Хятадын засаг захиргаанаас энэ сарын 22-нд манай улсаас импортолдог уул уурхайн бүгээгдэхүүний татварыг нэмэх шийдвэр гаргажээ.

Ингэснээр ачааны тонн тутамд найман юань, машин бүрээс арван юань, 10 мянган юаниас давсан үнийн дүнтэй зэсийн баяжмалд хоёр хувийн татвар ногдуулахаар болсон байна. Энэ тарифыг өнөөдрөөс мөрдөж эхлэх бөгөөд зөвхөн Ганц модны боомтоор экспортолж буй уул уурхайн түүхий эдэд хамаарах аж. Монгол Улсын хувьд дээрх боомтоор жилд 10 сая тонн нүүрс экспортолдог. Тиймээс урд хөршийн татварын бодлого шинэчлэгдэх нь манай улсын уул уурхайн компаниудад хүндээр тусах юм.

Тухайлбал, төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой”, орон нутгийн “Тавантолгой”, бие даасан “Энержи ресурс” зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдэд бүгдэд нь хамаарна. БНХАУ-ын зүгээс 2014 онд импортын нүүрсэнд 3-6 хувийн татвар ногдуулдаг болсон. Ингэхдээ хүрэн нүүрсний татвар зургаан хувиар, коксжих нүүрсэнд гурван хувийн татвар ногдуулах болжээ. Тухайн үед угааж баяжуулсан нүүрсний үнэ сарын дотор 10-20 юаниар, коксжих нүүрсний үнэ 20-30 юаниар өссөн байна. Үүнээс харахад, дэлхийн хамгийн их нүүрсний хэрэглэгч тус улсын зах зээл дээр бүх төрлийн нүүрсний үнэ цаашид өсөх магадлалтай аж.

Гэхдээ нүүрсний зах зээлд гарч буй энэ боломжоос Австрали, Индонез тэргүүтэй орнууд илүү хожих юм. Учир нь Австралийн нүүрс 2014 оноос хойш тус улсын зах зээлд татварын хөнгөлөлттэй нэвтэрч буй. Харин Хятад руу нүүрс нийлүүлэлтээр эхнээсээ хоёрт бичигдэх Индонезийн хувьд АСЕАН-ы гишүүн улс учрйас импортын татвар тавьдаггүй дүрэмтэй аж. Зарим шинжээчдийн зүгээс Хятадын эрх баригчдын энэ арга хэмжээг дотоодын олборлогч компаниудаа дэмжих бодлого хэмээн харж байгаа аж. Учир нь, өнгөрсөн наймдугаар сард Хятадын Засгийн газар нүүрсний ашиггүй уурхайнуудыг хаах шийдвэр гаргасан. Улмаар нүүрсний уурхайнуудын жилийн ажиллах хоногийг 330 өдөр байсныг 276 өдөр болгож цөөрүүлсэн нь дотоодынх нь аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварт нөлөөлөх болсон юм. Гэхдээ татварын өөрчлөлтөд зэсийн баяжмалыг хамааруулсан улс төрийн шинжтэй харагдаж байгаа. Үүний өмнө бурхны шашны тэргүүн XIV Далай лам манай улсад шашны айлчлал хийсэн нь уг шийдвэрт нөлөөлсөн байх талтай. Нөгөө талаар БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос 2014 онд арилжааны зориулалттай нүүрсний чанарыг сайжруулах, нүүрсний цэвэр хэрэглээг дэмжих, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Арилжаанд зориулагдсан нүүрсний чанарын хяналтын талаар мөрдөх түр журам”-ыг нийтэд зарласан байдаг аж. Энэ журмаар шаардлагад нийцээгүй нүүрсний импорт, борлуулалт, холын зайн тээврийг хориглосон байна. Тиймээс Ганц модны боомтоор дамжиж буй нүүрсэнд олон улсын стандартын дагуу шаардлага тавихыг нүүрс экспортлогч компаниуд сануулсаар ирсэн. Манай улсын хувьд дотооддоо боловсруулсан MNS 6457: 2014 стандартыг даган мөрддөг аж.

 

Д.ДОРЖ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/