Гэнэн зөнөгүүд
2016/10/14
Өнгөрөгч УИХ-ын ээлжит сонгуулийн уухайн дуу тасраагүй байхад Орон нутгийн сонгууль өгөх болчихож. Үнэнийг хэлэхэд үнэмлэхүй санал авсан нөхдийн ялалтын хундаган дахь дарс дундарч амжаагүй л байна. Ялагдсан нөхдийн нулимс ч хатаагүй байхад дараагийн сонгуультай золголоо.
Түүчээлэн буй эдгээр сонгуулийн дуу тасарч амжихгүй Ерөнхийлөгчийн сонгуультай золгох нь дамжиггүй. За энэ ч яахав, өөрөө өөртөө ялагдал авчирсан АН чухам хэзээ ухаан сууж төлөвших юм бэ. Алдаа оноо дүүрэн 26 жил гэдэг бага хугацаа биш. Эр хүний хувиар бол эр цэргийн алба хааж, сурч боловсроод, нийгэмд байр сууриа эзэлчихсэн байх нас санж.
Гэтэл АН төдийгүй ардчилсан хувьсгал үүсгэсэн нөхдүүд гэнэн хэвээрээ зөнөг залгажээ гэдгийг юунаас ч харж болно. “АН засаглаж чаддаггүй, МАН жагсаж чаддаггүй” гэдэг хэлц үг Монгол үгсийн санд өргөн дэлгэр болтлоо ард түмнээс үнэлгээ авсан нь санаандгүй хэрэг биш. АН өнгөрөгч 26 жилийн түүхэнд хоёр удаа засгийн эрхэнд гарч, хоёр ч удаа засагт хамтарч ажиллахдаа тэд зөвхөн эрх ашгийн төлөө ажилласан гэдэгт олон хүн эргэлзэж таарна. Бас зөвхөн улс орон, ард түмний төлөө байсан гэдэгт ч эргэлзэнэ. 2012 оны сонгуульд бага зэрэг илүүрхэсэн АН дотоодын зөрчлөө хамаг арддаа нэгэнт дэлгэж орхисон. Олон жил засгийн хашааны гадна “тарчилсан” хүмүүс баярлахдаа хамаг дэлгэчихсэн байх. Өнөөх “Хүргэн хүү” киноны Жамц баян “Дэмбэрэл юм үзээгүй юм болохоор баярлаж байна лээ” гэдэг шиг санхүүг нь самарчихсан хямрал дундах засаг аваад “мөнхийн” юм шиг галзуурсан даа. Угтан буй цагт сонгууль байгааг ч мартсан. Хамгийн том өрсөлдөгч МАН-аа мартаад, хүрээлэн буй түмэн олноосоо тасарч, фракц хоорондын дайн өрнүүлсээр 2016 онтой золгосон нь ялагдлын хамгийн том үндэс байв. Ерөөсөө Ардчилал нэртэй болохоос биш энэ намын үзэл баримтлал, бодлого баримжаа аль эрт алдагдсан гэдгийг олон зүйл нотолж байгааг нуршаад яахав.
Намаа хүнд хэцүү үед удирдаж, МАН-ыг засаглаж ахуй цагт хамтран ажиллаж 2012 оны сонгуульд дүүрэн биш ч ялалт авчирсан Н.Алтанхуягийнхаа Засгийн газрыг сүлбэлдэж байгаад унагаад авав. Намын дотоод зөрчил маш хүчтэй өрнөж байсныг зөвхөн үүгээр харж болно. Ингээд Ч.Сайханбилэг гэгч улаан бүчтэй үеийнхээ гэнэн сэтгэлгээнээс салаагүй эрээр засаг тэргүүлүүлсэн. Ёстой нэг самарсан даа. Ч.Сайханбилэг богино хугацаанд ажиллахдаа намдаа хүчтэй байгаа фракцийн эрх ашигт бүрэн дүүрэн нийцэж чадсан нь ялагдлын бас нэг том шалтгаан юм. Өөрийгөө шударга үнэний туйл хэмээн буруу ойлгон буруу өтөлж яваа З.Энхболд намын дарга болчихов. Үнэн хэрэгтээ Н.Алтанхуягтайгаа 2016 оны сонгуульд орсон бол хонин дундах тав гурван ямаа шиг ад шоо үзэгдэхгүй л байсан болов уу. Магадгүй хүчтэй сөрөг хүчин байхыг үгүйсгэхгүй. “Ядахад яр” гэгчээр АН-ын генсекээр ялагдаж хаширдаггүй Лоибын Эрхэмбаяр гэгч нэг наймаачин нөхөр ажилласан. Ажилласан төдийгүй сонгуульд намаа удирдан орсон болохоор АН хөрснөөс арчигдаагүй нь их юм гэж залбирах хэрэгтэй. Энэ бол ялагдлын бас нэгэн том үндэс.
