-Төрийн өмчтэй шуудангаа 100 хувь хувьчлахаар оролдсон Коизумигийн Засгийн газар огцорч байсан шүү, эрх мэдэлтнүүд ээ-


1990 оноос хойш зах зээлийн харилцаанд шилжсэн ороо бусгаа цагт хэн овсгоотой нь нийтийн өмчийг ар өврийн хаалгаа ашиглан үнэгүй шахам өөрийн болгож байсан нь одоогийн олигархиудыг төрүүлсэн гэхэд болно. Тэд өмч хувьчлал явуулах нэрийдлээр улс орны өнгөтэй өөдтэй бүхнийг хуу хамж, энэ цагийн баячууд болсон түүхтэй. Энэхүү хуудуутай хувьчлалыг явуулсан хүмүүс бол яах аргагүй АН-ынхан. Тэд анх удаа төрийн эрхэнд гарч, улсын өмчид бүртгэлтэй олон аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийг хувьчлалын хуудуутай гараар оруулснаас болж хэдэн зуун сая бараа бүтээгдэхүүн экспортолдог комбинатууд зоорины үнээр хувьчлагдсан билээ. 1996-2000 оны хооронд 928 аж ахуйн нэгжийн 46.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийг хувьд шилжүүлсэн гэсэн тооцоо баримт ч байдаг.
Тэд ард иргэдийнхээ өмчтэй болох мэдлэг дулимгийг ашиглан өөрсдөдөө давуу эрх олгож, хотын “А” зэрэглэлийн газарт байгаа объект болгоныг хувьчлан хамж авсан. Тэгвэл яг одоо энэ төрлийн хувьчлал дахин явагдах гэж байна. Улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн нөлөө бүхий эрхмүүдийн анхаарлын төвд байгаа хэд хэдэн төрийн эзэмшлийн өмчийг хувьд шилжүүлэх талаар өнгөрсөн оноос нэлээд эрчимтэй ярьж эхэлсэн.
Шинэчлэлийн Засгийн газар болон шийдлийн Засгийн газраас эдийн засгийн хүнд хэцүү үеийг даван гарахын тулд ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит газруудыг олон нийтэд дуудлага худалдаагаар зарах шийдвэр гаргасан юм.
Ингээд хуудуутай хувьчлалын энэ удаагийн бай нь хотын төвийн зүрхэн дэх “А” зэрэглэлийн бүсэд байрлалтай “Монгол шуудан” ХК болжээ. Түүнчлэн ирэх онд хувьчлах төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад “Монгол шуудан” ХК-иас гадна “Цахилгаан түгээх сүлжээ”, “Төрийн банк, "Оргил" рашаан сувилал багтаачихаад буй билээ.

10 тэрбумын борлуулалттай ажиллаж буй “Монгол шуудан”-г яагаад хувьчилна гэж

“Монгол шуудан” ХК-ийг 20 тэрбум төгрөгөөр хувьчлах асуудал хөндөгдсөн цагаас эхлэн УИХ-ын гишүүд хувьчлалын талаар нэлээд ноцтой зүйлсийг ярих боллоо. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан л гэхэд “Төрийн ордны зүүн талын балгасыг 24 тэрбумаар зарсан байтлаа Төв шуудангийн барилгын 40 хувийг эзэмшдэг, 21 аймаг, 330 суманд барилга байшинтай, 130 автомашинтай, 1000 ажилчинтай, саяхан IPO гаргаж дансандаа бэлэн 6.1 тэрбумтай, жилдээ 10 тэрбумын борлуулалттай, ашигтай ажиллаж байгаа “Монгол Шуудан” ХК-ийг 20 тэрбумаар хувьчилж болох уу. Гадаад улс орнууд шуудангаа төрийн мэдэлд байлгадаг нь учиртай. Шуудангийн үйлчилгээний ядаж 51 хувь нь төрийн мэдэлд байх ёстой. Шуудангаа 100 хувь хувьчлахаар оролдсон Коизумигийн Засгийн газар огцорсон юм шүү" хэмээн цахим хуудастаа өөрийн байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн тэрбээр "20 гаруй жил явсан өмч хувьчлалын луйврыг зогсоох ёстой. Төрийн өмчийг алдагдалд оруулж, үнэгүйдүүлж байгаад хувьчилдаг. Гэтэл төрийн өмчит компаниуд бүгд ашигтай ажиллах боломжтой" хэмээн бухимдангуй байв. Үнэхээр ч эрх мэдэлтнүүд ашигтай ажиллаж буй төрийн өмчит аж ахуйн газруудаа зохиомол алдагдалд оруулж байгаад хувьчилдаг болсон. Яг энэ жишгээр “Монгол шуудан” ХК-ийг хувьчлахаар болж байгаа нь үнэний ортой аж.
Өнөөдөр “Монгол шуудан” ХК-ийн үйл ажиллагаа нь тогтвортой, зах зээлд аль хэдийнээ байр сууриа эзэлчихсэн гэдгийг зарим шинжээчид ч онцлон хэлж байна.

