“АПУ” компани дэлхийд танигдсан “Kaltenberg” улаан буудайн шар айргыг эх орондоо үйлдвэрлэж байна
2013/10/20
“АПУ” компани Германы “Kaltenberg” улаан буудайн шар айргыг үйлдвэрлэх эрхийг албан ёсоор авчээ. “Kaltenberg” улаан буудайн шар айргыг Германы Барави мужийн ханхүү Luitpold von Bayern өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн шар айрагны үйлдвэртээ нарийн арга технологи, өөрийн гэсэн өвөрмөц жорын дагуу үйлдвэрлэдэг байна.
Тус үйлдвэртэй “АПУ” компани хамтран ажиллахаар болсон бөгөөд хамтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө. Энэхүү ёслолд “АПУ” компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг болон Баравийн хунтайж Luitpold von Bayern өөрийн биеэр оролцлоо. “Kaltenberg” шар айраг нь 800 жилийн түүхтэй бөгөөд өдгөө Англи, Швед, ОХУ зэрэг дэлхийн 10 гаруй томоохон улс орнууд албан ёсны эрхтэйгээр үйлдвэрлэж байгаа аж. Тэгвэл өнөөдрөөс эхлэн монголчууд бид улаан буудайн жинхэнэ шар айргыг амталж, жинхэнэ Герман чанарыг мэдрэх боломжтой боллоо. Германы Бавари бол шар айрагны өлгий нутаг гэдгээрээ дэлхийд алдартай билээ. Ялангуяа дэлхийн хөл бөмбөгийн шилдэг одууд ялалтаа тэмдэглэж шар айраг тулган, цацаж байгааг бид олон удаа телевизээр харж байсан. Тэгвэл дээрх шар айргыг анх 1260 онд үйлдвэрлэж эхэлжээ. Гүн Людвиг Баварийн нийслэлийг Мьюнхэн хотод шилжүүлснээр гэр бүлийн шар айрагны үйлдвэрээ нээж байсан аж. Баварийн үе үеийн хунтайж нар гэр бүлийн Weissbier шар айрагны үйлдвэртээ санаа тавьж, дэлхийн өнцөг булан бүрийн хэрэглэгчдийг амт чанараараа татаж байсан төдийгүй шар айрагны олон баяр наадмыг анх санаачилан зохион байгуулж, жуулчдыг татсанаар эх орныхоо эдийн засгийн байдлыг хямралаас аварч байсан удаатай гэнэ. Аливаа бүтээгдэхүүнд өөрийн гэсэн өвөрмөц орц найрлага бий. “Kaltenberg” шар айраг ч мөн өөрийн гэсэн нарийн технологитой хэдий ч тухайн үйлдвэрийн ирээдүйн замналд мэдээж чадварлаг мэргэжилтнүүд хамгаас чухал байжээ. Иймд 1868 онд Германы алдарт “Вейханштепан” их сургуульд шар айрагны шинжлэх ухааны факултетийг нээсэн байна. Энэхүү факултетаас дэлхийн шар айрагны хамгийн шилдэг гэсэн тодотголтой мэргэжилтнүүд төрөн гардаг аж. Харин “АПУ” компани шар айрагны оргил гэгдэх “Kaltenberg”-ыг өөрийн үйлдвэртээ үйлдвэрлэж эхэлсэн нь монголдоо төдийгүй Азид хамгийн анхдагч үйл явдал боллоо. “Kaltenberg” шар айргийг үйлдвэрлэх эрхийг авахын тулд асар өндөр шалгуурыг давдаг юм байна. Тэгвэл “АПУ” компани шар айрагныхаа үйлдвэрийг шинэчилж, сүүлийн үеийн техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн нь энэхүү эрхэм эрхийг авах үндэс болжээ. Тодруулбал, тус компани шар айрагны үйлдвэрийн орчин үеийн жинхэнэ дэвшлийг харуулж чадлаа.
Барави мужийн ханхүү Luitpold von Bayern дээрх ёслолын үеэр “Kaltenberg” бол дэлхийд танигдсан чанар. 750 жилийн өмнө нь миний өвөг дээдсийн бий болгосон шар айрагны үйлдвэр өнөөдөр ч үйл ажиллагаагаа явуулж байна. Өдрөөс өдөрт дэлхийн хэрэглэгчдэд амт чанараараа хүлээн зөвшөөрөгдөж, цар хүрээгээ тэлж байна. Харин өнөөдөр Монголын хөрсөнд Герман бүтээгдэхүүн дахин мэндэлж байна. Монголчууд ажилсаг, хөдөлмөрч ард түмэн. Хөдөлмөрч ард түмэн үйлдвэрлэлийг жинхэнэ утгаар нь бий болгож чаддаг. Тиймээс монголчуудад “АПУ” компанийн бидний технологиор үйлдвэрлэсэн “Kaltenberg” таалагдана гэдэгт итгэлтэй байна. “АПУ” компанийн үйлдвэрлэж байгаа энэхүү шар айргыг би амталж үзлээ. Амт чанар нь үнэхээр дэлхийн түвшинд хүрчээ” хэмээн онцлон ярив.
Ингээд энэхүү арга хэмжээний үеэр “АПУ” компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгээс шинэ бүтээгдэхүүний талаар тодрууллаа.