Нөгөө талаас нийслэлд түүхэндээ анх удаа олонхи болсон АН Э.Бат-Үүл хэмээх “далан худалч”-аар хотыг удирдууллаа. Э.Бат-Үүлийн багт ямар хүмүүс ажиллах нь ойлгомжтой учраас энд илүү зүйл дурдаад яахав. Угаасаа саяхан болж өнгөрсөн сонгууль дүнг нь тавьчихсан шүү дээ. Э.Бат-Үүл талбай дээр трактор жагсааж байснаас хэзээ ч ажил хийж байгаагүй цагаан гартан шүү дээ. “Ганнам дүүрэг” энэ тэр бол ажил хийж үзээгүй хүний амнаас л гарах гоё ганган үг гэдгийг эрх биш гадарлаж байгаа биз дээ. Энэ бүх толхилцоон дунд АН-д байх хөрөнгөлөг этгээдүүдийн шуурга энэ намыг хэзээ эргэж эвлэхийг мэдэхгүйд хүргэсэн. “Женко” Х.Баттулга, “АПУ” Г.Батхүү нарын тэргүүн баячууд хөрөнгө чинээгээр далайлгаж, намаа авч чадахгүй юм гэхэд нөлөөлөлдөө байлгах гэсэн оролдлого нь бас нэгэн ялагдлын үндэс юм.
Үүнээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн АН-д өөрийнхөө байр суурийг өндөр хэвээр хадгалах гэсэн санаархал ч нөлөөлж таарна. Н.Энхбаяртай жишиж үзэхэд хэнд ч хэтийн нөлөөлөл хэрэгтэй биз дээ. Энэ мэт олон зүйлийг дурдаж болно. “Фортуна” Н.Батбаяр, С.Эрдэнэ гээд бүгд л буруу зүгийн салхитай нөхдүүд. Харин Н.Алтанхуяг засаг тэргүүлэхдээ хийсэн нэг том алдаа нь бүх зүйл нь “дүүрчихсэн” Н.Батбаярт сангийнхаа түлхүүрийг өгдөг нь өөрт нь чамгүй хасах оноо авчирсан. Энэ үед “Нүүрс” хөтөлбөрийн багийг шалгаж бас бус бус хүмүүсийг шалгаж гээд шударга шүүх халхавчин цаана АН-ын дотоод зөрчил буцалж байсныг эгэл түмэн яахин мэдэх билээ. Өдгөө ч үргэлжилж буй энэ мэт асуудал бол түүх болон үлдэхээс гадна өнгөрсөн явдал.
Харин өнөөдөр АН-ын дотоод асуудал ямар байна. Сонгуульд ялагдал хүлээгээд нэгэн улирал өнгөрч байхад намынхаа ҮЗХ, Их хурлаа ч хуралдуулж чадахгүй болтлоо дампуурсан байна. Ерөөсөө эрх зүйн чадамжаа алдчихсан нам гэдгээ харууллаа. Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн өрнөхөд /хувьсгал гэж хийрхээд яахав/ тэргүүлэгчдийн нэг байсан С.Зориг агсны алагдсан шалтгаантай холбогдуулан Э.Бат-Үүлийг шалгаж байгаа тухай мэдээлэл тэнүүчилж эхлүүт Э.Бат-Үүл шаггүй нийтлэлч гэдгээ харуулах болов. Мань мэтийн сэтгүүлчдийг ажилгүй болгохоо шахлаа. “Айсан хүнд аргал хөдөлнө” гэгч болов уу, үнэхээр дургүй нь хүрэв үү. Ямартай ч тэрбээр Ц.Элбэгдорж МАН-тай хамтран хийж байгаа ажил хэмээн мэдэгдээд авав. Ярилцлага мэдэгдэл хийж байсан царайг нь харсан хүмүүс өөр өөрсдийн дүгнэлтээ хийсэн биз ээ.
