Т.БАТСАЙХАН

 “Малыш” Б.Энхтүвшинг  урьж, ярилцлаа.

-Энэ удаа тантай улс төр ярихгүй, боловсролын салбарт хийж байгаа ажлын тань тухай ярих юм.  Та  TOEFL-д бэлтгэх төвөө хэзээ байгуулсан юм бэ?

 -Манай сургалтын төв 12 жил үйл ажиллагаа явуулж байна. Бэлтгэсэн хүүхдүүд маань 100 хувь TOEFL-д тэнцдэг.   Сургалтдаа 60 хүүхэд авдаг байснаа болиод одоогоор зориуд 21 хүүхэд авч байгаа. Яагаад гэхээр Кембрижийг  21-үүлээ төгсөж байна. Би хүүхдүүдээ задгай, эрх чөлөөтэй байлгадаг. Хүүхэд эрх чөлөөтэй, айдасгүй болоод ирэхээрээ аливааг сайн сурдаг, өөртөө итгэлтэй болдог. Монгол хүүхдэд эрх чөлөө  дутагдаж байгаа нь мэдрэгддэг шүү.

-Задгай, эрх чөлөөтэй гэдэг нь ямар ойлголт юм бэ?

-Сэтгэхүйн эрх чөлөө юм л даа. Тэр эрх чөлөөнд хүрэхээрээ хүүхэд хайр дурлал, сэтгэлийн хөөрлийг хүртэл мартана. Юун үерхэл, шохоорхол. Нүд, хумсаа будахаас татгалзаж сэтгэхүй нь шал өөр болно гэсэн үг.

Тэгж өөрчлөгдсөн хүүхэд л TOEFL-д өндөр оноо авч чадна.  Түүнээс биш найз нөхөд рүүгээ гүйгээд, сэтгэл нь хөдлөөд ирэхлээр тэгээд л нэмэргүй болж байгаа юм. Манай хүүхдүүд яаж тархиа тэлэх үү, яг юуг нь тогтоох уу, тэрийгээ яаж хэрэглэх үү гэдгээ сайн мэднэ.   Гэтэл манай сургуулиудад дэлхийд байхгүй боловсролыг хүүхдэд хүчээр шахаад байна.  Мөн хамгийн аюултай нь багш бүхэн өөрийгөө бүхнийг мэдэгч гэж боддог тэгж хүүхдэд ойлгуулдаг.  Энэ талаар ярихаар одоо намайг бүх сургуулийн багш үзэн яддаг. 1921 онд багш ламын хооронд тэмцэл болсон гэдэг дээ. Тэрнээс долоон дор юм болоод байна.

-Багш нарыг үгүйсгэх нь нэг талаар буруу ойлголт биш гэж үү?

-Манай нийгэмд хоёр их мэдэгч байна.  Бүхнийг мэддэг нам, багш хоёр байгаа. Энэ хоёрыг л зогсооё.  Намд юм бүтээдэг хүн нэг ч алга.  Мөн багш гэж хүүхдэд бүхнийг мэддэг гээд итгүүлсэн хүн байна.    Америкийн TOEFL-д тэнцээд явсан хүүхдийн  тэтгэлэг 2000 ам.доллар байна.  Гэтэл багш нь 100 мянган ам.долларын цалин авч байна.  Үүнээс юу харагдаж байна гэхээр тэнд тэтгэлэг аваад явсан оюутан чухал болохоос багш чухал биш юм. Харин манайд сурган хүмүүжүүлэх ухаан гэж буруу ярьдаг, ойлгодог.  Хүнд сургадаггүй, хүн өөрөө сурдаг юм.   

-Та ардчилалд тодорхой хувь нэмрээ оруулсан хүн.  Харин боловсролын салбартай хэзээнээсхолбогдчихов?

