Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгээс нь өрсөн Засгийн газар нэр бүхий УИХ-ын гишүүдийн саналаар эргүүлэн татах нь тодорхой болов.

Учир нь, анхны хэлэлцүүлгээр зөвхөн хүнс, нэхмэл, барилга, газар тариалан болон мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжүүдэд 90 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төсөл байсан.

Гэтэл борлуулалтын орлого гэсэн тодорхой нэг үзүүлэлтийг “татвар ногдох буюу ашгаас нь татвар ногдуулах” хэмээн өөрчилсөн байх юм. Гол нь ингэж өөрчилснөөр жилийн 100 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой томоохон аж ахуйн нэгжүүд ашигт ногдох татвараа 1.5 тэрбумаар мэдүүлэхэд л нэг хувийн татвар руу гулсаж орох боломжтой болно. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл анхны утга учраа алдаж, зорилгоосоо хазайсанд УИХ-ын нэр бүхий гишүүд бухимдаж эхэллээ. Тэр дундаа МАН-ын УИХ-ын сонгуульд барьж орсон мөрийн хөтөлбөрт “Борлуулалтын орлого нь 1.5 тэрбумаас доош аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчдийг нэг хувийн татварт хамруулах замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ” гэсэн заалт байгаа. Гэтэл хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад өнөөдрийг хүртэл гишүүд уг заалт ийн өөрчлөгдсөнийг ойлгож ухаараагүй явсан нь гайхмаар хэрэг. Нэг ёсны өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийг хүртэл гэсэн үг. Ө.Энхтүвшин гишүүн ч энэ талаар “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт арай өөрөөр оруулсныг нь бид анзаараагүй юм байна” гэдэг тайлбар хийж байх жишээний. Өөрөөр хэлбэл, ойлгосон өөрчлөлт, ойлгоогүй кноп дарах эрхийн цаана уг хуулийн төсөл хаашаа эргэхийг бид таашгүй гэсэн үг. Иймд энэ талаарх УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн Ж. Энхбаяр тэргүүтэй гишүүд үүнээс үүдэн Сангийн сайд Д.Чойжилсүрэнд хариуцлага тооцох тухай яриад эхэллээ. Үүний цаана нэг аж ахуйн нэгж бус нийт Модатот Улсын төсвийн хүндрэл бэрхшээл яригдаж байгаа болохоор арга ч үгүй.

Дээр нь, УИХ-ын сонгуулиар нэр бүхий бизнес эрхлэгчид хууль тогтоох засаглалд орж ирсэн. Яг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн явцад хүртэл УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Манай компани сарын 1.5 тэрбум төгрөгийн орлоготой учраас татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй” хэмээн учирласан. Гэтэл одоогийн төслийг УИХ-ын гишүүд ёсчлон баталбал түүний компани ч хамрагдана гэсэн үг. Эндээс үзэхэд УИХ дахь МАН-ын бүлэг болон Засгийн газрын сайдуудын дунд ирэх өдрүүдэд чамгүй зөрчилдөөн үүсэхийг үгүйсгэх аргагүй юм.

Жишээ нь, энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Сангийн сайд өнөөдөр тагвартай холбоотойгоор жижиг, дунд үйлдвэрлэлийг биш том компанийг дэмжсэн. Шулуухан хэлэхэд, ашиг сонирхлын зөрчилтэй асуудал оруулж ирэн намын бүлгийг ч, УИХ-ыг ч эвгүй байдалд оруулж байна. Борлуулалтын орлого нь гэж анхны хувилбар дээр орж ирснийг санаж байна. 1.5 тэрбумын орлоготой жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих юм байна гэдэг ойлголттой байсан. Гэтэл том аж ахуйн нэгжийг дэмжсэн, ашиг сонирхлын зөрчилтэй маш сонин хуулийн төсөл оруулж ирлээ шүү та, Сангийн сайд аа” гэдэг байр суурь илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Энэ хуулийн төсөл үндсэн бодлогоосоо хазайчихлаа. Үүнээс чинь үүдээд татвар бүрдүүлэлт эрс буурна. Бүгд данхайсан бүтэцтэй, ашиггүй үйлдвэрлэл болж хувирна. Маш буруу байдал руу эргэлээ” гэдэг байр суурь илэрхийлэв.

Харин дээрх эсэргүүцлийн өөдөөс зогсож буй гишүүд нь дараахь улстөрчид. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Хэрэв Засгийн газар энэ саналаа буцааж авахгүй гэвэл Засгийн газрын оруулж ирж байгаа саналыг тэр чигээр нь дэмжиж явья” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Яаж төсвийн орлогоо нэмэгдүүлэх вэ гэдэг дээр хамгийн их санаа зовох ёстой. Дөрвөн салбар гэж ангилдаг нь зохимжгүй. Үйлчилгээний салбарынхан үйлдвэрлэлийн салбараас 5.5 дахин илүү ажлын байраар хангадаг олон улсын судалгаа бий. Үйлчилгээний салбарыг нэмчихвэл зүгээр байна” гэв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Засгийн газраас оруулж ирж байгаа татварын талаарх нэг хувийн хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлогыг дэмжиж байгаа. Газар тариалан, мал аж ахуй, барилгын материалын салбарууд татаас ихтэй. Тиймээс салбарыг нь сольж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хог хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн болгож байгаа үйлдвэрлэл зэргийг хамруулбал ямар вэ. Эдийн засагт шаардлагагай байгаа чухал салбаруудыг хамруулах хэрэгтэй байна” гэв.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын бизнесийн тодорхой нэг зорилго нь импортыг орлох. Түүний гэр бүлийн эзэмшлийн цементийн үйлдвэрлэл нь үнийн илрэл. УИХ-ын гишүүн Н.Оюундарь гэхэд үйлчилгээний салбарын томоохон бизнес эрхлэгчийн нэг. Улаанбаатар хотын төвд орших томоохон сүлжээ үйлчилгээний бизнесүүд түүнийх. Ийм байхад тэрбээр өөрийн ашиг сонирхлыг тэргүүн эгнээнд тавьсан байх жишээний. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хувьд тайлбар нь бүрхэг ч хуулийн тайлбар ёсчлон батлагдвал ашиг нь түүнийг тойрохгүй гэх үндэслэл байхгүй. Ийм л учраас УИХ-д арай татварын хөнгөлөлтийг гуйвуулах лобби бүлэг үүссэн юм биш байгаа гэх эмзэглэл төрсөн хэрэг. Товчхондоо, Монгол Улсын төсвийн алдагдал, эдийн засгийн хямрал хоёр юг шулуун шугамаар уралдан доошилж буй энэ үед томоохон аж ахуйн нэгжийг татвараас хөнгөлснөөр асуудал улам бүр хүндрэх талтай. Тийм нөхцөлд ч УИХ-ын гишүүд өөрсдийнхөө эрх ашгийн үүднээс чуулганы танхимд саналаа илэрхийлэх нь хэр зохилтой вэ. Бүгд УИХ-ын 76 гишүүн бус УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн монгол төрийн бодлогыг тодорхойлно хэмээн итгэж, найдсан байхад шүү дээ. Нэг ёсны хардах эрх нь бидэнд, Харин хардлагаас дөлж, эрх ашгаасаа зайлсхийж ажиллах үүрэг нь та бүхэнд байгаа гэдгийг УИХ-ын гишүүдэд сануулахад буруу зүйл үгуй биз ээ.

Эцэст нь дахин асуухад, УИХ-д татварын хөнгөлөлтийг гуйвуулах лобби бүлэг арай үүсээгүй байгаа даа...

 

Г.ОТГОНЖАРГАЛ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/