Монгол улс тунхагласан түүх
2016/11/25
МАХН-ын Төв хорооны бүгд хурал 1924 оны 6 дугаар сарын 7-нд хуралдаж БНМАУ-ыг тунхаглах шийдвэр гарчээ. МАХН-ын Төв хорооны бүгд хурлаар “...бүгд найрамдах ард улсын засгийг явуулваас зүйтэй болох ба Дажунтан хэмээх их ерөнхий даргыг сонгохгүй улсын дээд эрхийг улсын их хуралд хадгалж хурлын чөлөө цагт Засгийн газар хадгалах ба бүгд найрамдах ард улсын засгийг явуулах их баярыг зургаан сарын шинийн зургааны /1921-07-11/ өдөр улсын их баяртай хамтатган явуулж оны цолыг мөнхүү өдрөөс эхлэн Монгол улсын арван дөрөвдүгээр он хэмээн халах явдлыг Засгийн газраа явуулан гүйцэтгүүлэхээр хэлэлцэн тогтов” хэмээн тогтжээ.
МАХН-ын Төв хорооны бүгд хурлаас тус оронд Бүгд найрамдах улсыг тунхаглахтай холбогдуулан доорхи шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
- Богд хааны тамгыг Засгийн газар шилжүүлэн авч хадгалах.
- Тус улсад улсыг толгойлох ерөнхийлөгчгүй бүгд найрамдах засаг бий болгож, засгийн дээд эрхийг улсын их хурал ба түүнээс сонгогдсон Засгийн газарт шилжүүлэх.
- БНМАУ-ын ойн баярыг Монгол улс байгуулагдсан ойтой хамтатган тэмдэглэх.
- Олноо өргөгдсөн оны цолыг сольж Монгол улсын он эхэлсэн энэхүү 14 оныг цаашид үргэлжлүүлэн тоолох.
Эдгээр шийдвэрийг нийтэлж, Засгийн газрын бүх төлөөлөгчдөд тараан өгөхийг Дотоод яаманд даалган гүйцэтгүүлжээ.
Намын төв хорооны 1924 оны зургаан сарын бүгд хурал, МАХН-ын III их хурлын шийдвэрийг биелүүлэхийн тулд улсын их хурлын бэлтгэл ажлыг хангаж, түүнийг зарлан хуралдуулах, шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг үргэлжлүүлэн хийж байв.
БНМАУ-ын анхдугаар их хурал 1924 оны 11 дүгээр сарын 8-ны өглөө Нийслэл хүрээндэх МАХН-ын Төв хорооны байранд /Одоо Улаанбаатар зочид буудал байгаа/ нээж, хурлын тэргүүлэгчдийн байрны хана туургыг В.И.Ленин, Д.Сүхбаатар нарын хөрөг, эв нэгдлийг бэлгэдсэн эвтэй дөрвөн амьтны зургаар чимэглэж, хурлын байрны гадна талд улаан даавуун дээр олон лоозон бичиж хадан улс төрийн үйл явдлыг тодотгон харуулжээ.
“Монгол улсын арван дөрөвдүгээр он арван сарын арван хоёр бөгөөд аргын улирлын арван нэгэн сарын наймны өдөр Бүгд найрамдах монгол ард улсын анхдугаар их хуралд хуралдваас зохих төлөөлөгч ерэн таван хүн болохоос далан таван хүн хуралдан ирсэн нь даруй гурван хувийн хоёр хувиас дээш болсон учир мөн өдрийн арван хоёр цагт Монгол ардын засгийн газрын ерөнхий сайд Цэрэндорж, дүрмийн ёсоор удирдан нээсэн Бүгд найрамдах монгол ард улсын анхдугаар их хурал хурлын тогтоолоор дүрмийн ёсоор тус хурлын тэргүүн дэд дарга, нарийн бичгийн дарга нарт хэн хэнийг сонгохыг хэлэлцээд тэргүүн даргад Нийслэл хотын төлөөлөгч Жадамба, дэд даргад Дөрвөдийн баруун аймгийн төлөөлөгч Бадрах, нарийн бичгийн даргад Нийслэл хотын төлөөлөгч Гэлэгсэнгэ, Хан Хэнтий уулын аймгийн төлөөлөгч Дугаржанцан нарыг сонгож тус хурлын элдэв хэрэг зүйлийг эрхлүүлэв” хэмээжээ.
Аймаг, шавь хошуудаас их хуралд сонгогдож ирсэн төлөөлөгчдийг бүртгэн аваад зүүн энгэрт нь улаан ягаан торгоор хийсэн цэцэг зүүж байсан нь Улсын их хурлын төлөөлөгч мөн болохыг илтгэх бөгөөд түүгээрээ Улсын их хурал болон МАХН-ын Төв хороо, Засгийн газар нэвтрэх “мандат” болдог байжээ.
Их хурлын хэлэлцсэн үндсэн нэг асуудал нь БНМАУ-ын үндсэн хууль байв. Анхдугаар үндсэн хууль нь 6 бүлэг, 50 зүйлээс бүрджээ. Үүнд: 1-р бүлэг нь “Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг илтгэн тунхаглах нь” 2-р бүлэг нь “Улсын дээд эрхийг барих газрын тухай”, 3-р бүлэг нь “Нутгийн захиргааны тухай”, 4-р бүлэг нь “Сонгох, сонгогдох эрхийн тухай”, 5-р бүлэг нь “Улсын орлого зарлагын эрхийн тухай”, 6-р бүлэг нь “Улсын тамга, сүлд, тэмдэг туг далбааны тухай” нарийвчлан тогтоожээ.
Их хурал 11 сарын 24-25-ны буюу 13-14 дэх өдрийн хуралдаанаараа үндсэн хуулийг зүйл тус бүрээр хэлэлцэж “Монгол улсын арван дөрөвдүгээр он арван сарын гучин бөгөөд аргын улирлын арван нэгэн сарын хорин зургааны өдрийн үдийн хойд дөрвөн цаг арван долоон минутанд энэхүү үндсэн хуулийг улсын анхдугаар их хурлын арван дөрөвдүгээр тогтоолын нэгдүгээр зүйлд батлав” хэмээн “нэгэн зэрэг гар өргөн алга ташиж уриа хашгиралдан баярлалдан бахархан баталсан ” хэмээжээ.
1924 оны 11 сарын 29-нд их хурал бүх ажлаа дуусгаж, өргөн цайллага хийсэн ба үдэш нь ёслолын буудлага хийсэн байна.
Анхдугаар их хурлын тухай их зохиолч Д.Нацагдорж “...үзэгдээгүй сонин гайхамшигт явдал болж олон ард түмний сэтгэлийг их хөдөлгөсөн” үйл явдал болсон хэмээн тэмдэглэн үлдээжээ.
Анхдугаар үндсэн хууль
Улсын анхдугаар их хурлын төлөөлөгчид