-Үүл дарга аа нүүх үү, үлдэх үү-

Үүл даргын ажил, амлалт хэрэгжих хугацаа ойртох тусам дотор загатнаад болдоггүй ээ.

Хаврын урь хэдийнэ орж цаанаа л нэг нарны илч бүлээсч цаг тавиусаад их хотын бүтээн байгуулалт эхлэх хугацаа ойртсоныг сануулна. Энэ жилийн ажлыг жагсааж харвал нийт төсвийн багагүй хэсэг нь зам засвар руу орох өнгө харагдав. Бүтээн байгуулалтын хамгийн том ажил нь гэр хорооллыг дахин төлөвлөнө. Энэ бол хотын даргын чадал чансаа, ур ухааныг шалгах том ажил. Хэрвээ Үүл дарга санаснаараа гэр хороолол дахь янданг эрс бууруулж чадвал түүний төлөө гараа өргөх эрх баригчид байдаггүй юм гэхэд олон нийтийн фракц буюу иргэд балешиглана.

Түүний улс төрийн рингэн дээрх тоглолтын нэгдүгээр раунд хүндхэн даалгавраар эхэлж байна. Энэ хавар бол үндсэндээ Э.Бат-Үүл дарга гэр хорооллоос “нүүх үү, үлдэх үү”-г шийднэ. Ингэж чадвал ёстой л хотынхон орондоо унтах завгүй болно. Учир нь дэд бүтэц, цахилгаан, дулаан, цэвэр бохир усаа татах хэрэгтэй болно. Мөн сургууль, цэцэрлэг, худалдааны төв, орон сууцны хороолол, үйлчилгээний төв зэргийг барина. Энэ бүхнийг хийж чадвал хотын төвдөө бөөгнөрсөн энэ их нягтарлыг тарааж, хотыг задална. Энэ бүхнийг нүдэнд харагдаж гарт баригдтал хийж чадвал Үүл баатар жинхэнэ утгаараа үндэсний баатар болох юм.

Энэ ажлын эхлэл тавигдсан гэдгийг хотынхон өглөө бүрийн шахуу хурал дээрээ ам бардам хэлж байна. Иргэдэд жишиг болгож харуулах зорилгоор гэр хорооллын долоо, орон сууцны таван байршилд дахин төлөвлөлт хийх гэнэ. Эдгээр байршлуудыг төвлөрсөн дулаан хангамж, цэвэр, бохир усны шугамд холбохоор төлөвлөсөн нь иргэдэд таалагдах ёстой болж байна.

Цахилгаан дулаанаа зохицуулахын тулд Эрчим хүчний яамтай ярилцаж, зөвшилцсөн юм бий гэсэн. Мэдээж төвлөрсөн системээс авч таарна. Эх үүсвэр хомсдолтой гээд V цахилгаан станцыг хүлээнэ гэсэн үг биш ч удахгүй “Ус-15” цахилгаан станц, “ТЭЦ-4”-ийн дэд станц ашиглалтад орно гэдгийг тодотгож байгаа юм. Асуудал бүхнээ шийдэх гарц хайж байгаа нь сайн ч ажлыг нь замхруулчихгүй байхыг хамтран зүтгэгчдээс нь хүсэх л үлдэв бололтой.

Саяхны нэг шуурхайгаар шинээр 45 байршилд авто зам, замын барилгын ажил хийхээр төлөвлөсөнөө хотын дарга сануулж байна билээ. Тиймээс хотынхон ногоон байгууламж, бүтээн байгуулалтын ажлыг сүйтгэн, үргүй зардал гаргахгүйн тулд энэ жил хийхээр төлөвлөгдсөн авто замын 45 байршлын замын зурагт орж буй шугам сүлжээний нарийвчилсан судалгааг хийж, ерөнхий төлөвлөгөөний газрын дэвсгэр зурагт байхгүй, инженерийн шугам сүлжээний мэдээллийн санд бүртгэгдээгүй шугам сүлжээг 10 хоногийн хугацаанд илрүүлж, тогтоох үүргийг ч өгсөн.

Юутай ч хотын даргын “гар хөл”-үүд завгүй болж байна. Аргагүй дээ, бүтээн байгуулалт эхлэх дөрөвдүгээр сар хаяанд ирчихлээ. Энэ жилийн хамгийн эрэлттэй, ажил ихтэй, гараа хөдөлгөх салбар нь автозамынхан. Тиймээс энэ салбарынхан ажлын уялдаа холбоогоо сайжруулах хэрэгтэй гэсэн үг. Гадны туршлагаас харахад авто замын газар нь инженерийн шугам сүлжээний байгуулагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, нэг нэгнийхээ ажилд дэмжлэг үзүүлэх хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс цаашид ажлын уялдаа холбоогоо сайжруулж, газар доорх инженерийн шугам, сүлжээ, инженерийн байгууламжийн тухай мэдээллийн сангаа тухай бүр шинэчлэх, цаашлаад энэхүү мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоход анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн үг юм.

Энэ жил улсын төсөв болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр 12 ажил, харин хөгжлийн банкны санхүүжилтээр 11 ажил он дамжин хэрэгжих юм байна. Замын зурваст байрлаж байгаа айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай шийдвэрлэж чадвал гэрээний хугацаандаа ажлаа бүрэн дуусгана гэсэн том амлалтыг бүтээн байгуулалтад гар хөлөө дүрэх компанийнхан амлаж байгаа юм. Юутай ч гэр хорооллыг нүүлгэх үү, үлдээх үү гэдгийг энэ хавраас эхлэн шийднэ. Үүл дарга аа, таны яриад байгаа цаасан дээрх ажлууд хурдан эхлээсэй. Гараа сайн бол бариа юу гэдэг билээ. Нийтээрээ хүлээж байна. Амжилт хүсье.

М.Мөнхтунгалаг