-Ер нь анхнаасаа л холбоотой байсан даа. Би 23 дугаар сургуулийг 16 настайдаа төгссөн. Тэгээд шууд орос руу наймаанд явж Оросын аюулаас хамгаалах яамны хяналтад орж байлаа. Түүний дараа тагнуул хийх авъяас маань тодорсон. Тэгээд тагнуулын албанд ороход хурандаа генерал Дэжид гэдэг хүн “Чи хүнтэй харьцаж сур” гээд намайг багш болгосон.  Ингээд 17 настайдаа нийслэлийн 19 дүгээр сургуульд орос хэлний багш боллоо. Миний дааж авсан анги ангиараа орос сургууль төгсөж байгаа юм шиг  сайн сурч билээ. Мөн би 17 настай байхаасаа монголчууд хэлний авьяастай гэдгийг мэдэрсэн хүн дээ.  Түүний дараа Америкт бүтэн 10 жил суралцсан байна.   Ирээд англи хэл дээр шууд шалгалт зааж болдог болов уу гэж их эргэлзсэн дээ. Мөн англи хэлээр бичиж сурах их хэцүү байх аа гэж бодож явсан.  Тэгээд эртний нэг судраас “Бичиж сурахад эхлээд хуул, товчил, иш тат, тэгээд холбо” гэдэг үг байсан.  Тэндээс бичиж  сурах аргаа олж байлаа.  Үүнийгээ би аргазүйгээ болгосон.

-“Бичиж сурахад эхлээд хуул, товчил, иш тат, тэгээд холбо” гэдэг таны өөрөө англиар бичиж сурсантөдийгүй бусдад сургадаг таны нэг арга барил юм байна. Тийм үү?

-Тийм шүү.  Энэ үгийн утгыг сайтар ухаж ойлгоод би тэр үедээ Хөвсгөл аймгаас ирсэн 17 оёдолчин эмэгтэйгээс “Та нарт би англи хэл үнэгүй заая” гэж гуйж байлаа.  Тэд маань ч зөвшөөрөөд  нэг сар англи хэл заалаа.  Маш сайн сурсан шүү. Түүнээс хойш хүнийг сургаж чадах юм байна гэж өөртөө итгэсэн.  Тэгээд Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургууль, 23 дугаар гээд хэд хэдэн сургуульд англи хэлний багшаар ажиллалаа. Тэр үед багшийн цалин 60 мянга байлаа.  Тэрүүгээрээ сар амьдардаг байсан. Энэ мэтчилэн бүхий л жаргал зовлонг бодитоор мэдэрсэн маань надад туршлага болсон доо.  Миний шавь нарын дуудлага, бичлэг бүгд Америкт сурч байгаа юм шиг гарч чадсан.

-Тэгээд та сургалтын төвөө бас тодорхой хугацааны дараа нээжээ. Ер нь яагаад заавал TOEFLгэж?

- Манайх шиг буурай оронд  гайхалтай давуу тал юм.  Дэлхийн 184 орон монголын жирийн иргэний өмнө үүдээ нээж байна. Тэрний шалгуур нь ердөө л  TOEFL юм.  TOEFL-ийг хүмүүс одоо хүртэл зөвөөр ойлгодоггүй, англи хэлний сургалт гэж боддог.  Энэ бол гадаад улсуудад зориулсан шалгуур биш.  Америкт төрөөгүй ч америкийн иргэн болоход зориулсан шалгуур юм.  Энэ шалгалт нь “Чи америкт төрсөн хүмүүсээс илт давуу гэдгээ харуулаадах” гэсэн санаатай юм. Тэгээд 84-өөс дээш оноо авсан хүүхдэд шууд тэтгэлэг өгч байна.  Саяхан манай нэг охин  Индианагийн их сургуульд 76 оноогоор явсан. TOEFL нь 21 шинжлэх ухааныг агуулдаг. Түүнийг уншиж ойлгоно гэдэг бол ердийн америк иргэнээс 5000 үг илүү цээжилж байж ойлгоно. Мөн богино хугацаанд 360 үгтэй эссег англиар бичнэ гэдэг тийм амар биш. Тэгэхээр энэ бүхнийг монгол хүн чадаж байгаа нь гайхалтай.

-Та дээр манай хүүхдүүд 100 хувь ToЕfl-д тэнцэж байна гэсэн. Үүний нууц нь юу юм бэ?

