500 гаруй цэрэг цас цэвэрлэв
2016/11/23
Энэ сарын 17-18-нд шилжих шөнө нийслэлд зарим газраар 23 см хүртэл цас орсон. Засаг даргын уриалгын дагуу нийслэлийн болон харьяа байгууллагуудын бүх албан хаагчид ажиллаж хуваарьт газруудаа сайн цэвэрлэсэн бөгөөд өнгөрөгч бямба гаригийн шөнө нийслэлийн төвийн 6 дүүргийн ТҮК-ийн 97 машин, 300 хүн гол замуудаа цэвэрлэсэн байна. Хэдий ийнхүү цэвэрлээд байгаа ч шөнө нь цас хялмаалаад хальтиргаа гулгаа нэмэгдэж байна.
Үүнтэй холбоотой Нийслэлийн цас цэвэрлэгээнд ахлах ангийн сурагчид, оюутан болон цэргийнхнийг оролцуулах шийдвэрийг хотын дарга С.Батболд гаргасан. Мөн цас цэвэрлэх уриалгад цэргийн анги байгууллагууд нэгдэж тодорхой хэсэгт алба хаагчид хуваагдан ажиллахаар болсон. Тухайлбал Баянзүрх дүүргийн Арслантай хөшөөнөөс "Нарантуул захын уулзвар" хүртэл цэргийн 014,015,032 дугаар ангийнхан, Хан-Уул дүүргийн Яармагийн гүүрнээс Нисэхийн уулзвар хүртэл цэргийн 013, 017,089,120 дугаар ангийнхан, Чингэлтэй дүүргийн Дөлгөөн нуур уулзвараас Гэсэр сум хүртэлх замын цасыг цэргийн дүйцүүлэх албаныхан цэвэрлэхээр болжээ. Цас цэвэрлэгээнд нийт 500 гаруй хүн оролцож, цэргийн ангийнхаа 33 техник автомашиныг ашиглаж байна.
Иргэд ч энэхүү үйл ажиллагаанд таатай хандаж цахим ертөнцөөр цэргийн алба хаагчиддаа баярлаж байгаагаа илэрхийлсээр байна.