МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй гэх шийдвэрийг СЕХ-ноос гаргаж байсан билээ. Саяхан мөн шүүхийн шийдвэр гарч энэ эрхэм ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд ч нэр дэвших боломжгүй гэдгийг мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор Н.Энхбаяр Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг Улсын Дээд шүүх хянан хэлэлцээд "Тодорхойлолт"-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байна. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярын ял эдлэх хугацаа дуусаагүй тул сонгуульд нэр дэвших боломжгүй гэсэн үг юм.

Н.Энхбаярт холбогдох хэргүүдийг эргэн сөхвөл, МИАТ компанийн Улаанбаатар Сөүлийн чиглэлийн нислэгээр 3333 кг ачаа буюу ном үнэгүй тээвэрлүүлж, 30 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон.  Мөн Японы “Агошү” шашны байгууллагаас өгсөн телевизийн тоног төхөөрөмжийг завшиж Гандантэгчинлэн хийдэд хохирол учруулсан. Хотын Засаг дарга байсан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга байсан Н.Болормаа, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга асан Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хувьчлах нэрээр худалдаж авсан.

Мөн Н.Энхбаяр “Эрдэ­нэт” үйлдвэрийн захи­рал байсан Х.Наранхүү, “Хэлон” компанийн захирал Ж.Мяг­мар­жаргал нартай бүлэглэн ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр 3,9 тэрбум төгрөг завш­сан хэргүүд нь хавтаст хэрэгт байгаа баримтаар нотлогдсон гэж үзлээ.

Ингээд Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэлд нь төрийн албан тушаал хаших эрхийг нь гурван жил хасч, бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь 25 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, долоон жил хорих ял оноов.

Уг нь Улсын яллагч Н.Энхбаярт 8,6 жил хорих ял оноох санал гаргасан боловч шүүгдэгч нарт оноосон ялын тодорхой хэсгийг 2008 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Ингэснээр Н.Энхбаяр биеэр эдлэх ял дөрвөн жил болсон юм.

Харин хохирол барагдуулах тухайд Н.Энхбаяраас 54 сая төгрөг гаргуулж Гандантэгчинлэн хийдэд өгөх, ХААН банкны дансанд байгаа 89359 ам.доллар, Сүхбаатар дүүрэгт байрлах орон сууцны байрнаас түүнд оногдох хэсгийг хураахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэхийнхэнд даалгахаар болов. Түүнчлэн шүүх ТВ-9 телевизийн орлогыг улсын орлогод хураахаар шийдвэрлэсэн юм. 

Н.Энхбаяр МИАТ компаниар бичсэн найман боть номоо тээвэрлүүлж, учруулсан хохирол болох 30 сая төгрөгийг барагдуулах, Япон улсын “Агошү” шашны байгууллагаас Гандантэгчинлэн хийдэд олгосон телевизийн тоног төхөөрөмжөөр бай­гуулсан ТВ-9 телевизийн тусгай зөвшөөрлийг Гандантэгчинлэн хийдийн мэдэлд шилжүүлэх, “Эрдэнэт” үйлдвэрт учруулсан хохирлоос 3,9 тэрбум төгрөгийн хохирлоос 1,9 тэрбумыг нь төлүүлөх са­налтайгаа илэрхийлсэн. Түүнчлэн хууль бусаар хувь­чилж авсан “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшсэн хөрөнгө болох 750 сая төгрөгийг нийслэлийн мэдэлд шилжүүлж, хувьчлалыг хүчин­гүй болгохыг шаард­лагатай гэж байв. 

2012 оны 4 дүгээр сард Авлигатай тэмцэх газар түүнд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа саад учруулсан гэх үндэслэлээр цагдан хорьсон.

Хориход байхдаа Энхбаяр нь төрийн ажилтнуудад салаавчаа гарган танхайрч элдвээр хараан зүхэж байгаа бичлэг нь олон нийтэд түгж нийтийг цочроосон юм.


Шүүхээс түүнд төрийн тэргүүний албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 2 жил 6 сарын ял оноосон бөгөөд ялын хугацааныхаа тодорхой хэсгийг 
клиникийн 2-р эмнэлэгт эмчлүүлж өнгөрүүлсэн. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны 8 сарын 1-нд зарлиг гарган, хорих 401-р ангид ял эдэлж байсан ялтан Энхбаярт уучлал үзүүлэн ялаас чөлөөлжээ.

2012 оны 4 сараас хойш Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа ба туслах нарыг нь Монгол улсын Засгийн Газар түүний хахуулийн хэрэгтэй холбогдуулж сэжигтнээр татсан боловч тэдгээр иргэд гадаадад зугтан гарч одоог хүртэл Интерполоор олон улсад эрэн сурвалжилж байгаа юм.

Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн зургаан сард болж өнгөрсөн энэ удаагийн сонгуульд нийслэлд нэр дэвших бодолтой байсан. Гэсэн ч хуулийн байгууллагаас түүний ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэх үндэслэлээр нэр дэвшүүлээгүй юм. Тэрбээр хоригдож байхдаа өлсгөлөн зарлаж байсан билээ. Улмаар Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан. Гэсэн хэдий ч өөрийгөө цагаатгагдах ёстой гэж үздэг тэрбээр энэ удаагийн сонгуульд өөрийнхөө оронд эхнэр О.Цолмонгоо нэр дэвшүүлсэн. Хэдийгээр түүний эхнэр нэр дэвшсэн ч Н.Энхбаяр өрсөлдсөн бол хар дансанд орсон хүмүүсийн нэг байх юм. Тэрбээр нийслэлийн 75 дугаар тойрогт эхнэрээ нэр дэвшүүлээд хамтдаа зургаа татуулан сурталчилгаа хийсээн.

Нэгэн цагт Монгол Улсын түүхэнд их эзэн Богд Чингис хаа наас хойш “тодорсон” агуу хүн, үндэсний гарамгай удирдагч хэмээн алдаршиж, өөрийгөө ч ийн “пиардаж” цагтаа төрд салбар хариуцсан сайдаас Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч болтлоо алдрын титэм асааж явсан эрхэм буюу Намбарын Энхбаяр. Туйлын хорсолтой бөгөөд монгол хүнд үл зохих жудаггүй авир араншинг аль аль талаасаа гарган арцалдаж эхэлсэн нь содон төдийгүй жигшилтэй. Монголын “элит” гэж өөрсдийгөө өргөмжлөн дөвийлгөж өөрөө өөртөө “дурлаж” үнэмшсэн “амьтад” өнөөгийн улстөрчид дотор ямар олон байгаа юм бэ? гэх харуусал эрхгүй төрж байна. Н.Энхбаярт итгэл үнэмшлээр монголчууд түүнд Ерөнхийлөгчийн сэнтийд залартал халуун сэтгэлээ өгч ирсэн.

Гэтэл Н.Энхбаяр болон улстөрчид гэгдсэн эрхмүүд үнэн чанартаа ямар арчаагүй, увайгүй, ичих нүүргүй, цагаандаа гарсан, ёс суртахуунгүй “шаар”-нууд болохыг идсэн уусан, бөөлжсөн, залгиснаа хүртэл дуудалцсан нөхрийн дуэлиэс монголчууд ойлгож авсан болов уу.

 М.Буянжаргал