2017 оны төсөв батлагдсантай холбоотой Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийж байна. Өчигдрийн хуралдаанаар ирэх оны төсвийг 88.5 хувийн саналаар баталсан. 2017 оны төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,160.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23,3 хувь, нийт зардал 8,568.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.3 хувь болж, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,4 тэрбум төгрөгтэй гарсан.

Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Тухайлбал “Насны хишиг” тэтгэврийг жилд хоёр удаа олгоно. 70-аас 75 настай хүн 85 мянган төгрөг, 80-аас 89 настай ахмадуудад 150 мянган төгрөг, 90-аас дээш настай ахмадууддаа 250 мянган төгрөгийг хоёр удаа олгохоор болсон. Хүүхдийн мөнгийг энэ жил болон ирэх жилүүдэд зорилтод бүлэгт нь өгнө. Харин 2019 оноос бүх хүүхдэд олгох ба өнгөрсөн жилүүдийн мөнгийг нь нөхөж олгоно. Төсвийн тодотголыг батлуулах үед Засгийн газраас шүүмжлэл дагуулсан нэг шийдвэр бий. Энэ нь тэтгэвэрт гарах үед нь нэг удаа олгодог байсан 36 сартай тэнцэх хэмжээний мөнгө өгдөг байсныг 12 сар болгосон явдал. Тэгэхээр бид намынхаа бүлгээр дахин хэлэлцэж ийм шийдвэр гаргах нь зохимжгүй юм байна гэж үзсэн” гэв.

Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчдийн асуултад дараахь байдлаар хариуллаа.

-Чуулганаар Цалинтай ээж хөтөлбөрийг хэлэлцэж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ. Мөн валютын ханш хяналтаас гарлаа. Монголбанктай Сангийн яам ойлголцож чадахгүй байна уу?

-“Цалинтай ээж” хөтөлбөрийг 2016 оны төсөвт хараахан суулгаж амжаагүй. Магадгүй ирэх жилийн төсвийн тодотголоор энэ асуудал яригдаж магадгүй. Засгийн газраас Монголбанкинд үүрэг өгдөг эрх мэдэл байхгүй. Валютын ханш сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Үүнийг Засгийн газраас анхааралтай ажиглаж, хяналтаасаа алдахгүй ажиллаж байна. Гол бэрхшээл нь манай улсын валютын урсгал саарсантай холбоотой. Бидний зүгээс гадаадын санхүүгийн байгууллагуудтай энэхүү асуудлаар хэлэлцээр хийгээд явж байгаа. Энэ ондоо эхний үр дүн гарна. Валютын ханш энэ оны сүүлээр буцаад бууна.

-Гадаадаас авч буй зээл, тусламжийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Томоохон орнуудаас төсвийн дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлт тавьж байгаа.

-Зээл аваад юунд зарцуулах вэ?

-Зөвхөн зээлээ дахин санхүүжүүлнэ. Өндөр хүүтэй зээлээ бага хүүтэй зээлээр солихгүй бол төсвийн зарлага үргэлжлээд байна. Тийм болохоор бид бодлогын өөрчлөлт хурдан хийх хэрэгтэй.

Э.МӨНХТҮВШИН