АН-ын “их зодоон” Их хурал дээр нь ч үргэлжилж байна
2016/12/07
Найман жил “завсарласан” АН-ын Их хурал өчигдөр эхэллээ. Урьдчилан төлөвлөсний дагуу Намын дарга З.Энхболд илтгэл тавьж, араас нь зарим нөлөө бүхий гишүүд нь үг хэллээ. Шуудхан хэлэхэд АН-ынхан энэ Их хурлаараа хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалдаа хүртэл нэлээд удах бололтой. Учир нь, өнгөрсөн сонгуулийн ялагдлын шалтгааныг хэлэлцэж буруутныг олж тогтооно.
Мөн АН ялалт байгуулж, засаглаж эхэлсэн 2012 оны намраас хойш хоорондоо тэмцэлдэж буй лидерүүдийнх нь толхилцоон Их хурлын индэр дээр ч үргэлжлээдхэв. Тэдний дараа орон нутгаас ирсэн хүмүүс ч үгээ хэлэхийг хүсч байгаагаа илэрхийлж байсан юм.
Энэ мэтчилэн АН-ын Их хуралд үг хэлэх гэсэн гишүүдийнх нь цуваа тасрахааргүй харагдсаныг хэлэх хэрэгтэй.
З.Энхболд: МАН АЖЛАА ХИЙ
АН-ын гишүүд Их хурлынхаа оршил болгож, морин цагт Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн. Намын дарга З.Энхболд “...1206 оны арванхоёрдугаар сарын 6 бол Чингис хаан ширээнд суусан түүхэн өдөр. Харин 2006 оны энэ өдөр таван нам нийлж АН-ыг шинэчлэн байгуулсан. Бид Чингис хааны нам. Тиймээс эрх барьсан цагтаа Сүхбаатарын талбайн нэрийг Чингис хааных гэж өөрчлөх л болно” хэмээн хошигнох, егөөдөхийг хослуулан хэлж байв.
З.Энхболд өнгөрсөн сонгуулиас хойш ам нээлгүй удсан. Тэрээр намын гишүүдээсээ зайгаа барьж, хэвлэл мэдээллээс ч хол байсан юм. Иймд түүний хэлсэн үг, илэрхийлсэн байр суурь, тавьсан илтгэл анхаарлын төвд хүлээлттэй байлаа. Хамгийн гол нь сонгуулийн ялагдал, хариуцлагын тухайд түүний юу хэлэх нь сонин байв.Тэгвэл тэрээр үгээ холоос, тодруулбал 2012 оны сонгуулийн өмнөх үеэс эхлүүлж, олон тоо баримт дурдсаны дотор МАН-ыг шүүмжилж, намаа өмөөрөв. Тэрээр “...Н.Алтанхуягийн болон Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2012 оны сонгуулийн амлалт, намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр бүхий л чадлаараа ажилласан. Бахархам амжилт гарсан. Засгийн газарт МАХН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН, МАН-тай хамтран ажилласан. АН бүхэлдээ улс орны суурь хөгжил, эдийн засгийн өсөлтийн эхлэлийг тавьж өгсөн нь бидний бахархал. Бонд гаргаж эдийн засгаа өсгөсөн. Бид эрх барихдаа улс орноо хөгжүүлэх зорилгыг тэргүүн зэрэгт тавьсан. Чингис бондыг МАН-ынхан их шүүмжилдэг. Үнэндээ Ардын намын дарга нарын баяр баясгалантайгаар тууз хайчлан нээж байгаа бүтээн байгуулалтууд Чингис бондын мөнгөөр хийж буй бүтээн байгуулалтын үр дүн юм. Тэгвэл МАН-ын ургийн мод өдрөөс өдөрт нахиалан цэцэглэж байна. Дэлхийн энх тайваны бэлгэ тэмдэг Далай багш Монголд өмнө нь ирж л байсан, явж л байсан. Энэ бүхнийг бид дипломат аргаар шийддэг байсан. Тэгсэн өнөөдөр хилийн хураамжаа нэмэгдүүлж, бүх албан ёсны хэлэлцээрээ зогсоочихоод буруутан хайж байна. МАН ажлаа хий. МАН-ын төрийн ажлын туршлагагүй, мэргэжлийн бус сайд дарга, Монголбанкны ерөнхийлөгч нар зөвхөн АН-ыг гутаан доромжилсноос болоод эдийн засаг уналтад орсон. Ийм хүмүүстэйгээ хариуцлага тооц” гэв.
