Сайдын томилолтын зардлыг хэн даадаг вэ?
2016/11/01
Б.БАЯР
Улс даяараа улам бүр бүсээ чангалах горимд ерөнхийдөө шилжлээ. Сонгуулийн дүнгээр байгуулагдсан Мэргэжлийн Засгийн газрын тэргүүн ажлаа аваад л улсын эдийн засаг маш хүнд байна гэж мэдэгдсэн. Сар орчмын дараа “...Олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, төрийн албан хаагчдын цалинг бууруулж, төрийн албаны зардлыг багасгана” гэсэн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээрх үгэндээ хүрэхээр чардайж байна. Ямар нэг байдлаар хэвэнд нь үлдээх, эсвэл дахин шинэ аргаар эхлүүлэхээр оролдож байгаа. Тэгвэл эндээс нэг л зорилт нь биелэхэд тун хүнд байна. Төрийн албаны зардлыг багасгана хэмээсэн нь нэг л явцгүй байгаа ажээ. Угтаа төрийн албаны зардал гадаад, дотоодын өндөр зардалтай томилолтоос л эхэлдэг. Ерөнхий сайдын “амлалт”-ыг хамгийн түрүүнд танхимын сайд нар нь дагаж мөрдөх учиртай. Гэвч зарим сайд нь Ерөнхий сайдынхаа ажилд саад болох бололтой. Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат гэхэд гадаад томилолтоор ниссээр л байна. Гэхдээ тэрээр зардлаа яамнаасаа гаргахгүй. Яамных нь санхүүг үзэхээр хачин цэвэрхэн. Харин өөрийнхөө томилолтыг ИНЕГ-аар даалгадаг юм байна. Учир нь бид энэ удаад зөвхөн ИНЕГ-аас гарсан сайдын болон яамны газрын даргын томилолтын зардлын мэдээллийг хүргэж буй юм.
ЗТХ-ийн сайд Д.Ганбат, ЗТХЯ-ны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан нарын гадаад томилолтын зардал болгож ИНЕГ-аас 2016 оны аравдугаар сарын 13-ны өдөр 13.125.131.25 төгрөгийг гаргажээ. Ингэхдээ ямар нэг данс ашиглалгүй бэлнээр олгосон байна. Мөн есдүгээр сарын 27-нд ИНЕГ-аас ЗТХЯ-ны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасангийн Канадад ажиллах томилолтын зардал болгож 11.229.144.40 төгрөгийг гаргасан байна.
Энэ мэтчилэн “дансны аргаар” гэдэг шиг харахад гадаад томилолт, элдэв шалдав зардлаа хассан мэт харагдах ЗТХ-ийн сайд өөрөө харьяа газруудаар зардлаа даалгасан шиг суудаг ажээ. Энэ мөнгө ЗТХЯ, ИНЕГ гэсэн хоёр өөр байгууллагаас гараад байгаа зардал шиг харагдаж болох ч угтаа төсөв хэмээх нэг л “хүүдий”-нээс гарч байгаа түмний хөрөнгө билээ.
Hujaa · 2016/11/01
Hujaa ganbatiin hujaa sanaa