-Юуны өмнө баяр хүргэе. Энэхүү шар айргийг үйлдвэрлэх эрхийг хэрхэн авсан бэ. Танай компани дэлхийд брэнд болсон “Kaltenberg”-шар айргыг Монголд төдийгүй Азидаа үйлдвэрлэгч анхдагч компани боллоо шүү дээ?
-Баярлалаа. Тэгэлгүй яахав. Мэдээж анхдагч болж чадсандаа туйлаас баяртай байна. “АПУ” компаний хувьд сүүлийн жилүүдэд хэд хэдэн томоохон төслийг үйлдвэрлэлдээ хэрэгжүүллээ. Мөн менежментийн чиглэлээр цоо шинэ анхдагч гэж хэлж болхоор олон ажлыг хийгээд байна. Үүний нэг тод жишээ бол олон зуун жилийн түүхтэй, амт чанараараа дэлхийн хэрэглэгчдэд гайхагдсан “Kaltenberg” шар айргыг албан ёсны эрхтэйгээр үйлдвэрлэх болсон явдал юм. Тус шар айргыг томоохон улсуудад үйлдвэрлэдэг бөгөөд тэрхүү үйлдвэрийн албан ёсны эрхийг авахын тулд өндөр шалгуур давдаг.
-Ямар шалгуур?
-“Kaltenberg” цэвэр улаанбуудайн шар айрагны орц найрлага, үйлдвэрийн технологи нь хэдэн зуун жилийн өмнөөс өвлөгдөн ирсэн. Тиймээс бидэнд энэхүү шар айргыг үйлдвэрлэхийн тулд Бавари дахь дэвшилтэд үйлдвэрийг өөрийн үйлдвэртээ нэвтрүүлэх. Ингээд бид 15 сарын турш ажиллаж шар айрагны сүүлийн үеийн дэвшилтэд техник технологитой үйлдвэртэй болж чадлаа. Ер нь бид Герман чанарыг илүүд үздэг. Шар айрагны үйлдвэр маань Герман улсын чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн техник, технологиор тоноглогдсон.
-“Kaltenberg”-ыг үйлдвэрлэхдээ Германы шилдэг мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байгаа гэж сонссон?
-800-гаад жилийн түүхтэй “Kaltenberg” шар айргыг үйлдвэрлэхэд өндөр шалгуур тавьдаг гэж дээр дурдсан. Тиймээс Германы 40-50 жил ажилласан, туршлагатай мэргэжилтнүүд ирж багагүй хугацаанд ажилласан.
-“Kaltenberg”-ын бусад шар айрагнаас ялгарах давуу тал юундаа байна вэ?
-Өмнө нь Монголд үйлдвэрлэж байгаагүй дээд зэргийн улаан буудайгаар исгэсэн бөгөөд ямар ч шүүлтүүргүй шар айраг гарган авч байгаагаараа онцлогтой.
-Шүүлтүүргүй гэхээр гашуун амттай гэж хэрэглэгчид ойлгоод байдаг. Найрлагад нь чухам юу ордог юм бэ?
-Энэхүү шар айрагны найрлагад цэвэр улаанбуудай, амт оруулагч бүтээгдэхүүн, ус гэсэн бүтээгдэхүүн л орсон. Германы шар айрагны “Цэвэр тунгалаг”-ын хуулийн дагуу бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Шүүлтүүргүй гэдэг нь хатуу шар айргыг хэлэхгүй. Гол В12 витамин их хэмжээгээр агуулагдсан, чихэрлэг маягийн тааламжтой амттай гэдгийг хэрэглэгчдэдээ хэлмээр байна.
-“Цэвэр тунгалаг”-ын хууль гэдгээ тодруулахгүй юу?
- 1516 онд Гүн IV Вилгельм Баварийн “Цэвэр тунгалаг” гэсэн хуулийг баталсан бөгөөд өдгөө ч дэлхийн шар айрагны томоохон үйлдвэрүүд энэхүү хуулийг дагаж мөрддөг юм. Шар айрагны дэлхий нийтэд баримталдаг гол орц бол зөрөг цэцэг, арвай соёлж, ус гэсэн гурван бүтээгдэхүүн. Үүнийг л “Цэвэр тунгалаг”-ын хууль гээд байгаа юм.
-Худалдаанд гараад эхэлчихсэн үү. Үнийн хувьд ямар байх бол?
-Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр томоохон сүлжээ дэлгүүр болон үйлчилгээний газруудаар худалдаалагдаад эхэлчихсэн байгаа. Үнийн тухайд гэвэл Монголд зарагдаж буй хамгийн өндөр үнэтэй пивоноос 20 хувиар үнэтэй байх болов уу. Яагаад гэхээр “Kaltenberg” бол шар айрагны хаан.
-Ямар хэмжээтэйгээр савлагдаж байгаа вэ. Манай худалдаанд байгаа ихэнх пиво 0.5, 0.33 гэсэн савлагаатай байдаг шүү дээ?
-Эхний ээлжинд манай компани шинэ бүтээгдэхүүнээ 0.5 болон задгайгаар гэсэн хоёр төрлийн хэмжээтэйгээр худалдаанд гаргаж байгаа. Цаашдаа илүү олон төрлийн савлагаатайгаар зах зээлд гаргах байх.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх