МАН улс төрчөөр, "Монголын Зэс" олон улсын хэмжээний менежерээр "Эрдэнэт" үйлдвэрийг удирдуулах сонирхолтой байна
2016/11/24
Өнгөрсөн Баасан гарагт "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар хэнийг томилох вэ? гэдэг асуудал нэг шат ахиж, шийдэгдэхэд нэг алхам ойртжээ.
Үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч "Монголын зэс" компаний хувьд нөөц нь дуусч байгаа, өр төлбөр ихтэй, техникийн хоцрогдолтой гэх тус үйлдвэрийг Монголын улс төрчдийн нөлөөллөөс харьцангуй ангид олон улсын менежментээр удирдах сонирхолтой байгаа бөгөөд энэ ч утгаараа "Оюутолгой" компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Камерон Макрей, Эндрью Вүүдлэй нар болон "Эрдэнэс Оюу Толгой" компанийг удирдаж байсан, "Эрдэнэт" үйлдвэрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн Да.Ганболд нарыг "Эрдэнэт" үйлдвэрийн захиралд нэр дэвшүүлжээ.
Харин Засгийн газар буюу түүнийг бүрдүүлж буй МАН аанай л намынхаа гишүүн, улс төрчдөөр "Эрдэнэт" үйлдвэрийг удирдуулах хүсэлтэй байгаа бололтой. Үүнтэй холбоотойгоор бараг 10 -аад хүний нэр яригдсан ч эцэст нь УИХ-ын гишүүн асан, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэнг "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлаар томилуулахаар санал нэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор энэ долоо хоногт "Эрдэнэт" үйлдвэрийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж, үйлдвэрийнхээ шинэ захирлыг томилох аж. Юутай ч МАН-ын улс төрч захирал томилох хүсэл дийлэх нь үү? "Монголын Зэс" компаний олон улсын хэмжээний менежментээр "Эрдэнэт" үйлдвэрийг удирдуулах шийдэл дэмжигдэх нүү? гэдэг гагцхүү цаг хугацааны асуудал болжээ.
П.Энхмандах