АН-ын 6-р их хурал өчигдөр эхэллээ. Хурлын эхэнд АН-ын дарга гэгч  З.Энхболд  улс төрийн илтгэл тавьсан юм. Гэгч хэмээсний учир нь түүнийг намынх нь дүрмийн дагуу АН-ын холбогдох шатны их  хурал, гишүүд нь даргаараа огт  сонгоогүй билээ. Түүний илтгэлийг үндсэн 3 хэсэгт хуваан авч үзэж болохоор байлаа. Үүнд: 1-т 2012-2016 онд Засгийн эрх барьж байх үедээ хийж хэрэгжүүлж байсан ажлын үр дүн, 2-т УИХ-ын 2016 оны сонгуулийн үйл явц, ялагдсан шалтгаан, 3-т Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх.
 
Өнгөрсөн дөрвөн жил АН-ын эрх барих үеийн ажлын үр дүнг З.Энхболд:
 
"Н.Алтанхуягийн болон Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2012 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн зорилт, амласан амлалтаа хэрэгжүүлэхээр хөрөнгө мөнгө, хүн хүч, засаглалын чадавхийг дайчлан ажилласан. Бахархам үр дүн ч гарсан. Эдийн засагт бүтцийн болон чанарын өөрчлөлт гарч, үйлдвэржилтийн үндэс суурь тавигдсан...
 
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хамгаалах эрх зүйн орчинг шинэчлэхэд онцгой  анхаарч, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, хамгаалах, экспортыг урамшуулах механизмыг хуульчилсан нь үр дүнгээ өгсөн...Ипотекийн зээл олгосноор иргэдийн хуримтлал нэмэгдэж, 100 мянган ажлын байр бүхий барилгын салбараар зогсохгүй бусад олон дагавар салбаруудын өсөлтийг дэмжихэд амин чухал үүрэг гүйцэтгэсэн. Эрчим хүч үйлдвэрлэл 25% өсөж, уг салбар анх удаа ашигтай ажилласан байгаа...
 
Монголын хөгжлийн гол дайсан, чөдөр тушаа болж байсан инфляцийг сүүлийн 10 жилд анх удаа 14.0 хувиас 2.0 хувийн нам, тогтвортой түвшинд хүргэж бууруулж чадсан.
2010-2012 онд инфляци байнга хоёр оронтой тоонд (11-14 хувь) байсан нь иргэдийн бодит орлогыг идэж дуусган, өрх гэрийн худалдан авах чадварыг бууруулж, нийгмийн дундаж давхаргыг ядууруулж байсан. Тэгвэл одоо инфляци 2 хувь болж буурснаар бага, дундаж орлоготой иргэдийн бодит орлого тогтвортой болох, нийгмийн дундаж давхаргыг тэлэх, өрхийн худалдан авах чадварыг сайжруулах, зээлийн хүү буурах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийг солонгоруулах анхдагч нөхцөлүүдийг бүрдүүллээ...
 
2013-2015 онд буюу сүүлийн 3 жилийн дотор өрхийн бодит орлого 511.1 мянган төгрөгөөр өссөн. Өөрөөр хэлбэл МАН төр барьж байсан үед өрхийн бодит орлого жилд дунджаар 64.9 мянган төгрөгөөр л нэмэгддэг байсан бол Ардчилсан нам  засаг тэргүүлсэн үед 170.4 мянган төгрөг болж 2.6 дахин өсчээ. Энэ нь инфляцийг бууруулж, нам түвшинд хүргэсний өгөөж юм...
 
2006-2012 оны хооронд Монгол улсын гадаад худалдааны тэнцэл 2,411 сая ам.доллараар муудаж байсан бол 2013-2015 онд эсрэгээрээ 3,227 сая ам.доллараар сайжрав.
2006-2012 оны хооронд Монгол улсын нийт импорт 5305 сая ам.доллараар нэмэгдсэн бол 2013-2015 онд импорт 2952 сая ам.доллараар буурав.
2006-2012 оны хооронд Монгол улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт ердөө 6 сая ам.доллараар өссөн бол 2013-2015 онд 101 сая ам.доллараар өсөв..." хэмээн тодорхойллоо.
Харин  өнгөрсөн 4 жилийн хугацаанд төгрөгийн ханш түүхэнд байгаагүйгээр унаж, иргэдийн худалдан авах чадвар илт муудсан, гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан,  үндэсний аж ахуйн нэгжүүд хэдэн мянгаараа дампуурч, үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд эдгээр сөрөг үр дагавар нь одоо ч үргэлжилсээр буй зэрэг иргэдэд шууд мэдрэгдэж буй зүйлсийг  З.Энхболд огт дурьдсангүй.
 