“Монгол Шуудан” ТӨХК-ийн хувьцааг худалдан авах шалтгаан

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэ тус компанийн хувьцааг худалдан авах шалтгааны талаар дараах байр суурийг илэрхийлжээ.
1. Аль ч нийгэмд ажиллаж байгаа компани: 1921 онд байгуулагдсан энэ компани социализмын үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн гарам дээр бөмбөрч байсан нь гарцаагүй. Харин 1990 онд ардчилал ялж зах зээлийн хар шуурганд өртсөн ч өдгөөг хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлж сайжруулсаар иржээ. Компанийн орлогын хэмжээ сүүлийн таван жилийн хугацаанд жил бүр 15.28 хувиар өсч 11 тэрбумд хүрсэн нь үүнийг батална. Үүгээр ч зогсохгүй сүүлийн таван жилийн хугацаанд тасралтгүй ажиллаж байгаа нь компанийн өрсөлдөх чадварыг илэрхийлэх үзүүлэлт юм. Энэ нь хөрөнгө оруулагчдад үйл ажиллагаа нь найдвартай, тогтвортой компанид хөрөнгө оруулах боломжийг олгож байна.
2. Үйл ажиллагаа нь тогтвортой, зах зээлд байр сууриа эзэлсэн: 895 хүний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотын 40 салбар, аймгийн 21 салбар, сумдын 334 салбараар дамжуулж үндсэн зургаанүйлчилгээг харилцагчдадаа хүргэж байна. Мөн дэлхийн 200 улстай шуудангийн солилцоо хийдэг бол буухиа шууданг 35 улстай хийж байна. Ингэснээр дотоодын шуудангийн зах зээлийн 95 хувийг дангаар эзэлж байгаа бол олон улсын буухиа шуудангийн зах зээлийн 30 хувийг дангаар эзэлж байна. Зах зээлд байр сууриа эзэлсэн компанид анхнаас нь хөрөнгө оруулах боломж Монголын нөхцөлд маш цөөхөн байдаг. Иймээс иргэдийн хувьд энэ хувьчлал сүүлийн 20 жилийн хугацаанд ганц удаа тохиож буй хөрөнгө оруулалтын боломж гэж хэлэхэд хилсдэхгүй.
3. Орлогын тогтмол өсөлт, тасралтгүй цэвэр ашиг: Компанийн орлогын үзүүлэлт сүүлийн таван жилийн хугацаанд жил бүр 15.28 хувиар өсчээ. Харин цэвэр ашгийн хэмжээ дүнгийн хувьд хэлбэлзэл ихтэй байгаа ч тасралтгүй ашигтай байж чаджээ. Санхүүгийн хувьд тасралтгүй сайжирч буй компанид хөрөнгө оруулах нь өгөөжөө харьцангуй богино хугацаанд хүртэх боломжийг хөрөнгө оруулагчдад олгодог давуу талтай.
4. Банкны зээлгүй: Компани банкны зээл аваагүй нь өнөөгийн үйл ажиллагааны ашгаараа ирээдүйн зарцуулалтаа санхүүжүүлж буйг илэрхийлж буй чухал үзүүлэлт юм. Харин нөгөө талаас хямралын үед зээлгүй байгаа нь цаашид компани санхүүгийн чадавхаа хадгалж үлдэх боломжийг олгох чухал хүчин зүйл болж байна. Хямралын үед санхүүгийн чадавхаа хадгалж чадах сайн компанид хөрөнгө оруулах нь эргээд эдийн засгийн өсөлтийн үед харьцангуй богино хугацаанд өгөөж хүртэх боломжийг нээж өгдөг.
5. Орлогын нэмэлт эх үүсвэр бий болно: Компани нэмэлт хувьцаа гаргаснаар 6.263 тэрбум татан төвлөрүүлэх ба үүнийг “авто замын логистик”-ийн төсөл хэрэгжүүлэхэд зарцуулах юм. Уг төслөөс эхний таван жилд дунджаар 5.352 тэрбум төгрөгийн орлого олж 3.991 тэрбум төгрөгийн зардал гарган 1.227 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллана. Эндээс цэвэр ахиу ашгийн дундаж хэмжээ 23 хувь байна. Төсөл хэрэгжсэнээр 2020 он гэхэд нийт орлогын 75.7хувийг одоогийн шуудангийн үйлчилгээний орлого, 24.3 хувь нь ачаа тээврийн үйлчилгээний орлогоос бүрдэх юм. Аливаа компанийн орлогын эх үүсвэр олон эх үүсвэрээс бүрдэх тусмаа эрсдэл багасч байдаг. Энэ нь хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл байдлыг бий болгодог байна.

