УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дараа Ардчилсан намын ҮЗХ хуралдаж, Их хурлын товыг зарлаж, эргэж цуглахаар болзсон.

Түр хугацаанд завсарласан ҮЗХ болзсон цагаасаа даруй дөрвөн сарын дараа цуглаж, Их хурал зохион байгуулах болон намын дүрмийн шинэчлэлийг боловсруулах үүрэгтэй хоёр Ажлын хэсэг байгуулаад тарсан. Мөн намын Их хурлаар даргаа сонгохгүй бөгөөд сунгаагаар тодруулахад санал нэгдсэн юм.

Ийнхүү дөрвөн сарын өмнө товлосон Ардчилсан намын Их хурал өнөөдөр 1210 төлөөлөгчтэйгээр хуралдана. Их хурлын төлөөлөгчдийг сум бүрээс нэг, аймаг, дүүргийн ИТХ-д ядалт байгуулсан Ардчилсан намын гишүүд, ҮЗХ болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бүрдүүлж байгаа.

Энэ удаагийн Их хурлаар намын үндсэн дүрмээ шинэчлэх бөгөөд дүрмийн төслийг орон нутагт хүргүүлж, санал авсан байна. Ингээд УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндоржоор ахлуулсан Ажлын хэсэг Ардчилсан намын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг нэгтгэн боловсруулж дуусчээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн Их хуралд танилцуулах төсөл эдсийн хувилбараар бэлэн болсон байна.

Уг дүрмийн төсөлд ҮЗХ-ны гишүүний тоог нэмэхээр тусгажээ. Өнөөдрийн байдлаар Ардчилсан намын ҮЗХ-нд 228 гишүүн бүртгэлтэй байдаг. Тэгвэл энэ тоо даруй 48-аар нэмэгдэж, 296 болгохоор төлөвлөсөн байна. Ингэхдээ ҮЗХ-ны гишүүдийг шууд болон чөлөөт хэмээн ангилчихаж. ҮЗХ-ны шууд суудал 76 байх бөгөөд үүнд УИХ-ын гишүүн болон экс гишүүд багтах аж. Үлдсэн буюу чөлөөт гишүүнээр УИХ-ын тойргоор байгуулагдсан намын тойргийн зөвлөл тус бүрээс дөрвөн хүн сонгогдоно.
Мөн чөлөөт гишүүдэд намын эмэгтэйчүүд болон залуучуудын төлөөллийг багтаахаар төсөлд тусгажээ.

» Ардчилсан намын ҮЗХ-д 228 гишүүн бүртгэлтэй байдаг. Тэгвэл энэ тоо даруй 48-аар нэмэгдэж, 296 болгохоор төлөвлөсөн байна.

» Чөлөөт гишүүдэд намын эмэгтэйчүүд болон залуучуудын төлөөллийг багтаахаар төсөлд тусгав.

» Гүйцэтгэх зөвлөлийнхөө нэрийг өөрчилж, Ерөнхий зөвлөл болгожээ.

Тухайлбал, эмэгтэйчүүд болон залуучууд тус бүр 76-гаас доошгүй суудалд төлөөлөх эрхээ эдэлнэ. Чөлөөт гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хоёр жил тутамд 50 хувийг нь сэлгэнэ. Өөрөөр хэлбэл, намын дотоодын сонгуулийг хоёр жил тутамд явуулах аж.

Үүнээс гадна Ардчилсан нам хоёр дэд даргатай байх заалтыг үндсэн дүрэмд тусгасан байна. Дэд дарга нарыг намын дарга нь санал болгож, ҮЗХ эцэслэнэ гэсэн үг. Харин намын “гал тогоо”-г удирддаг Ерөнхий нарийн бичгийн даргыг мөн л намын даргын санал болгосноор батламжилна.

Ардчилсан намын дүрмийн төсөлд тусгасан өөрчлөлт үүгээр дуусахгүй. Тус нам Гүйцэтгэх зөвлөлийнхөө нэрийг өөрчилж, Ерөнхий зөвлөл болгожээ. Ерөнхий зөвлөлд намын удирдлага, УИХ-ын дарга, эсвэл дэд дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, намын дэргэдэх ахмад, эмэгтэйчүүд болон залуучуудын байгууллагын дарга нар багтана. Мөн ҮЗХ-ны зарим гишүүн ч Ерөнхий зөвлөлд багтахаар төсөлдөө оруулсан байна.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрмээр бол Гүйцэтгэх зөвлөлд Ардчилсан намын дарга, аймаг, нийслэл, дүүргийн намын дарга нар багтдаг билээ.

Харин санхүүжилтийн асуудалд томоохон шинэчлэл хийхээр төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, ҮЗХ-ны гишүүний жилийн хандивыг тав дахин өсгөж, таван сая төгрөг болгожээ. Хандивын хэмжээг нэмэгдүүлснээр нам санхүүгийн хувьд бие дааж, бизнес бүлэглэлээс хараат бус болно гэж Ажлын хэсгийнхэн үзсэн нь энэ. Ажлын хэсгээс гарсан энэхүү санал дэмжигдэх магадлал тун тааруу. Учир нь ҮЗХ-нд хөрөнгө мөнгөтэйд нь боломж олголоо хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй байгааг эрх сурвалж онцолж байна.

Төслийн хувилбараар бэлэн болсон дүрмийн өөрчлөлтийг өнөөдрийн Их хурлаараа тэд эцэслэнэ. Ингэснээр 2016 оны УИХ-ын сонгуулийн дүн гарсан цагаас хойш дуншсан Ардчилсан намын шинэчлэлийн хувь заяа шийдэгдэх учиртай. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам шинэчлэгдэх үү, эс шинэчлэгдэх үү гэдэг нь энэ хурлын үр дүнгээс шууд хамаарна.

Б.ДАВААТОГТОХ 

[ЗГМ]