Өвлийн улирал эхэлж хэн хүнгүй л дулаан гэрт суух хүсэл төрнө. Нийслэл хотын маань ихэнх хувийг эзэлдэг гэр хорооллын оршин суугчдын хувьд нүүрс, түлээ гэдэг алт мэт л эрэлт хэрэгцээтэй болно. Яагаад алт эрдэнэ мэт гэсэн бэ гэвэл нүүрс хэмээх энэ "хар алт" өнөө үед боломжийн айлуудын зууханд л залардаг болжээ.

Тэнгэрт хадсан энэ үнэтэй нүүрсийг айл болгон худалдан авч түлж дийлэхгүй болж. Нэг шуудай нүүрс 1600-3500 төгрөгийн үнэтэй. Тэгвэл нэг айл өдөрт дунджаар 4 удаа галладаг. Нэг шуудай нүүрсийг хоёр хуваагаад хийдэг гэвэл өдөрт 8000 төгрөгний нүүрс түлнэ. Нэг шуудай мод 1800-4200 төгрөг гээд тал шуудай мод түлнэ гээд бодоход өдөрт нэг айл түлшиндээ 10.000 төгрөг өлхөн зарцуулж байгаа. Сараар нь бодоод үзвэл 300 мянга болно. Гэтэл хүмүүсийн цалин хэд билээ, тэгээд дээрээс нь юугаа өмсөж зүүж, юугаараа бор ходоодоо дүүргэх билээ.

Иймийн тулд хүмүүс арай хямд өртөгтэйгөөр нь дугуйны хаймрыг 50-300 төгрөгөөр авч түлэх болжээ. Долоон буудал, Дэнжийн мянга, Чингэлтэйн эцэс, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороолол зэрэг захын гэр хороололд дугуйн хаймар, олгой зэргийг зардаг цэгүүд ч бий болсон байна. Нэг бүтэн дугуйг бүхэл өдөржин түлчихдэг гэнэ. Даанч хуваах гэж хэцүү юм, танайх хуваагаад өгөхгүй биз гэж хүмүүс ч ирдэг гэнэ. Тэгэхээр ядуу иргэдийнхээ 300 төгрөгөөр худалдаж авсан хавдар үүсгэгч хорт хийгээр хотын бусад оршин суугчид амьсгалж сууна. Тэгэхээр олон жил ярьсан энэ утаа аль хотын даргынх нь үед алга болох юм болоо. Үүнийг алга болгочихвол үнэхээр нийслэл хотынхны өмнө том гавьяа байгуулахсан.

О.ӨНӨР