МАН амлалтаасаа ухарч, аж ахуйн нэгжүүдийг ялгаварлав уу?
2016/10/13
УИХ-ын намрын ээлжит чуулган энэ сарын 7-ны хуралдаанаараа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн.
Хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас, нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материал, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгасан юм. Хамрах хугацааг 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл байхаар заасан.
УИХ, Засгийн газар саяхан л найман төрлийн татварыг нэмэх төсөл оруулж ирж нийгмийг бухимдуулж байсан. Тэгвэл энэ удаа дөрвөн салбарт татвар хөнгөлөх тухай ярьж байна. Энэ өнцгөөс харвал сайн талтай. Гэхдээ сайн гэж сохроор итгэж болохгүй. Учир нь төр, засагт байгаа хүмүүс өөрсдөдөө, хувийн компанидаа зориулж хууль санаачилдаг, батлуулдаг, захиалдаг гажиг сүүлийн жилүүдэд зуршил болчихсон. Үүнийг дараа өгүүлж, хуулийн төсөл, УИХ-ын гишүүдийн чадварын тухай өмнө нь хэдэн зүйл хэлье. Ямартай ч энэ УИХ шинэлгээр сэтгэж, алсын хараатай ажиллаж байна уу гэдэгт тааруухан дүн авлаа.
Хуулийн төсөлд хүнсний үйлдвэрлэл, хувцас нэхмэл, барилгын материал, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл гэхчилэн хуучин салбараа л багтаажээ. Өөр салбар байхгүй юм шиг л сэтгэж. Үүнийгээ “...Өнгөрсөн жилүүдэд манай улсын эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байна. Иймээс бизнесийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай. Монгол Улсын нийт аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид юм.
Иймээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэдний татварын ачааллыг багасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгосноор эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой” хэмээн тайлбарлажээ. Байдаг л тайлбар. Түүнчлэн албан татвар төлөгчийн тайлант жилийн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлохоор хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх таатай нөхцөл бүрдэх болно. Үүгээр зогсохгүй шинээр бизнес эрхлэх явдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт нэмж татах нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзсэн байна.Ер нь бол хөгжлийг эрхэмлэж буй өнөө үед инновацийн салбар, мэдээлэл, технологи, техникийн дэвшил хаана, юу байна гээд харж болохоор. Гэтэл хуучин арга барилаар ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн толгой ажиллахгүй байна уу, мэдлэг боловсрол нь хүрэхгүй байна уу.
Нөгөө талаас хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, дөрвөн салбарыг хамруулсныг өрөөсгөл гэж үзэж, өргөжүүлэх саналыг зарим гишүүн хэлж байгаа юм билээ. Энэ үнэн. Бас УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН-ын сонгуулийн амлалт ч байна. Сонгуулиар бид аж ахуйн нэгжүүдийг ялгаварлахгүй бүгдийг нь дэмжинэ, татвар, түрээсийг хөнгөлнө гэсэн. Тэр нь санал авах тасалбар нь болсон. Тэгвэл өнөөдөр дөрөвхөн салбарыг хамруулахаар ярьж байгаа нь ялгаварласан явдал, амлалтаасаа буцсан ухралт.
Ингээд ярихаар зэрэг, дөрвөн салбар нь хязгаарлагдмал тул өргөжүүлье гэж хэлээд өөрийн компани, аж ахуйн нэгжүүдээ татварын хөнгөлөлт рүү оруулж ирэх гээд байгаа гишүүд бас байна. Тухайлбал, О.Батнасан гишүүн мод үржүүлэг, загасны аж ахуйн эрхэлдэг жижиг, дунд бизнес эрхлэгчдийг, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ж.Ганбаатар, Ц.Гарамжав, М.Билэгт нар худалдаа, үйлчилгээний салбарыг хуулийн төсөлд нэмж тусгах нь зүйтэй гэж байгаа. 76 гишүүний хэд нь хувийн компанитай, тэр нь ямар салбарынх болохыг ард түмэн мэдэж байгаа шүү дээ. Ард түмний төлөө сонгогдсоноо санаж, амлалтаа биелүүлж ажиллаасай, МАН-ынхан.
Ч.Зотол
IRGEN · 2016/10/13
MAN- IIIHAN MUUHAI HULHIDLAA DAAA AMLALTASAA BUTSAAD UUG NI ENIIG L HULEEJ BSIIMSAN.TEGSEN B OL AJ AHUINUD ORLOGOO NUUHGUI ILUU GARSAN MONGOOROO OR BUSSINEST HORONGO ORUULAAD YVAH BSIIM DAA.DAHIJ MAN-D ITGEHGUI.