Нүд ба компьютер
2016/12/06
Телевиз их үзэх, явж байгаа тээврийн хэрэгсэл дотор, эсвэл бүдэг гэрэлтэй орчинд ном унших нь хараанд муугаар нөлөөлдөг.Орчин үед хараанд эдгээрээс дутахааргүй муу нөлөө үзүүлдэг бас нэг хүчин зүйл гарч ирсэн нь компьютер юм.
1998 онд Америкийн анагаах ухааны оптометристууд буюу харааны чадвар шалгагч нарын холбооноос “Компьютерийн Харааны Хам” шинж (Computer Vision Syndrome, CVS) гэсэн шинэ нэр томъёог гаргаж ирсэн юм.
CVS нь компьютерийн дэлгэц ширтэн олон цагаар суудаг хүмүүст илэрдэг харааны онцлог гажиг юм. Компьютер байнга ашигладаг хүмүүсийн дийлэнх нь дөрвөн цаг тасралтгүй ажилласны дараа зовиурлаж эхэлдэг бол зургаан цагийн дараа бүгд ямар нэг байдлаар таагүйтэж эхэлдэг. Дэлгэцэн дээрхийг унших нь хараанд харьцангуй бага ачаалал үзүүлдэг бол мэдээлэл оруулах нь илүү хүнд ачаалал өгдөг.
Харин компьютер график, чатлах нь нүдэнд хамгийн их ачаалал өгдөг ажээ. Компьютерийн дэлгэцэн дээр гарч байгаа дүрс нь бодит зүйлсээс эрс ялгаатай болохоор хүний нүд тэдгээрийг таньж, эрчимтэй ажиллахад дасаагүйд хэргийн гол нь байгаа гэж үздэг.
Нүднээс дэлгэц хүртэлх зайг буруу сонгосон, өнгөний зохицол алдаатай, хараагаа ойр ойрхон гар, цаас руу шилжүүлэн ажиллах зэрэг нь нэмэгдвэл нүдэнд бүүр ч муу нөлөө үзүүлдэг. Гэхдээ компьютер нь ойрын харааг муутгаж, муу байсныг нь бүр муу болгодог өөр ямар нэг нөлөө үзүүлдэггүй гэдгийг эмч нар тогтоосон байдгийг хэлэх хэрэгтэй.