Харин тэрээр намын шинэчлэлийн асуудлаар “Би АН-ын даргаар хоёр жил ажилласан. АН-ыг фракцгүй, бодлогын нам болгохоор зорьсон. Намын даргыг намын нийт гишүүдээсээ сонгогддог байх нь зөв гэдэг бол манай намын бодлогын томоохон шинэчлэл болно. АН өөрийн байгуулсан засгаа унагах нь бодлогын өрсөлдөөн биш гэдгийг хүлээн зөвшөөрч, үүнийг дахин гаргахгүйн тулд дүрмээ өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.
Хүлээлт үүсгээд байсан сонгуулийн ялагдлын хариуцлагын асуудлаар “Өрсөлдөгч нам хууль, хүчний байгууллагуудтай хамсан манай намын гишүүдийг харлуулах ажлыг их хийсэн. Нөгөө асуудал нь сонгуулийн үед царцааны нүүдлээс болж Хөвсгөл, Увс, Баянхонгор, Өмнөговь зэрэг аймагт АН арав гаруйхан хүний саналаар ялагдсан. УИХ-ын сонгуулиар нэг хүний саналыг дахин дахин өгсөн ноцтой асуудал гарсан. Сонгогчдын бүртгэлийн асуудалд алдаа гарсан.төрийн байгууллагууд нягтлах хэрэгтэй. МАН сонгуулиар мөнгө тараасан. Гэвч, хууль, шүүхийнхэн нүдээ аниад өнгөрсөн. МАН-ыг засагтаа оруулсан нь Үндсэн хуулийг өөрчлөх явдал байсан. Гэвч, Үндсэн хуулийг өөрчилж чадаагүй нь бидний алдаа. АН-ыг хагаралдуулах оролдлого удаа дараа гарсан. Магадгүй манай нам түүхэндээ анх удаа ийм увиагүй нөхцөл байдалд сонгуульд орсон байх. Цаашид ардчилсан хөгжил, дэвшлийн төлөө байх нийгмийн захиалга бидэнд бий” гэв.
Х.Тэмүүжин: АН-Д ШИНЭ САЛХИ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Түүний дараа АН-ын шинэтгэлийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин танилцуулав. ҮЗХ-ны гишүүдийн олонх манай нам сайн дүрэмтэй. Иймд өөрчлөх, шинэчилсэн найруулга хийх шаардлагагүй гэснээр шинэтгэл гэж нэрлэжээ.
Х.Тэмүүжин “...Бид аливаа шийдвэрийг зөвшилцлийн зарчмаар, гэхдээ дүрмээ сахиж, цөөнх болсон нь олонхийн шийдвэрээ дагаж, олонх нь цөөнхөө хүндлэхгүй бол бид цүнх барьсан хүмүүс, фракцид хуваагдсан хүмүүсийн тэмцлийн талбар болно. АН-д шинэ салхи хэрэгтэй. Тогтоол ус өмхийрдөг. Тиймээс хаалга үүдээ сайн нээх хэрэгтэй. Намын бүртгэлийг цахимжуулж, тэр нь нээлттэй байж хуйвалдааны намаас салах цаг болжээ. Нээлттэй, оролцоотой, цахим ардчилсан нам гэдэг энэ хурлаас гараад 2017 оны хоёр сард шинэ дүрэмтэй, шинэ даргатай, шинэ гишүүдтэй болно” гэдгийг онцлов. Шинэтгэлийн хөтөлбөрт ҮЗХ-г 330 хүнтэй болгох, Гүйцэтгэх зөвлөлийг Ерөнхий зөвлөл болгох, ҮЗХ-ны гишүүдийн нэг жилийн татварыг таван сая төгрөгөөр тогтоосон байна.
