Салбартаа гологдсон сайд
Улсын онцгой комисс хурал дээр эрүүл мэнд сайд А.Цогцэцэг хатуухан зэмлэл хүртжээ. Тодруулбал, өвөлжилт хүндэрсэн аймгуудад Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэн яаралтай үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамыг “Нэг автомашин бэлэн байдалд оруулж ажиллуул” гэсэн үүргийг Шадар сайд У. Хүрэлсүх А.Цогцэцэг сайдад даалгасан байна. Гэвч Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг  энэ асуудлыг шийдэж чадаагүй байна. Энэ талаар тэрбээр “Энэ бол 29 сая төгрөгийн асуудал. Засгийн газраас мөнгө гаргахгүй бол Эрүүл мэндийн яам дотоод нөөц бололцоогоор шийдэх боломжгүй” гэсэн тайлбарыг өгчээ.

Харин үүний хариуд У.Хүрэлсүх сайд “Наад асуудлаа Засгийн газрын хуралдаанд оруулаад яаралтай шийд л дээ. Дарга хүн бол асуудал шийдэх гэж дарга хийдэг. Зовлон ярих гэж сайд хийдэггүй юм. Ажил хийдэг, асуудлыг шийддэг хүн сайдын албыг хашдаг. Энэ машины асуудлыг генерал Бадрал шийд. Төрийн сайдын бяр нь хүрэхгүй байна” гэлээ.

Ийнхүү хөөцөлдөөд хөөцөлдөөд бүтээж чадаагүй Эрүүл мэндийн сайд хатуухан шүүмжлэлийг У.Хүрэлсүх сайдаас хүртлээ. Арьсны өвчийн судлалын үндэсний төвийн захирлаар багагүй хугацаанд ажилласан, салбартаа  бол туршлагатай нэгэн хэмээх сайн тодотголтой сайд энэ удаад үүрэгт ажлаа хийж чадалгүй “муу” дүн авлаа.

П.ГОО
Оллоо.мн