Өөрсдийн оршихуйн үндэс болсон, хамгийн хайртай эрхэм нандин шүтээний нэг Эх орноо хайрлаж хамгаалахгүй байна гэдэг хамгийн том нүгэл мөн гэж бодож, ийм их нүгэлтэй газар Чөтгөрийн хүү Ландрам сонгож мэндэллээ гэж роман бичсэн минь 2007 он агаад, түүгээрээ МЗЭ-ийн шагнал хүртсэн.
 
Арай ч хэтрүүлчихэв үү гэж тэр үед эргэлзэж байсан тохиол буй. 1998 онд би “Нэгэн том улс Монголыг эзэлбэл…” гэх бэсрэг нийтлэл бичихдээ, гадаадын түрэмгийлэгчдэд үйлчлэх гэж манайхан уралдаад гүйнэ, хоорондоо тэмцэлднэ гэж байсан. Тэгэхдээ бүрэн итгэлтэй бус байв, тийм биш шүү гээд түмэн олон эх орныхоо төлөө гэсэн үзлээ асааг гэж тэр үед бодож байлаа…
 
Өнөөдөр Монголын ард түмэн ер нь сөнөсөн юм биш үү, байгаа гэх ямар шинж тэмдэг байна вэ, Монгол улсад оршин суугч яс үндэсгүй, хувиа хичээгчдийн масс л байнам бус уу гэж гайхаж сууна. Монголоор муухан ярих, монгол зарим уламжлалыг алдаа мадагтай хэрэглэхийг хэн ч чадна, гадныхан бэлээхэн нотлоод өгч байгаа. Хамгийн гол нь эх орноо огтхон ч хайрлаж хамгаалахгүй байна гэдэг л сөнөсөн гэж бодоход хүргээд байна.
 
Эх орон сүйрч мөхөж байгаа нь хэний санааг жинхэнээр зовоож байна вэ? Гадны аль нэг дарангуй бурангуй улсын төлөө олон хүн илүү санаа зовдог гэж баттай хэлж чадна. Манай УИХ-ын гишүүд Монголын далбааны өнгөтэй тууз зүүж хуралдаж байгаагүй мөртлөө, бүр дургүй Орос улсынхаа (үнэндээ ЗХУ-ын гэсэн утгаар хэрэглэсэн л дээ) Георгийн туузыг зүүгээд хуралдаж, ард олон ганц зөв юм хийлээ гэж дэмжиж байсан.
 
Хөөрхий Монголыг дааж давшгүй өрөнд оруулна уу, хамаг баялгийг нь цөлмөнө үү, дарлаж доромжилно уу, ард иргэдийг нь устгана уу, газрыг нь эзэгнэж, хилийг нь хамгаалалтгүй болгоно уу, газар хөдлөнө үү, хэнд ч ямар ч хамаагүй мэт болжээ. Сүлжээнд коммент бичих бол юу ч биш, ихэнхдээ хоорондоо утга учиргүй хэрэлдэх гэж, гэмээ далдлах гэж л дүр эсгэдэг, худлаа маягладаг улс олон. Үнэндээ бол цаагуураа эх орныхоо эсрэг муу бүхнийг хийгээд явж байдаг нь зөндөө.
 
Хэн Монголыг өрөнд оруулав, цөлмүүлэв, харьд дарлуулав? Монголчууд. Гаднаас цэрэг орж ирээд хүчээр ийм болгоогүй. Монголчууд бүгд “бидний хамгийн шилдэг сайхан нь” гэж хамгийн худалч, хулгайч, урвагч, түүнийхээ хүчээр юмжсан адгийн шааруудыг мэдсээр байж сонгож, тэднийхээ тусламжтайгаар эх орныг сөнөөх боломжтой бүхнийг хэрэгжүүлгэсэн. Дарга нар хүчээр дарангуйлал тогтоогоод, албадан өөрсдийгөө дэмжүүлээгүй. Тэд ч ард түмний хүүхдүүд, магадгүй хамгийн хайртай хүүхдүүд нь.
 