Төрийн өмчийг 100 хувь болгохоор санаархаж буй эрхмүүд хэн бэ

Он солигдох зааг дээр “Монгол шуудан” ХК-ийн 34 хувийг анх удаа хөрөнгийн биржээр дамжуулан “Ард санхүүгийн нэгдэл” хаалттай хувьцаат компани худалдан авч байсныг зарим уншигч маань санаж буй биз ээ. Тус компанийн хяналтын багц 34 хувийг эзэмшихээр болсон “Ард санхүүгийн нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл нь шатахуун импортлогч “Петровис”-ийн эзэн, МАН-ын гишүүн гэдгээрээ олонд танигдсан нэгэн. Харин “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Ард санхүүгийн нэгдэл” өнөөдөр 333 хувьцаа эзэмшигчтэй. Үүнд Монголын шилдэг компаниуд байна. Петровисын үүсгэн байгуулагч ТУЗ-ийнх нь дарга Ж.Оюунгэрэл өөрөө хөрөнгө оруулагч. Мөн МАК гэж компани байна. М-Си-Эс гэж компани байна” хэмээн хэвлэлд мэдээлж байсан нь саяхан. Тэгэхээр Ч.Ганхуягийн өгсөн мэдээллээр бол “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцаа эзэмшигчдийн тоонд “МАК”, “MCS” компаниуд багтдаг гэсэн үг. Эдгээр компани “Ард санхүүгийн нэгдэл”-ээр дамжуулан “Монгол шуудан”-г хувьчлан авчээ гэсэн ойлголтыг төрүүлж буй биз ээ.
Харин одоо дээрх нэр бүхий этгээдүүд “Монгол шуудан” Төрийн өмчит компанийг 100 хувь өөрсдийн болгож авахаар улайран зүтгэж буй бололтой. Гэхдээ эрх баригчид ямар бичиг баримт дээр үндэслэж “Монгол шуудан” ХК-ийг 20-хон тэрбум төгрөгөөр зарах гэж байгаа нь хачирхалтай.
Уг нь тус газар жилдээ 10 тэрбумын борлуулалттай, ашигтай ажиллаж байгаа гэдгийг УИХ-ын гишүүд ч хэлж байна. Ийм ашигтай ажиллаж байгаа хотын “А” зэрэглэлийн бүсэд байрлалтай газар яахаараа 20-хон тэрбумаар зарагдах гээд байна вэ гэдгийг эрх мэдэл бүхий хүмүүс, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас асуумаар байна.
Хэрвээ бид өнгөрсөн 26 жилийн хугацаанд өмч хувьчлалыг буруу явуулаагүй бол Монголын эдийн засаг өнөөдрийнхөөс арай өөр өнгө төрхтэй байх байсан гэж эдийн засагчид хэлдэг юм билээ.
Гэхдээ энэ мэт хуудуутай хувьчлалыг мэдэлгүй өнгөрөөж, өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч байхаар одоо болох хувьчлалд туйлын анхааралтай хандаж засч, залруулах, арай хэтэрснийг нь зогсоох боломж бий гэдгийг энэ удаад сануулахад илүүдэхгүй биз ээ.

Эх сурвалж: