл төдий гэж хардагаа үйлдлээрээ батлан харуулаад хэдэн жил өнгөрчээ.
Баянзүрх дүүрэг дэх Сансарын баарнууд гэхээр нийслэлчүүд андахгүй байх. Тэгвэл дүүргийн намын хорооны дарга Э.Бат-Амгалангийн “Казино” гэхчлэн хэд хэдэн баарыг Сансарт байдаг гэдгийг иргэд нь андахгүй мэддэг юм билээ. Яаж иргэдээ тайван сайхан амьдруулах уу, яаж нэг айлыг ч гэсэн архи дарснаас хол байлгах уу гэдэгт санаа тавих л учиртай дүүргийн намын хорооны дарга нь ийнхүү баар, шоу цэнгээнээр мөнгө хийнгээ улстөрд шунан дурлаж яваад хэн хүнгүй зэвүүцэнгүй байгаа юм. Монголд баар цэнгээний газар ихдээд байгаа юу гэхээс цөөдөөгүй. Гэтэл төр түмний төлөө ажиллана гэж баахан мөрийн хөтөлбөр ярьж шат шатандаа эрх мэдэл горилж байгаа нөхдүүд үнэн хэрэгтээ бохир маягийн бизнестэй байх нь хэр зохистой вэ?
Ер нь баар ажиллуулж, баахан амьтныг архинд умбуулж, улмаар нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхэд хувь нэмрээ оруулна гэдэг төр түмний төлөө сэтгэлтэй гэх хүнээс гарах үйлдэл мөн үү. Үнэн хэрэгтээ Э.Бат-Амгалан гэж нөхөр эрх мэдэлд улам шунаж байгаагийн учиг шалтгаан нь өөрийнхөө баарны бизнесийг улам цэцэглүүлэхэд чиглээд байгаа юм биш биз дээ. Гурав дөрвөн баартай байгаад сэтгэл ханахгүй гуч дөчин баартай болох гэж шунаад яваа юм биш биз дээ. Тэгвэл ёстой уучлаарай. Түүн шиг нөхдүүдийг зүгээр улстөрөөс үлдэн хөөсөн нь дээр гэдгийг хатуухан хэлье.
Бас болоогүй, баар ажиллуулдаг дарга маань өөрөө их ууж согтуурхдаг бололтой юм. Түүний талаар өнгөрсөн сарын 19-ний өдөр согтуугаар машин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэх мэдээллийг chingis.mn, ulsturch.mn зэрэг сайтууд мэдээлсэн байгаа юм.
Уг мэдээллийн мөрөөр сэтгүүлч ЗТГХМШХ-ийн Хэрэг бүртгэх тасгийн дарга О.Баттөрөөс “Баянзүрх дүүргийн Ардын намын дарга Э.Бат-Амгалан согтуугаар машинаа жолоодож яваад хүн дайрч, гэмтээсэн тухай хүмүүс ярьж байна. Энэ хүн замын зөрчил гаргаж, хүн дайрсан нь үнэн юм уу. Гэмтэл авсан хүн нь Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа юу. Дайруулсан хүний талаар мэдээлэл өгөх боломжтой юу” гэж асуухад “Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан гэх хүн энэ сарын 19-ны өдөр зам, тээврийн осол гаргасны улмаас шалгагдаж байгаа. Гэхдээ хоёр машин мөргөлдсөн байгаа юм. Нөгөө талын зорчигч Туул гэх эмэгтэй бүртгэгдсэн. Энэ зөрчлийн дагуу Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, ахмад н.Бямбадорж шалгаж байна. Хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа учир эцсийн хариу гараагүй. Тиймээс нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгсөн байгаа юм.
Тэгэхээр Э.Бат-Амгалан гэж өдгөө цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа нөхөр дүүргийн намын хороогоо удирдаж сонгуульд орж байгаа аж. Түүний хувьд баарныхаа тоог нэмж, улам баяжих гэж л сонгуульд ороогүй бол, эсгий хийх газар нохой хэрэгггүй гэгчээр түүн шиг нөхдүүдээр улстөр дутаагүй байлтай.
Эх сурвалж: Шуурхай.мн
Зочин · 2016/10/12
baliar songogvhid ni medej bgaa blgui dee
anya · 2016/10/12