Б.ОЧИР

“...БНСУ-ын Прокурорын алба ерөнхийлөгч Пак Гын Хэгийн улс төрийн дуулиантай холбоотойгоор өнөөдөр “Самсунг”-ийн оффист нэгжлэг хийж байгаа талаар гадаадын хэвлэлүүд мэдээлж байна. Прокурорын үзэж буйгаар “Самсунг” компани дуулианы эзэн, ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотнын найз Чой Сүн Шил болон түүний охины хамтран эзэмшдэг компанид 3.1 сая ам.доллар өгсөн хэмээн шалгаж байна. Ерөнхийлөгч Пак Гын Хэ өнгөрөгч долоо хоногт хоёр удаа албан ёсоор олон нийтээс уучлалт гуйсан боловч ард иргэд хүчтэй эсэргүүцэж огцрохыг шаардсаар байна” гэж өчигдөр “Ройтерс” агентлаг мэдээлэв.

БНСУ-ын прокурорууд ерөнхийлөгч Пак Гын Хэгийн найз гэгддэг Чой Сүн Шилийг улсын ерөнхийлөгчтэй дотно харилцаатай гэдгээ ашиглан олон тооны компаниас өөрийн эзэмшлийн хоёр сандаа их хэмжээний хандив авсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Мөн Пак ерөнхийлөгч өөрийн гараар бичсэн хэд хэдэн бичвэрийг найз Чой Сүн Шилд илгээж, улмаар хэд хэдэн баримтдаа засвар хийлгэж байсан гэх баримтууд дэлгэгджээ.

Энэ асуудлаар Пак Гын Хэ ерөнхийлөгч прокурорт дуудагдаж мэдүүлэг өгсөн. Мөн ард түмнээсээ хоёр ч удаа уучлалт гуйгаад байгаа юм. БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн  энэхүү асуудал сүүлийн хэд хоногт дэлхий нийтийн дуулиан болоод байгаа билээ. Манайхан ч БНСУ-ын прокурорын эр зориг, үнэнч шударгыг магтан шагширцгааж байна.

Үнэнийг хэлэхэд БНСУ-ын ерөнхийлөгчийн холбогдоод байгаа асуудал манайд бол юу ч биш. Барим тавим “баримт”-уудаар төрийн өндөр дээд албан тушаалтны найз нөхөд, зөвлөх туслах, хамаатан садангууд нь хэрэг асуудал холбогдож л байдаг. Бас 3.1  сая ам.долларын хэрэг гэдэг манайд бас л жижигтээ орно. Учир нь сүүлийн үед  цуврал кино шиг байнга шахам мэдээлэх болсон тэрбум, тэрбумын авлига, албан тушаалын хэргийн мэдээ сураг олон нийтийг ийн дөжрүүлсэн байж мэднэ.

Гэхдээ бид эндээс нэг л зүйлийг олж харах хэрэгтэй. Манайхан БНСУ-аас хуулахгүй юм бараг үлдээгүй дээ. Хүүхэддээ л Ким, эсвэл Пак-аар эхэлсэн гурван үетэй нэр өгч амжаагүй байна. Хоолыг нь, хувцсыг нь, үздэг кино, сонсдог хөгжим, хэрхэн хэрэлддэг, яаж болздогийг нь хүртэл дуурайгаад удаж байгаа.

Энэ удаад манай хууль, хүчний байгууллага прокурор нь хэрхэн ажилладгийг дуурайж, хэвших хэрэгтэй байна. Монголд шүүх, прокурор, цагдаа, АТГ бүгд бий. Бүгд БНСУ-ын прокуроруудтай адилхан улс орон, тусгаар тогтнол, шударга ёсны төлөө амь биеэ үл хайрлан тэмцэнэ гэсэн тангарагтай. Хэрэг хийсэн хэнийг ч шалгаж, гэм бурууг олж тогтоох хуультай. Гэтэл огт өөрөөр, бараг эсрэгээр нь ажилладаг болоод удаж байна. Үүнийг нь олон нийт, хууль хүчнийхэн өөрсдөө ч байх ёстой л зүйл мэт ойлгож, чиг шугам болгож ажилладаг болчихож.

Нэг ёсондоо Монголын хууль, хүчний байгууллагын үйл ажиллагаа маш эмгэнэлтэй байдалд хүрснийг сүүлийн хэд хоногт БНСУ-д өрнөж буй үйл явдлуудаас хараад ойлгож болохоор байна.

