Д.Батбаяр оффшор данстай холбоогүй гэв
2016/11/08
УИХ-ын гишүүн асан Кёкшүзан Д.Батбаяр өөртэй нь холбоотой гэх оффшор дансны талаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийв. Тэрээр мэдээллийнхээ эхэнд өнгөрсөн Ням гарагт “Mонгол HD” телевизийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрөөр гарсан оффшор дансны талаар мэдээллийг үзүүлсэн юм. Ингээд Даваагийн Батбаяр гэдэг нь өөрөө биш, Орхон аймгийн ИТХ-ын гишүүн болохыг гаргасан гэдгийг хэлэв.
Өнгөрсөн тавдугаар сард гарч эхэлсэн оффшор дансны талаарх мэдээлэлд өөрийнх нь нэр гарч байсныг хэллээ. Ингэснээр сонгуульд нэр дэвших эсэх, хөрөнгө оруулалтын тал дээр ч асуудал хөндөгдөж байсан гэдгийг Д.Батбаяр онцоллоо. Энэхүү ташаа мэдээллийн улмаас өнгөрсөн сонгуулиар Ардчилсан Намаас оффшор данстай нэр холбогдсон гишүүдээ дэвшүүлэхгүй байх асуудлыг хөндсөн. Тухайн үед энэ хэрэгт холбоотой эсэх нь тогтоогдоогүй байсан ч эр хүний хувьд нэрээ татсан байна.
Тухайн үед Монгол HD телевизээр гарсан уг нэвтрүүлгийн дараа тэрээр хуулийн байгууллагаас эхлэн Авлигатай тэмцэх газарт хандсан бөгөөд шалгах боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Учир нь тухайн үед зодог тайлаад удаагүй, албан тушаал хашаагүй учраас шалгах боломжгүй гэжээ.
Түүнчлэн оффшор дансны талаар Монголчуудын ойлголт буруу талдаа байдаг. Хууль бус, хүний болон зэвсгийн наймаа, хар тамхи, терроризмтэй холбоотой гэж ойлгодог учраас энэ асуудалтай холбоогүй гэдгээ өнөөдөр хэвлэлийн хурал зарлан мэдэгдэж байгаагаа илэрхийллээ.
Д.Батбаяр нь 16 настайгаасаа эхлэн Япон улсад хөдөлмөрлөж, олон хүнийг тус улсын дэвжээг эзэгнэх боломжийг бий болгон, эх орондоо буцаж ирээд цэвэр бизнес хийж байгаа учраас залруулга хийх нь зөв гэж үзэж буй аж.