СО ГАВЬЯАТ АН-ААС ГАРАХАА МЭДЭГДЛЭЭ
Харин үдээс хойшх хурлаа хаалттай горимд шилжүүлснээр сэтгүүлчдийг оруулсангүй. Уг нь Их хурлын эхэнд АН алдаагаа ард түмэнтэйгээ хамт ярьж, шийднэ, нээлттэй хуралдана гэж байсан юм. Үдээс хойшх хуралд төлөөлөгчид нэг хүн гурван минутад багтаан үг хэлсэн байна. Энэ үеэр орон нутгийнхан “Та нар сонгууль болохоор биднийг бэлгэвч шиг хэрэглэчихээд хаячихдаг” гэх зэргээр гомдол мэдүүлсэн. Хаалттай хаалганы цаана нэлээд ширүүн үг шидэлцэв. Ш. Батбаяр, Лу.Болд, Да.Ганболд, Д.Сосорбарам, Н.Алтанхуяг нар үг хэлсэн. Эндээс онцлоход Д.Сосорбарам гавьяатын үг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Н.Алтанхуягт дайсан байж магадгүй хэмээн намынх нь гишүүд шивэр авир гэцгээж байв. Учир нь Со гавьяат Н.Алтанхуягийг шүүмжилсээр үгээ дуусгасан. Тэрээр Н.Алтанхуяг хүргэнээ ЗГХЭГ-ын дарга болгосон зэргийг дурдаад намаасаа гарч шинэ нам байгуулна гэдгээ мэдэгдэж Их хурлыг орхин гарсан юм.
Н.Алтанхуяг: Ч.САЙХАНБИЛЭГ НАДААС ЗАСАГ АВААД СОЛЬСОН ХҮМҮҮС МАН-Д ЗАСАГ ОЧСОНЫ ДАРАА Ч БАЙЖ БАЙНА. ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?
Дараа нь Н.Алтанхуяг үг хэлсэн. Түүний хэлсэн үгээс заримыг онцлон хүргэе. Тэрээр “...АН ялагдсан бус харин АН-ыг яаж ялагдуулсан тухай би хэдэн үг хэлэх хэрэгтэй. Та нарт ямар ч буруу байхгүй, АН-д буруу байхгүй, ард түмэнд ч буруу байхгүй. АН-ыг сүүлийн 3,4 жилийн зохион байгуулалтай үйл ажиллагааны үр дүнд ялагдуулсан. Би үүнийг хэлэх гэж их хүлээсэн юм. ...Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан АН-ын гишүүдийг би ерөөсөө буруутгадаггүй. Харин зохион байгуулагчидтай нь л ярьдаг. Тэрийг би та нарт хэлчихсэн. З.Энхболд дарга байна уу? ...Бид нар нэг юм мартчихдаг. Улаанбаатарт байгаа хэдэн дарга юм уу, УИХ-ын хэдэн гишүүнээр АН-ыг төсөөлөхөө болих хэрэгтэй. АН бол ард түмнээс үүдэлтэй, АН-ын мянга мянган гишүүнээс тэдний дэмжигчдээс бүрддэг. Бид үүнийгээ мартаж байна. Дарга болохоороо чих нь дүлийрч, нүд нь юм харахаа больж байна. Бидний алдаа энэ.