Ер нь бол Монголын шүүх, прокурор, цагдаа, тагнуулын байгууллагын чадвар, мэдрэмжид эргэлзэх хэрэггүй гэдгийг мэргжлийнхэн, гадныхан ч хэлдэг. Өөрөөр хэлбэл, тэд маш сайн шүүдэг, мөрддөг, тагнадаг.

Харин сүүлийн хэдэн жилд ёс юм шиг болсон тэдний “тусгай ажиллагаа” бий. Тэд төрийн өндөр албан тушаалтнуудыг албан тушаалаасаа буугаад, гудамжинд лааз өшиглөөд эхлэхээр нь намнадаг ажилтай болсон. Дөнгөж саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуягболон түүний эхнэрийг хил давахыг хориглосон гэсэн мэдээлэл цацагдлаа. Хүргэн Г.Дэнзэнгийн асуудлаас болоод ингэлээ гэж байна. Хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг гээчийг манайхан мэднэ дээ. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад л босч ирсэн асуудал. Гурван жил лав болж байгаа. АТГ-ынхан хүргэн Г.Дэнзэнг хорьж нэг, тавьж нэг шалгаад өнөөг хүргэсэн. Өнөөдөр Н.Алтанхуяг бүх албан тушаалаасаа салж, ганцхан “Хаан жимс” амралт, “Хуба Хаяа” үйлдвэрийн эзэн болж хоцорсон үе.

Бас “Фортуна” Н.Батбаяр байна. УИХ-ын гишүүнээр хэд хэд сонгогдчихсон. Сүүлийн дөрвөн жилд Эдийн засгийн хөгжлийн сайд болоод Хөгжлийн банкийг “барьчихсан”, бондуудын мөнгийг захиран зарцуулаад гангарч явсан эр. Өнөөдөр мань эр албан тушаал эрх мэдэлгүй болоод юу ч үгүй гудамжинд гүйж яваа. Бондын мөнгө, Хөгжлийн банкны асуудал энэ хүн дээр тохоогдох нь тов тодорхой болоод байх шиг байна.

Албан бус мэдээллээр АН-ын болоод төрийн толгойд заларч явсан хэд хэдэн эрхмийг өнөө маргаашгүй хорьж, цагдаж шалгаад, улмаар ял зэм хүртээх юм яригдаж байна.

Буруутай хүн буруугаа хүлээх ёстой. Энэ бол шударга ёсны алтан зарчим. Гэхдээ дээр дурдсан жишээнүүд хийгээд удахгүй болох баривчилгаа, дуулиан шуугианы талаар нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байгаа юм.

Уг нь шүүх ч, цагдаа ч, АТГ ч нэн тэргүүний ажил үүрэг нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэх ёстойг тэдний мэргэжлийн ном дүрэмд тодорхой заасан байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, хууль хүний байгууллагын үйл ажиллагаа гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхээс эхэлдэг гэсэн үг. Төсөв мөнгийг ч төрөөс хангалттай суулгаж өгдпөг юм байна лээ. Бид мэднэ дээ, гудамжаар жаахан “сэжиг бүхий” алхвал эргүүлийн цагдаа ирээд учиргүй нэгжинэ, шалгана. Үүнийгээ тэд гэмт хэргээс урьдчилан сэргийллээ гэдэг. Олон нийтийн газраар согтуу гуйваад явж байвал цагдаа нар маань шуудхан машинд чихэж аваад эрүүлжүүлэхэд аваачаад өгчихдөг. Энийгээ тэд нар таны амь нас, эрүүл мэнд халдлагад өртөхөөс сэргийллээ гэдэг. АТГ-ыг ч авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэй гэдгийг хууль тогтоогчид байнга сануулдаг.

Жишээ нь, Эдийн засгийн хөгжлийн сайд байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захиар асан Н.Мөнхбат нарыг өнөөдөр яригдаад байгаа их хэмжээний мөнгөний буруу зарцуулалтыг тэр үед нь мэдээд урьдчилан сэргийлэх боломж манай хууль, хяналтын байгууллагынханд байж л байсан. Цагдаа, прокурор, тагнуулын байгууллагаас гадна Үндэсний аудитын газар гэж бий. Өчнөөн удаа аудитын шалгалт хийж л байсан байдаг. Хаагуур нь өнгөрөөд тэд ийм их хохирол улсад учруулчихсаныг өнөөдөр “мэдсэн” нь сонин биш үү.

