Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав 4 сая ам.долларын хэрэгт холбогдов уу?
2016/11/09
Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарч эхэллээ.
Хэдийгээр түүнийг яг шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй ч үнэний ортой байж болзошгүй юм. Учир нь, 2014 оны арванхоёрдугаар сарын 3-нд УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин дөрвөн сая ам.доллартай холбоотой эзэн нэр нь тодорхойгүй ноцтой гэмээр баримтыг дэлгэж байсан.
Тухайн үед олон нийтийн зүгээс эзэн нь хэн юм бэ хэмээн эрэл сурал болж байхад сайд асан Д.Дорлигжав өдөр тумын сонинуудад ярилцлага өгч дараах тайлбарыг өгч байсан юм. “Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Намайг сайд дээр яригдаад УИХ-ын дарга санал тавиад эхлэхэд л Х.Тэмүүжин хүн явуулж энэ суудалд сууж болохгүй гэж шаардаж шахсан. Таньдаг найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийнхэн гээд олон ч хүнээр намайг ятгуулсан. Ятгаад дийлэхгүй болохоороо миний нэр хүндэд халдаж гүтгэлэг явуулсан. Надад ийм зүйл огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Үүнийг хуулийн байгууллагаар нэлээд суурьтай шалгуулна. Энэ зүйл арай хэтэрлээ, хатуудлаа” гэж байв.
Харин үүний хариултад УИХ-ын Х.Тэмүүжин “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Би уг нь хэн нэгнийг, тэр дундаа Д.Дорлигжавын нэрийг огт дурдаагүй. Өөрөө л “Юун гуя, юун мах” гэдэг шиг юм болсон шүү дээ. Өмнөөс нь сандраад олон ч хүн мэдэгдэл хийчих шиг болно лээ. АН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт авлига өгсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэдэг амлалт орсон. Авилга өгснөө хэлчих тэгвэл шийтгэхгүй л гэсэн үг. Үүнийг Эдийн засгийн ил тод байдпын тухай хуулийн төслийг дагаж орж ирсэн Өршөөлийн хуульд маш тодорхой заагаад өгчихсөн байсан. Гэтэл шинэ сайд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг татаж аваад, дахин өргөн барьсан. Ингэхдээ Өршөөлийн хуулийн төслийг алга болгоод, оронд нь Татварын өршөөлийн хууль нэртэй хэдхэн заалт оруулж ирсэн. Тэнд нь нөгөө авилга өгснөө илчилвэл хариуцлагад татахгүй байх заалтыг хасаад хаячихсан. Тэгэхээр шинэ сайдад авлига өгснөө хэлсэн хүнийг өршөөх хүсэл алга аа л гэсэн үг. Эндээс танд ямар логик харагдаж байна даа” хэмээсэн байдаг юм.
Ямартай ч АН-ыг Засаг барьж байх үед сайд асан Д.Дорлигжавтай холбоотой ийм үйл явдал өрнөж байсан. Тухайн үед ч АТГ уг хэргийг шалгаж үзээд авлига гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан гэдэг ч энэ талаар одоог хүртэл албан ёсоор танилцуулаагүй байгаа учраас энэ хэргийг дахин шалгаж эхэлсэн үү гэх хар төрж буй юм. Ямартай ч сайд асан Д.Дорлигжавыг шалгаж байгаа нь үнэн гэх мэдээллийг ойрын эх сурвалж өгч буй учраас ийнхүү 2014 онд болсон үйл явдлыг дурьдсан хэрэг. Түүнчлэн сайд асныг тухайн үед эрх мэдэл бүхий албан тушаалтан байсан учраас түүнтэй холбоотой хэд, хэдэн хэргийг шалгаж болохгүй байна гэх яриа ч өнгөрсөн хугацаанд гарч байсан. Тэгвэл энэ удаагийн Засгийн газарт АН-ын нөлөө бүхий эрхмүүдийн оролцоо байхгүй учраас хууль хяналтын байгууллагынхан Д.Дорлигжавын асуудлыг шалгахад ямар ч саад тотгор байхгүй аж. Хамгийн гол нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүдийг хууль хяналтын байгууллагаас шалгахдаа мэдээллийг нууцлан шалгаж энэ талаарх мэдээллийг гадагш гаргахгүй байх үүргийг өгдөг.
Тиймээс л шалгагдаж байгаа нь үнэн эсэх нь нууцлагдсал учраас хэвлэлийнхэн өөрсдийнхөө хүрээнд олж авсан мэдээллээ ийнхүү ил болгосон хэрэг. Угтаа бол сайд асан Д.Дорлигжавыг үнэхээр шалгагдаж байгаа эсэхийг хууль хяналтынхан албан ёсоор мэдээлэл хийж энэхүү эргэлзээг тайлах нь зөв байх.
Эх сурвалж:
Зочин · 2016/11/10
ystoi goe
төрөө цэвэрлэе · 2016/11/10
ТӨРД ажлаад хэмжээгүй баяжаад байгаа олон хүн бий. Хуулийнхан шударга бол шоронгийн хаалга татах МАН, АН ын олон ЛИДЕР байгаа. Иргэд харж л байхаас