Нөхрийнхөө амийг хөнөөлгөхөөр бусдад мөнгө өгч аллага захиалсан гэх эмэгтэйн талаарх мэдээлэл нэг хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.  Энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж, бүсгүй хүн алах захиалга өгөөгүй, харин нөхөртөө гүтгүүлсэн ажээ.


 М.Э гэх өдгөө 35 настай иргэн бусадтай нийлж гурван хүүхдийнхээ эхийг хүнд ноцтой гэмт хэрэгт гүтгэж цагдаагийн байгууллагад өгсөн байдаг. Тодруулбал, зурхайч н.Хишигжаргал гэгчтэй нийлж эхнэрээ гүтгэн цагдаагийн байгууллагад өгсөн ч уг асуудлыг хуулийн байгууллаас “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж хаасан байна. Гэвч энэ талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн сувгуудаар цацагдах болсон нь тэдний гурван хүүхдэд  маш хүндээр тусч байгаа аж. Үүнээс болж 13 настай том охин нь сэтгэл санааны гүн дарамтанд орж, сургуулиа хүртэл сольсон  хэмээн эх сурвалж мэдээллээ.

 Улмаар М.Э бусдын нэр хүндэд халдсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Үүгээр ч зогсохгүй М.Э эхнэрийнхээ эх байх эрхийг нь хоёр өдрийн дотор хасуулсан байдаг. Харин эхнэрийнх нь өмгөөлөгч гомдол гаргасны дагуу уг шүүхийн шийтгэврийг хүчингүй болгожээ.

Дээрх хэрэг хоёр ч удаа прокуророос хэрэгсэхгүй болсон хэдий ч М.Э нь эхнэртээ янз бүрийн зүйл тулган шаардсаар байгаа аж. Тухайлбал, “Батбүрдэл” ХХК минийх биш мөн намайг уучлаарай гэх бичиг гаргаж өг гэж шаардаад буй гэнэ.

 Энэ мэтээр эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл, дарамтанд өртөөд зогсохгүй нөхрийнхөө явуулгаар нэр хүндээ хүртэл алдаад буйг хэвлэл мэдээллийн байгууллагууд өөгшүүлж буйд хохирогч эмэгтэй Б ихэд гомдол байгаа аж. Нөгөөтэйгүүр аливаа асуудлын цаана хүүхэд буй гэдгийг ямагт санах хэрэгтэй юм. М.Э-н өсвөр насны охин нь эцэг, эхийнхээ эл асуудлаас болж амиа хорлох гэж хүртэл оролдсон нь цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

 М.Э нь бусдын ятгалгаар, өмч хөрөнгө, шунахайн сэдлээр, бусадтай үгсэн хуйвалдаж өөрийн гурван хүүхдийнхээ эхийг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.