Б.БАЯР

МАН-ын дарга нар эзгүй байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японд айлчилж байгаа бол УИХ-ын дарга М.Энхболд өнөө маргаашгүй Хятадыг зорих гэж байна.

М.Энхболдын айлчлал МАН-ын даргын хувиар эхлээд, УИХ-ын даргын хүрээнд үргэлжлэх гэнэ. Ийм айлчлал өмнө болж байсан эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан М.Энхболд даргын өмнөд хөрш дэх айлчлал нэлээд нүсэр болох нь.

Айлаар яривал Монгол Улсын авдар хоосон, маргаашийн хоолгүй тул дарга нар хөршийнх рүү уутаа өвөртлөөд морджээ, янз нь. Эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр эрх баригчид тун удахгүй “Стэнд бай” хөтөлбөрийн 1.5 тэрбум ам.доллар, мөн Хятадааас 4.2 тэрбум ам.долларын зээл оруулж ирэхээр  болоод байгаа гэнэ. Гэхдээ өнөөдөртөө нууцалж байгаа ажээ.

Уг нь Монголд мөнгө хэрэгтэй байгаа. Ирэх оны улсын төсвийн алдагдал нь 4.3 их наяд байна. Одоогоор 3.4 орчим их наядын алдагдалтай явж байгаа гэнэ. Ийм шалтгаанаар авах гэж буй 4.2 тэрбум ам.долларыг буцааж хэрхэн төлөх вэ гэдэг асуултад ямар ч хариулт алга. Бас хэрхэн зарцуулах гэж буй нь тодорхойгүй. Учир нь энэ талаар ганц ч үг, үсэг төсвийн төсөл дээр болон МАН-ын зүгээс оруулж ирсэн аливаа бичиг баримт дээр байхгүй гэнэ.

Харин Хятадаас авах 4.2 тэрбум ам.долларыг дагаж  Bank of China орж ирнэ гэх мэдээлэл нэлээд хүчтэй яригдаж байна. Гэтэл аливаа улсын үндэсний аюулгүй байдлын нэг нь эдийн засгийн аюулгүй байдал байдаг. Эдийн засгийн аюулгүй байдлаа алдсан улс орон үндэсний аюулгүй байдлаа алдсантай адилхан гэдэг. Хэрэв мөнгөний бодлогын бие даасан байдлаа аль нэг улсад алдчих юм бол ямар байдалд орж болох вэ, гэдгийг олон улс харуулж байна. Энэ ч яамай болоод байгаа бололтой. Эцсийн бүлэгт энэ их өрүүдийг хэн, яаж, юугаар төлөх вэ?

Гэтэл нэг ноцтой мэдээлэл яригдаж байна. Тэр нь МАН засаг авсны маргаашаас Тавантолгойг ашиглах гэрээг Хятадтай хийхээр ярьж, улмаар ажил хэрэг болоод эхэлсэн. Гэрээний дүн 50 тэрбум ам.доллар бөгөөд 60 жилийн хуга­цаанд графикийн дагуу Монголд орж ирнэ гэх. Хэрэв дээрх мэдээлэл үнэн бодитой бол МАН Монголын ирээдүйд том гай авчирч мэдэхээр болсон байна. Уг нь Оюутолгойг яаж ч чадалгүй чигийг нь харсан монголчууд бидэнд, бидний ирээдүйд Тавантолгойн орд жинхэнэ үүц болон үлдсэн.  Тэгсэн чинь МАН 4.2 тэрбум ам.долларын зээлийн оронд ч юм уу, аль эсвэл олон жил цувуулж авах 50 тэрбум ам.доллараар ч юм уу, Тавантолгой хэмээх “Монголын ирээдүй”-г урагш нь өгөхөөр болжээ. Юутай ч УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын Хятадад хийх айлчлалаар иймэрхүү “том мөнгө”-ний асуудал яригдана гэж байна.