Энэ мэт АН-ын гэнэн хэвээрээ зөнөж байгаа нөхдийн паян дуусахгүй. Н.Батбаяр, Х.Баттулга гээд бүгд л АТГ-д шалгагдаж байна. Энэ бүгдээ улстөрийн өнцгөөс тайлбарлаж байгааг нь мань мэт ойлгоход бэрх юм. Н.Батбаяр мэтийн карьераа дуусгачихсан нөхдийг улстөрийн өнцгөөс шалгах нь юу л бол. Гэтэл АН-ын ҮЗХ, Их хурал болох сургаар бүгд л намын дарга болох тухайд багаа бүрдүүлж байгаа гэх юм. Одоо энэ гэнэн зөнөгсөд зайгаа тавьж өгсөн дээр. АН хэмээх намыг балрах эс балрахын цэг дээр авчирсан гэнэн зөнөгүүдээс залуус нь намаа салгаж авах хэрэгтэй. Би үүнийг яагаад бичиж байгаа юм бэ гэвэл аливаа улс оронд баруун, зүүн үзэл ноёлосон улстөрийн хүчнүүд аль нэг нь ялсан ч ялагдсан ч хүч тэнцүүхэн байвал улс орны эдийн засаг, аюулгүй байдалд хүртэл эерэг нөлөөтэй байдаг тухай дуулсан учраас тэр. Тиймээс энэ тэнцвэрт байдлыг хадгалуулахын тулд би АН-ыг амьтай байгаасай гэж хүссэн юм.
Өнөөдөр энэ намын хувь заяа гэнэн зөнөгүүдийн бус залуусын гарт очих ёстой. УИХ, Засгийн газар гээд ажиллаад үзсэн залуус ч байна, Агентлаг газар, нам улстөрийн ажил залгуулж туршлагажсан залуус ч байна. Төрийн бус байгууллага удирдаж, нийгэмд нөлөөлөхүйц болсон залуус ч бий. Боловсролтой бол боловсролтой, туршлагатай бол туршлагатай залуус байна. Тэгэхээр ийм залуусын итгэл үнэмшилд намынхаа хувь заяаг даатгаж өгөхгүй бол та нарыг зөнөглөж байх араар бүх зүйл дуусах нь. Би аль нэг АН, МАН-д хайртай дуртайдаа бус Монгол Улсын иргэн учраас улстөрийн хүчин, түүний төр хэрхэн барих тухайд тэнцвэртэй байлгахыг л хүссэн юм. Байгаль экологид тэнцвэр хэрэгтэй байдаг шиг улстөрд түүнээс ч илүү чухал хэрэгтэйг хаа хаанаа ойлгох цаг болжээ. Өнөөдөр УИХ, Засгийн газар дамжаад ажиллачихсан Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин гээд залуус байна. Тэд хэдийгээр намын ах нарын нөлөөнд ажиллаж, тэдний гар хөл болж байсан тал байгаа ч намаа, улс орноо гэсэн чин сэтгэл байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ хоёр гурван парламент дамжаад ах нартай үүрэг гүйцэтгэсэн нөхдөд 100 хувь итгэх эсэх нь намынх нь журамт нөхдийн мэдэх хэрэг биз ээ.
Нөгөө талаар агентлаг газар удирдаж, нам улстөрийн алба залгуулж явсан Н.Тэгшбаяр, Б.Баттүвшин гээд чадварлаг, намаа, улс орноо гэсэн итгэл үнэмшлээ нэгэнт олчихсон нэр цэвэр залуус бий. Энэ бүгдэд намынхаа удирдлагыг өгөхөөс өөр зам АН-д харагдахгүй байна. Хүмүүс Ж.Батзанданг намын удирдлагад оруулах тухай ярих болжээ. Миний хувьд бол эсрэг саналтай байна. Яагаад гэхээр Ж.Батзандан мэтийн хувь карьертаа шунадаг, хэт шударга царайлагчдын гарт намын хувь заяа очвол ахиад л гэнэн зөнөгүүдийн үйл хэрэг үргэлжлэх болно гэдийг хаа хаанаа санах хэрэгтэй. Үүнээс өөр залуус ч итгэл үнэмшилдээ бат зогсож, ардчилсан үзэл баримтлалтай энэ намын төлөө зүрх сэтгэлээ зориулсан олон залуус байгааг мартах учиргүй. Ийм нэр цэвэр залуусаа дунд нь сунгаад л зарчмын дагуу олонхийн саналыг авахад болохгүй зүйл алга.
С.Ууганбаяр