Хятадын тал Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчдийн энэ сарын 28-нд БНХАУ-д хийх айлчлалыг хойшлуулсан шалтгаанаа албан ёсоор тайлбарлалаа. Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч салбарын асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийх үеэр Монголын төлөөлөгчдийн айлчлалыг цуцалсан нь үнэн үү? Үнэн бол яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэж тодруулахад дараах хариултыг өгчээ.

“Бид Далай ламын Монгол дахь айлчлалын талаар албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Далай ламын айлчлалыг хүлээн авсан Монголын талын алдаатай үйлдэл Хятад-Монголын харилцааны улс төрийн үндэс сууринд хүртэл сөргөөр нөлөөллөө. Хятадын гол ашиг сонирхлыг Монголын тал гүнээ хүндэтгэн, дээрх алдаатай үйлдлээс урган гарсан сөрөг үр дагаврыг арилгахын тулд үр дүнтэй арга хэмжээ авч, хоёр улсын харилцааг тогтвортой хөгжлийн замд нь буцаан оруулахыг БНХАУ-ын зүгээс шаардаж байгаа” гэж  хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан мэдэгджээ.  

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Бээжингийн байр суурийг ийн илэрхийлсэн бол Монголын Засгийн газрын ОНХМХ-ийн дарга  Г.Отгонбаяр хэлэхдээ төлөөлөгчдийн айлчлалын хугацааг хоёр тал дипломат шугамаараа дахин тохирно гэж өчигдөр албан бусаар Твиттерт мэдэгдсэн. Гэхдээ Хятадын талын хүсээд байгаачлан зүгээр ч нэг дипломат шугамаар айлчлалын товыг дахин гаргаж өгөөч гэж хүсээд шийдэгдэх асуудал энэ биш бололтой. Ялангуяа эдийн засгийн хүнд байдалд орсон манай улс бадар барихаар урд хөршийг царайчилж буй ийм үед тэд өөрсдийн давуутай байр сууриа мэдрүүлэх гэж оролдох нь мэдээжийн хэрэг. Харин тэд Далай ламын айлчлалын улмаас хоёр улсын харилцаанд үүссэн “сөрөг үр дагавар" гэгчийг  чухам ямар арга замаар арилгуулахыг хүсээд байна гэдэг хамгийн их анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл тэд Монголын талаас юу хүсээд байна вэ? Юу хийвэл харилцаа урьдын адил хэвийн түвшинд очлоо гэж үзэх вэ гэдэг асуулт эндээс урган гарч ирж байна.

Ямартай ч, манай талаас Хятадын талтай ярилцаж зөвшилцөх болно гэж Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил мэдээллээ. Тэрбээр үүсээд буй нөхцөл байдлын талаар өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө ганцхан Шадар сайд У.Хүрэлсүхийн айлчлалаар ч зогсохгүй өөр гурван ч  томоохон уулзалтыг Хятадын талаас цуцалсан гэдгийг хэллээ. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын айлчлал, ОХУ-Монгол-Хятад улсын Зам тээврийн сайдуудын уулзалт, Монгол-Хятадын парламентчдын уулзалтыг тус тус цуцалжээ.

Хятадын тал ийнхүү Далай ламын айлчлалаас үүдэн Монголд хатуурхаж буй талаар Гадаад хэргийн сайд байр сууриа илэрхийлэхдээ "Далай ламын Монгол улсад хийсэн айлчлал Засгийн газартай огт холбоогүй. Зөвхөн Гандантэгчинлэн хийдээс зохион байгуулсан, дан ганц номын айлчлал байсан. Монголын улс төр, шашин тусдаа, ямар нэгэн холбоогүй. Хятадын талаас ийм мэдэгдэл гаргасанд харамсч байна. Сүсэгтэн олонд хүлээлт байсан учраас Далай лам Монголоор дайраад явсан" ггэж тайлбар өглөө.

Бидэнд тайлбар өгөх нэг хэрэг. Харин цаад улсдаа үүнийгээ итгүүлэн үнэмшүүлэхүйц тайлбар өгч, байр сууриа илэрхийлэхэд жинхэнэ дипломатын нарийн арга ухаан шаардах нь дамжиггүй. Хятадын тал өөрийн байр суурийг хатуу мэдрүүлж буй шиг Монгол Улс ч дотоод хэргээ шийдэхэд хэн нэгний заавар зөвлөгөө хэрэггүй гэдэг бие даасан байдлаа мэдрүүлэх хэрэгтэй болж байх шиг. Гагцхүү энэ байр сууриа худалдааны хамгийн том түнштэйгээ харилцаагаа дордуулахгүйгээр илэрхийлэхэд л Ц.Мөнх-Оргил сайдын тэргүүлсэн Гадаад хэргийн яам, Монголынын дипломатчдын ур ухаан хэрэгтэй болох нь.

Б.Сэвжидмаа

www.newscom.mn