Ямар ард түмэн байна, тийм төр засаг байна гэдэг. Эрх баригч давхарга оногдсон хөдөлмөрөө хийж, бүтээл тэмцлийг өрнүүлж, аз жаргалант эрүүл нийгмийг асар их байгалийн баялгаа ашиглан цогцлоож барьж байгуулахыг хүсэлгүй, харьд урван эх орноо зоосны нүхээр тасчиж тамлах адил хэсэг хэсгээр өгч баяжих гэмт хэрэг л үйлдэж ирсэн бол, ард түмэн нь тийм л гэсэн үг болж таарч байна. Тэгээд л сонгоод байна.
 
Гадны колоничлогч нарт ажиллах гэж, үйлчлэх гэж өрсөлдөөд гүйдэг. Гадныхан бүр уул уурхайд ажиллаж байгаа заримыг нь янхан гэж нэрлэдэг, янхан болох юмсан гээд манай иргэд алалддаг гэж байсаншд. Монгол хүн монгол хүнээ бол надтай өрсөлдөх гай лай гэж үзэн ядах явдал их ажиглагддаг. Тиймээс дандаа бие биеэ хялайж, нүд үзүүрлэж, яр яр гэж хэрэлдэж уцаарлаж явдаг, гадны дарлагчийг харахаараа тэчьяадан хүсдэг л гэж харагдах нь их дээ.
 
Эх орон хүнд бэрх боллоо, тэмцье аваръя гэж үнэн сэтгэлээсээ хэлэх өдрийн од шиг хэдийгээ заналт дайсан гэж харж, олуулаа мэддэг бүх хараалаа урсгаж, чаддаг бүх гүтгэлгээ хийж, эх орноо сөнөөх сохор зоосны ашигтай бузрын үйлд нь саад болох гэлээ гэж барьж идэх дөхдөг. Энэ миний бичээд байгааг ил далд ухамсартаа янз бүрийн хэлбэрээр ойлгож мэдэрч, цөхөрч мухардаад, тэмцэж байсан цөөн хэдийн ир нь мохож бүр түр алга болдог.
 
Гэтэл аль ч улсад эх орноо хайрлаж хамгаалах ёстой, эсбөгөөс цаазаар авна гэж тов тодорхой тогтоосон байдаг. Тэгэхлээр эх оронч биш байх нь уг нь буруу юм шиг байна гэж бодоод манай оршин суугчид эх орончийн дүр эсгэдэг. Өөрсдийгөө эх оронч гэж зарлаж орилж эхэлдэг, би тэр жагсаж тэмцэж байгаа хүнээс хавьгүй эх оронч, учир нь… гээд өөрийнхөө төлөө, их бодож гэр орныхоо төлөө буруу зөв ажил хийсэн шүү байгаагаа сайрхна, нусаа нийх, хог хаяхаас эх орон эхэлнэ гэж харин бүр эх орноо доромжлон гутаана.
 
Эх орон гэх аугаа эрхэм шүтээнээ үгүйсгэчихээрээ хүн идэх, унтах, үржих, гялгар цалгар зүйл цуглуулах гээд амьтны зэрэг зиндааны зүйл сонирхдог мэдэрдэг болж л буурдаг юм байна. Зэрлэгшиж юу ч ойлгохоо болино. Хүний хэлж буй жаахан ч атугай зүйлийг бүрэн сонсож хүчрэхгүй, холбож ойлгож дийлэхгүй, харийн дайсныг эсэргүүцье гэхэд эсэргүүцье гэх үгийг нь л дуулж тасалж аваад, чи намайг эсэргүүцэх гэлээ гээд ичээгээ
хамгаалаад дайраад байдаг юм байна. Тийм хүн дэндүү олоон…
 
Хэлээд байвал барагдахгүй нь. Энэ бол туйлын үнэн билээ гэж би ер батлахгүй. Харин ч үнэн биш байгаасай гэж асар их хүсэн мөрөөдөж, бухимдлын үгээ хэлхэв. Монголын ард түмэн сөнөөгүй ээ гээд, хэрвээ бодтой байгаа бол ард түмэн минь батлаад нотлоод өгөөч надад! Эх орноо хайрлаад хамгаалаад, гадаад дотоодын дарлалаас авраад чөлөөлөөд өгөөч! Эх орон гэдэг чинь монголчууд бид бүхнийг элгэндээ тэвэрч өсгөсөн эвий хөөрхий ЭХ МИНЬ, ИЖИЙ МИНЬ шүү дээ!!!
 
Ч.Мөнхбаяр