”Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн II үе шатыг хэрэгжүүлнэ
2016/11/23
Герман-Монголын хамтын ажиллагааны "Тогтвортой хөдөө аж ахуй" төслийн II үе шатыг хэрэгжүүлнэ
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2016 оны 11 дугаар сарын 12-ноос 19-ны өдөр албан ёсны ажлын айлчлал хийлээ.
Уг айлчлалын хүрээнд Дэд сайд Ж.Сауле Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Блезер болон албаны бусад хүмүүстэй уулзаж, тус улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, Герман- Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн 2 дугаар үе шатыг 1сая еврогийн төсвөөр эхлүүлэх талаар яам хоорондын хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан байна. Уулзалтын үеэр талууд цаашид мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, тус яамны төлөөлөгч нарын хамтаар “Тогтвортой хөдөө аж ахуй” Төслийн удирдах хорооны хуралд оролцлоо. Өнгөрсөн хугацаанд Монгол улсад хэрэгжсэн төслийн үйл ажиллагаа, үр дүнг дүгнэн, ХБНГУ-ын талаас төслийг хэрэгжүүлэгч АРГЕ ИАК консорциумын төлөөлөлтэй Герман- Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн 2 дугаар үе шатыг 1сая еврогийн төсвөөр Монгол улсад хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Түүнчлэн Нидерзахсен мужийн хэрэглэгчдийн хамгаалал хүнсний баталгаат байдлын газрын удирдлагуудтай уулзаж тус улсын малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааны тогтолцоо, арга хэмжээний талаар туршлага судалж, цаашид хамтарч ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Айлчлалын хүрээнд хийгдсэн бас нэгэн томоохон ажлуудын нэг нь тус улсын тариалангийн даатгалын тогтолцоо, даатгалын болон давхар даатгалын компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Тодруулбал ГФФАУ даатгалын компани, Ханновер Рюк Концерны удирдлага, ажилтнууд болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөлтэй уулзаж, цаашид Монголын даатгалын компаниудын боловсон хүчнийг чадавхижуулах, Тариалангийн даатгалын тухай хуулийг боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө авах чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцов. Түүнчлэн Холбооны хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Холбооны сортын агентлагийн удирдлагуудтай уулзаж, сорт сорилтын загвар станц байгуулахаар тоног төхөөрөмж нийлүүлэх, ажилтнуудыг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллах талаар тогтлоо.
Айлчлалын үеэр ХБНГУ-ын Ханновер хотод зохион байгуулагдсан EUROTIER үзэсгэлэн яармгийн үйл ажиллагаатай танилцжээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