З.Энхболд мөн УИХ-ын 2016 оны сонгуульд өөрийн удирдаж орсон намынхаа ялагдсан шалтгааныг : 
“Яагаад сонгуулийн сурталчилгааны эцсийн өдөр, санал хураалтаас ганцхан өдрийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ХХБ худалдан авсан тухай мэдэгдлийг олон нийтэд зарлав аа? Сонгууль дуустал хүлээж болоогүй юм уу?” гэсэн асуулт байлаа.
 Дээрх үйлдэл нь тухайн үед баримт нь дэлгэгдээд байсан “МАН-ын албан тушаал наймаалцах 60 тэрбум төгрөгийн төслийн” тухай асуудлаас сонгогчдын анхаарлыг холдуулах гэсэн МАН-ын башир арга байсан юм. “Эрдэнэт үйлдвэрийг Ардчилсан намынхан  сонгуулийн өмнө яаран хувьчилж авлаа” гэдэг гүтгэлэг нь сонголтоо шийдээгүй сонгогчдыг МАН руу түлхсэн үйл явдал болсон гэдэг нь судалгаанаас болон манай намын нэр дэвшигчдийн ажиглалтаас илт харагдаж байгаа...
 
Үүний зэрэгцээ сонгуулийн сурталчилгааны хугацаанд манай намын нэр дэвшигчид, ухуулагчид, дэмжигчдийг хууль, хүчний байгууллагаар дарамталж, Ардчилсан Намыг харлуулах оролдлого цөөнгүй гарч байлаа. МАН-ынхан сонгуулийн хууль зөрчиж чөлөөтэй мөнгө тарааж байхад хуулийн байгууллагууд нүдээ аньж өнгөрөөсөн...
 
Сонгуулийн үр дүнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн өөр нэгэн ноцтой үзэгдлийн талаар хэлэхгүй өнгөрч болохгүй. Энэ бол “царцааны нүүдэл” гэх нэр томьёотой, тухайлсан тойрогт сонгогчдыг санал өгүүлэх зорилгоор сонгуулийн үеэр олноор нь нүүлгэн шилжүүлэх үзэгдэл юм....
 
Сонгууль болохоос сар гаруйхны өмнө бүхэл бүтэн сонгуулийн систем нь Үндсэн Хуулийн цэцийн шийдвэрээр өөрчлөгдөж, шинээр үүссэн нөхцөлийг цаг хугацааны хувьд шийдвэрлэх боломжгүйгээр сонгуульд орсон. Ямар ч байсан сонгуулийн хууль намын нэрсийн жагсаалтгүй болсон нь бидний хувьд давагдашгүй хүчин зүйл байсан гэдгийг хэлэх хэрэгтэй...2016 онд МАХН-ын өмнөх сонгуульд нийт сонгогчдоос авч байсан 18 хувийн дэмжлэг 8 хувь болж буурч, зөрүү 10 хувь нь МАН-д шилжсэн байна. Энэ нь МАН-ын ялалтад шийдвэрлэх нөлөө үзүүүлжээ. .." хэмээн оношлов.  
 
Харин З.Энхболд  АН  өнгөрсөн 4 жилд өөрсдөө санаачлан Засгийн газраа огцруулж байсан, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нь эдийн засгийн томоохон төслийн талаар огт өөр байр суурьтай байсан, АН-ын лидерүүд хоорондоо илт зөрчилдөж, маш их ресурсээ дотоодын тэмцэлдээ зарцуулсан, АН санаачлан Сонгуулийн тухай хуулиа батлахдаа УИХ-ын сонгууль болохоос 6 сарын өмнө  уг хуулийг өөрчилж болохгүй гэсэн заалтыг санаатайгаар авч хаясан, АН-д ашигтай томсгосон тойргийн тогтолцооноос З.Энхболд, Э.Бат-Үүл нарын саналаар  ухарсан, сонгогчдын санал гээгддэг  сонгуулийн хуулийн хамгийн муу тогтолцоог АН оройлон оролцож сонгосон, Г.Баярсайхан, Д.Ганхуяг тэргүүтэй ихэвчлэн З.Энхболдын фракцийн улс төрчид УИХ-ын сонгуулийн хуулийг ноцтойгоор зөрчиж, иргэдийг доромжилж байсан, АН-ын сонгуулийн стратеги, пиар маш муу байсан, хамтын ажиллагаа тааруу байсан зэрэг хэн бүхний нүдний өмнө илт болсон алдаагаа мөн л огт дурьдсангүй.
 
Өөрөөр хэлбэл АН-ыг УИХ, НИТХ-ын 2016 оны сонгуульд удирдаж оролцон,  рейтинг өндөртэй байсан эрх баригч намыг парламентад 9-хэн суудалтай болтол нь шившигтэйгээр ялагдуулсан З.Энхболд өөрийн алдаагаа огт хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа дахин баталлаа. Товчхондоо тэрээр засрахгүй нь бололтой. Иргэдийн дунд хэдийн нэр хүндгүй болсон З.Энхболдыг намаасаа нэг мөр хөөх хэрэгтэй гэсэн саналтай АН-ын гишүүд цөөнгүй байдаг бөгөөд өнөөдрийн АН-ын 6-р их хурал дээр үг хэлсэн МУГЖ Д.Сосорбарам хүртэл АН сонгуульд ялсны дараа З.Энхболд хамгийн багадаа 2 жилийн хугацаанд дахин төрийн алба хаших эрхгүй хүн шүү хэмээсэн юм.
 
М.Гал
www.sonin.mn