Монгол Улс, Франц улсын харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв
2013/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Франц улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус бараалхав. Францын гадаад хэргийн сайдын айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон 1965 оноос хойш Монгол Улсад Гадаад хэргийн сайдын төвшинд хийж буй анхны айлчлал болж байгаа юм. Ноён Лоран Фабиус нь 1984 онд 37 настайдаа Францын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болж байсан, улс төрд нийтдээ 40 жил зүтгэж байгаа хүн юм.
Уулзалтын үеэр Монгол Улс, Франц улсын хооронд соёл, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.Соёлын дипломат харилцаа нь хоёр талын харилцааны чухал салбар юм. Франц улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус “Монгол бол соёлын арвин их түүхтэй улс” гээд Монгол Улсын Соёл, спорт, аялал, жуулчлалын сайд удахгүй Францад айлчилна. Тэр үеэр Луврын музейд Монголын соёлын үзэсгэлэнг зохион байгуулахаар ярилцаж байгааг тэмдэглэв. Мөн Францаас Монгол Улсад авчирсан “Монбелъярд” үүлдрийн 150 үнээ газар нутагтаа идээшин зохицоод байгаа талаар дурдав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг Төрийн тэргүүнээр дахин сонгогдож тангараг өргөх үеэр БНФУ-ын Хүнс, хөдөө аж ахуй эрхэлсэн сайд Г.Гаро оролцсонд талархал илэрхийлээд хоёр орны харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн, түүний дотор БНФУ нь 2012 онд Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг баталгаажуулах тухай хамтарсан тунхаглалыг дэмжин гарын үсэг зурсанд талархаж байна гэлээ.
БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ирэх 2014 оны нэгдүгээр сард Францад айлчлуулахаар урьсныг Франц улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус мэдэгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч уг урилгыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд эрхэм Ерөнхийлөгч Франсуа Олландад хариу мэндчилгээ дэвшүүлэв.