- Бид хүүхдийг есдүгээр ангиас нь аваад 16 сарын турш мэдээ мэдээллээр хангаж байгаа.  Харин сүүлийн 16 сарыг өөрөө авч 12 дугаар ангидаа TOEFL-д 80-аас дээш оноо авч байна.  Бид энэ амжилтаараа дэлхийд эхний гуравт явж байна.  Он гараад сургуулийнхаа амжилтыг олон нийтэд зарлана. Их удаан тэслээ, одоо зарлахаас өөр аргагүй.  Ийм амжилтыг удаан нууж болохгүй бас муухай.   Бид чадсан юм чинь та бүхэн чадна гэсэн мессежийг хүмүүст хүргэх гэж байна.  Ер нь би хүүхдийн сэтгэлзүйг их судалдаг. Дурламтгай хүн амжилтад хүрэхгүй, сэтгэл тогтуун хүн л дээшээ явдаг юм байна гэдгийг мэдэрсэн. Мөн хүүхдүүддээ “Өөртөө хэрэгтэй бай, бусдад хэрэгтэй бай” гэж  байнга хэлдэг.   Одоогоор манай төвийн зарчим нь “Хамааралгүй амьдрах ухаан” юм.  Үүгээрээ хүүхдүүддээ сэтгэхүйн эрх чөлөөг олгож байна гэх үү дээ.  Мөн сургалтаа 12 жил явуулсны дараа би монгол эмэгтэйчүүд монголын брэнд юм гэдгийг мэдэрлээ. Ялангуяа манай охидууд супер авьяастай гэдэг нь ажиглагдсан. Монгол яаж хөгжих вэ гэхээр эрх мэдэлтэн нь эмэгтэй болсон цагт л хөгжинө. Филиппин  эмэгтэйчүүд айлын хүүхэд сайн харж чаддаг, гэр цэвэрлэж чаддаг бол монгол охид дэлхийн дэмжээнд TOEFL-ийн багш хийх цаг ойрхон байна гэдгийг мэдэрлээ.   Ер нь аливаа улсын хөгжил залуу охидуудаас хамааралтай. Охидууд ухаалаг, боловсролтой байх тусмаа хөвгүүд нь таалагдахын тулд өөрийгөө дайчилдаг.  Тэгэхээр хөдөлгөгч хүч нь охид эмэгтэйчүүд юм. Боловсролтой эмэгтэйн үнэлгээ, тэдний ярьж байгаа зүйлс илүү бодитой байна. 

-Эрэгтэйчүүд яагаад гологдчихов?

-Хөвгүүд их унтаж байна. Хичээл заана унтаад л байдаг. Тэгээд эрчүүдэд төр барих эрх өгөхөөр хуйвалдаж, худлаа ярьж, хулгай хийж байна.  Мөн эрчүүд юм хийдэг нэгнээ дарж хаячихаад хийдэггүй хэд нь хоорондоо хуйвалддаг ийм л байдалтай байдаг. 

-Эргээд хоёулаа боловсролын асуудал руу оръё. Ер нь манайхан тэтгэлгийг сайн ашиглаж чадаж байна уу?

-Энэ шалгалтыг га­даа­дынхан их өгч байна. Саяхныг хүртэл дэлхийн хэмжээнд TOEFL-д хамгийн их амжилт олдог нь Хятад байлаа. Гэтэл Энэтхэг гүйцээд ирлээ.  Түүний араас Хятад, Саудын Араб явж байна. Энэ гурван орон бол өнөөдөр дэлхийд  хөгжлөөрөө тэргүүлж байгаа. Америкаас судлаачид ирж манайд судалгаа явуулаад жилд 5000 хүүхэд тэтгэлгээр авахаар болсон байдаг.  Тэгээд би яагаад 5000 юм бол гэж их бодлоо. Тэгсэн манай шоронд 5000 хүн суудаг юм байна. Муу хүн нь 5000 байдаг юм бол нийгмээ авч явах нь бас тэр хэмжээнд байна гэсэн тооцоогоор тэнцэтгэл хийж энэ тоог үлдээсэн байдаг.  Гэтэл жилд 40-48 хүн АНУ-д тэтгэлэг авч байна. Түүний 20-28-ийг манайх явуулж байгаа. Үлдсэн нь хаанаас вэ гээд сонирхоод үзэхлээр “Хобби” ,”Орчлон” гээд өндөр төлбөртэй дунд сургуулиудаас алга. Америкийн энх тайвны корпусын сайн дурын залуус манай орны гурван сум тутмын нэгд хүрч ажилласан. Тэрний үр дүнд тэндээс амжилт үзүүлсэн байна лээ.  Монгол хүүхдүүд хаана яваад байна гэхээр элсэлтийн шалгалт өгч зөвхөн их сургуульд мөнгө төлөхийн төлөө яваад байгаа. Тэтгэлгийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна.  Монголынхоо их сургуульд орж чадвал амжилт аврал гээд хүмүүс ойлгож байна.  Мөн аав ээж нь хүүхдийнхээ хөгжлийн бодит дайсан байдаг. Үүний ганц гаргалгаа нь хүүхэд дуртай юм аа л хийх ёстой юм шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин