Авиаг буруу хазгай дуудах, ээрэх,  гунших,  дуу хурдсах, удаашрах, үгийн нөөц хомс байх зэрэг нь хэл ярианы бэрхшээлийн нэг хэлбэр. Хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд Монгол улсад цөөнгүй бий. 

 Зарим хүүхэд хэлэх гэснээ зөв илэрхийлж чадахгүй, ганц нэг үсэг буруу хэлж сурснаас бүрэг, ичимхий болж, сургуульд ороод бусад хүүхдээс ичиж, өөрийгөө тусгаарлаж, сэтгэл зүйн хувьд өөртөө итгэлгүй болдог ажээ. Цаашлаад нийгмийн харилцаанд орж чадахгүй амьдралын идэвхгүй нэгэн болж хувирах хүртэл аюултай гэнэ. Хүүхэд хэл ярианы бэрхшээлтэй болох шалтгаан олон янз. Төрөлхийн, эсвэл бэртэл гэмтэл, агаарын бохирдол, идэж ууж байгаа хоол хүнс, нийгэм гээд бүх зүйлээс л шалтгаалдаг байна. Хүүхдийн энэ байдлыг мэргэжлийн хүн л засаж чадна. Гэтэл энэ чиглэлийн багш Монголд хэдхэн байгаа. Тэд үндсэн ажлынхаа ачааллыг даадаггүй. Харин мэргэжлийн бус хүн хэл засал хийснээр хор уршиг их гардаг ажээ.  Хүүхдэд 15-20 минут байхад л хангалттай. Жирийн хүүхдийн анхаарал 15 минут л төвлөрдөг. Гэтэл энэ бичлэгээс сонсоход 9 настай хүүд жүжигчин Т.Карма 1 цаг 40 минут хичээл заахдаа аашлах, бусдад муулах, хараах зэргээр дарамталжээ.

Та бид өөрийнхөө хүүхдийг тэнэг, мангараар нь дуудахыг цээрлэдэг. Өөрөөр хэлбэл урмаар тэтгэгдэж, хайранд өлгийдүүлэн өсөж буй хүүхэд  юмыг хурдан сурдаг. Харин ингэж хараалгаж дарамтлуулж байгаа хүүхэд сэтгэл зүйн  хүнд цохилтод орох, цаашлаад өөртөө итгэлгүй болох зэрэг олон сөрөг талтай. Өөрөөр хэлбэл та бид 250 000 төгрөг төлөөд хүүхдээ  90 минутаар 12 удаа  “хараалгаж” сэтгэл санааны хүнд цохилтод оруулсан байж болзошгүй юм. Энэ нь нэг курс болдог аж.  

Сургалт нэрийн дор айлын хүүхдүүдийг харааж байгаа МУГЖ Т.Карма хүүхдийн хэл яриа засах сургалтын зөвшөөрөлгүй байжээ. Энэ нь сургалтын баталгаажуулсан хөтөлбөр, заах арга, стандарт байхгүй гэсэн үг. Монгол улсад хэл яриа, заслын сургалтын төв байгуулах чиглэлээр нэг ч сургалтын төв зөвшөөрөл аваагүй байна.  Мөн  Монгол улсад  хэл заслын  35 багш байдаг. Тэдний дунд жүжигчин Т.Карма байхгүй бөгөөд тэрбээр хэл заслын мэргэжлийн багш биш гэсэн үг юм. Мэргэжлийн бус хүн сургалтын төвд ирсэн хүүхдүүдийг үг зөв хэлүүлж байгаа нь энэ гээд  “лалар” гэдэг үгийг хэлүүлдэг. Энэ үгийн Монгол хэлний тайлбар толь бичигт ийм тайлбартайгаар байна.  

Энэ бүхнээс эцэг эхчүүд та бүхэн өөрийн дүгнэлтийг хийх биз. Харин  эцэг эхчүүд  хүүхдээ ямар нэг сургалтад хамруулах гэж байгаа бол  тухайн сургалтын төв зөвшөөрөлтэй эсэх,  сургалтын хөтөлбөр, заах гэж байгаа багш нь мэргэжлийн хүн мөн эсэх, сургалтын орчин зэргийг сайтар судлах шаардлагатай байна. Эс бөгөөс нуухыг нь  авах гэж байгаад нүдийг нь сохлов гэдэг шиг хүүхдээ насан туршдаа сэтгэл санааны шархтай болгож болзошгүйг анхаарна уу. 

А.Баярмаа