Шуудхан хэлэхэд Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, Монгол Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Улсын ерөнхий аудитор А.Зангад нарын удирддаг байгууллагынхан зөвхөн өнөөдөр төрийн эрх баригчдын тушаал заавраар хөдлөөд байна уу гэсэн хардлага нийгэмд бий болсон нь нууц биш. Олон нийт ингэж хардах сэдлийг тэдний үйл ажиллагаа төрүүлээд байгаа юм. Хэрэвзээ БНСУ-ын хууль, хүчний байгууллагын зарчмаар ажилладаг бол Н.Алтанхуягт аль эрт хилийн хоригоо тавьж, Н.Батбаяр, Н.Мөнхбат нарыг тухайн үед зогсоож болох л байсан гэсэн үг. Тэгэлгүй өнгөрөөж, өнөөдөр гэнэт мэдсэн адил барьж, хориод, нийгэмд мангас болгож харагдууллаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Хууль, хүчний байгууллагынхан ч хулганаар тоглох муур адил сүрийг үзүүлэх нь хэр зохимжтой вэ. Өнөөдөр эрх мэдэлгүй, албан тушаалгүй болсон ийм хүмүүс захын нэг хэсгийн байцаагч дуудахад л гүйгээд очих “зүрхтэй” болчихсон байгаа. Харин галзуурч явахад нь бол өөр өө. Тэр үед нь А.Зангад даргын аудиторууд хянаад, чиглэл зөвлөмжөө өгөөд явах хэрэгтэй. Б.Хурцын тагнуулчид,  Р.Чингис, Х.Энхжаргалын ажилтнууд илрүүлэн шалгаж, М.Энх-Амгалангийн прокурорууд шударга хяналт тавьж, Ц.Зоригийн шүүгч нар  үнэн зөвөөр эцсийн шийдвэрийг гаргах ёстой юм.

Өнөөдөр ч нийгэмд “тэнэсэн” том албан тушаалтнуудтай холбоотой мэдээллүүд бий. Хамгийн их яригдаж байгаа нь УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдыг тойрон хүрээлэгчдээ албан тушаалд томиллоо гэж байна. Ард нь их хэмжээний мөнгөний асуудал яригдаж байгаа гэж байгаа. Үүнийг мухарлах,  олон нийтэд үнэнийг харуулах нь Ц.Зориг, М.Энх-Амгалан, Б.Хурц, Х.Энхжаргал, Р.Чингис, А.Зангад нарын хамтдаа хийх ёстой ажил нь юм.

Гэвч ингэх зориг тэдэнд бий юу. “...Ерөнхийлөгч өө, УИХ-ын дарга аа, Ерөнхий сайд аа тантай, таны хамаатантай холбоотой асуудал байна. Та ирж мэдүүлэг өгнө үү” гэх зориг тэднд байна уу. Хэрэв тэд л зоригловол ажилтнууд нь тушаалыг дор нь биелүүлж чадна. Үүнд эргэлзэх хэрэггүй биз ээ.

Ер нь манайханд энэхүү зориг гээч юм дутагдаж байгааг хаана хаанаа маш сайн мэднэ. Гэхдээ хэзээ ч хоёрдугаарт бодож болохгүй нэг зүйл бол тэдний тангараг. Тангараг өргөсөн шүүгч, прокурор, цагдаа, тагнуулч, АТГ-ын ажилтан шүү дээ.

Тиймээс эр зориг гаргаад өнөөдөр байгааг нь ч шалгаж сурах хэрэгтэй байгаа юм. Ингэж байж тангараг өргөсөн жинхэнэ албан хаагч болно. Ингэж байж гэмт хэргээс урьдчилан сэргийлж, улмаар Монгол Улсад шударга ёсыг тогтоох үндэс суурийг тавина. Яахав, өнөөдөр нэгэнт бий болсон, тогтсон томилдог албан тушаалтнаасаа айж болно. Гэлээ гээд хуулийг хэрэгжүүлэхээс айх хэрэггүй юм. Албан тушаалаас нь чөлөөлнө, хавчина гадуурхана. Энэ яахав, бүр амь нас, эрүүл мэнд, гэр бүлд ямар дарамт ирэхийг хэлж мэдэхгүй. Гэвч ингэх зориг тэднээс л гарах ёстой. Тэгж гэмээнэ тангараг хэрэгжинэ, улс хөгжинө, Монголд шударга ёс тогтоно. Хамгийн гол нь тэднийг ард түмэн дэмжинэ, бас хамгаална.

Эх сурвалж: www.polit.mn