“Орчлон” сургуулийн хэсэг сурагч сургуулийн захиргаандаа хандан өргөх бичиг барьжээ. Арай л эсэргүүцэл, өлсгөлөн зарлаагүй юм байх..

Тэд сургалтын төлбөрөө нэмүүлэхийг хүсэж. Жилийн 6000 ам.долларын төлбөртэй дунд сургуулийнхан нэммээр байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлэв. Учир нь, хэн нэгэн наймаачин буюу “Нарантуул”, “Выставка”, “Хороолол”-д гутал зардаг айлын хүүхэдтэй зэрэгцэн сурахад хэцүү байна гэжээ. Баячуудын хүүхдүүд ерөөс ченжийн хүүхэдтэй хамт байгаа нь гутамшиг гэнэ. Наад зах нь ченжийн хүүхдүүдтэй хамт бассейнд сэлэхээс сэжиг нь хүрээд болдоггүй гэх. Солонгос, Хятад сериалаас л баячуудын тэнэглэлийг харж байснаас бодитоор анх удаа л дуулсан энэ хэрэг Монголын эмгэнэл ч байж болох. Оюутнуудын сургалтын төлбөр 100-500 мянган төгрөгөөр нэмэгдэхэд л эсэргүүцэж өргөдөл гомдол барьж ийш тийш гүйдэг билээ. Өнгөрсөн сард гэхэд л  ШУТИС-ийн оюутнууд суулт хийсэн. Жилийн төлбөр нь нэг сая давсан учраас тэр шүү дээ.


Бяцхан баячууд ингэж зиндаархах болсон нь “International School of Ulaanbaatar” гэх 40 гаруй мянган ам.долларын жилийн төлбөртэй дунд сургуультай “өрсөлдөх” гэсэн санаа гэнэ. Үнээрээ онцгойрох энэ сургуулийг байгуулагдсан цагаас л хувийн гэх тодотголтой бусад сургууль үнээ нэмж, “Орчлон” сургууль дунд зэргийн төлбөртэйд тооцогдох болсон нь эсэргүүцлийн гол шалтгаан. Уг нь, төлбөр нэмэхэд хотойхгүй айлын охид, хөвгүүд бол шууд л тэр сургууль руу орчихмоор. Гэтэл тэр сургуульд суръя гэхээр төлбөр нь хэт өндөрдөөд, энэ нь багадсанаас уу, үнэхээр 40 гаруй мянган ам.долларын өртөгтэй сургуульд салбарын сайдынх нь хэлснээр хүүхдүүд багталцаж ядсанаас уу  “Орчлон” сургуулийн хэсэг сурагч төлбөрөө нэмүүлчихвэл ченжийн хүүхдүүдээс салах нь гээд ойлгочихсон бололтой.
Б.Цэдэв