Манай Х.Тэмүүжин овоо ажиллаж байсан, гэтэл яав. Хууль хяналтын салбарын шинэчлэл олигтой явсангүй. Энд манай Засгийн газар ажлаа хийгээд бүтээн байгуулаад явж байхад нөгөө талд хууль хяналтын байгууллага дээр хонгилын тогтолцоо үүсгэж, хүмүүсийг хэлмэгдүүлдэг тогтолцоо бий болгосон. Хууль хяналтын байгууллагуудад шударга хүмүүс байгаа. Тэднээс айдаг учир тусдаа хонгил үүсгэсэн. Мөрдөн байцаагчаасаа эхэлдэг, магадгүй манай Ц.Элбэгдорж хүртэл явдаг байх. Захиалга өгдөг, зохиомол хэрэг үүсгэдэг, шалгадаг, дарамталдаг. Өөрийн гэсэн мөрдөн байцаагчтай, өөрийн гэсэн прокурортой, шүүгчтэй. Үүнийг ганцхан манай Ц.Элбэгдорж хийгээгүй. МАН-тай хамтарч хийдэг. МАН-ын дарга М.Энхболд чимээгүй суучихаад л, АН-ынхан л болохгүй байна, бүтэхгүй байна гээд ард нь хараад сууж байдаг. Би УИХ дээр хэлсэн үгээ дахин хэлье. АТГ-ын дарга Н.Ганболд гэдэг хүн таван жил ажиллаад өөрийн хүслээр ажлаа өгсөн. Тэр хүн М.Энхболдыг Хотын дарга байхад Цагдаагийн дарга байсан хүн. Ерөнхий сайд байхад нь Тагнуулынх нь дарга байсан хүн. Манай нам УИХ-тай Ерөнхийлөгчтэй, засагтай атлаа хууль хүчний байгууллагуудын даргаар МАН-ын хүмүүсийг томилж байсан.
Юунаас болоод ялагдав, яагаад биднийг ялагдуулав. Алтанхуягийн Засгийн газар огцорсны маргааш ТЕГ-ын даргыг өөрчилсөн. Цагдаагийн даргыг өөрчлөөд өөр хүн тавьсан. Алтанхуягийн Засгийн газрыг унагаад Ч.Сайханбилэг бүх хүнийг өөрчилсөн байтал АН-аас МАН засаг авчихаад байхад тэр хүмүүс өөрчлөгдөхгүй л байна. Юу гэсэн үг вэ. Энэ бол АН-ыг ялагдуулахын тулд хууль хүчний байгууллагыг ашигласан гэсэн үг” гэв.
Ийн эхний өдрийн хурал оройн 18 цагт өндөрлөв. АН-ын Их хурал өнөөдөр 10 цагаас СТӨ-нд үргэлжлүүлэн хуралдаж Үндсэн дүрмийн өөрчлөлтөө танилцуулах юм.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
зочин · 2016/12/10
Эд үнэхээр юу ч ухаараагүй байна, юунаас болж сонгуульд ялагдсанаа ч зөв дүгнээд, хүлээх чадвар алга, эд бүтэхгүй гэдгээ дахин баталлаа, АН тарах хэрэгтэй болж дээ
Зочин · 2016/12/07
sn harah um bol shunaliin filisofoo yaj bolovsrongui bolgoh ve l geed vzen taraad bna da ta nar huduu garch gahai haruiltsgaaval mongol uls bayrlah bh ardchilalagchidaa
Зочин · 2016/12/07
НЭГ Л ИХ БИЛЭГДЭЛ БОДСОН,ҮЙЛДСЭН ХҮМҮҮС БАЙХ ЮМ ДАА.
Зочин · 2016/12/07
uls ornoo ornoos garagsan bol ingej hoorondoo negniigee urah gui l bh bsan baih
Зочин · 2016/12/07
Өө, овоо юм уу гэтэл Тэмүүжинг магтаад бгаа юм биш үү. Тэмбүүжин гэж нөхөр танай Засгийн газрыг унагасан бус уу?
эра · 2016/12/07
өөрөөсөө буруугаа хай бэлтрэг м
Зочин · 2016/12/07
Хөөрхий ЗЭ сонгуульд ялагдсан буруугаа одоо хүртэл ухаараагүй л яваа юм байна. Аргагүй нялх юм ккк. Хэзээ ухаажина даа. Өөрөөсөө эхлээд дараа нь АН-ын толгойд заларсан хэдхэн нөхдөөсөө бурууг хайвал дээрсэн. Алтанхуяг ч ялгаа алга. Бүх бурууг өрсдөөсөө холдуулах санаатай. Тэгдэггүй юмаа. Буруу юм хийсэн бол хариуцлагыг нь үүрүүлэх цаг ирэх л болно. Иймэрхүү юмнуудыг намын удирдлагаас үтэр түргэн зайлуулвал АН цэвэршинэ дээ.
Зочин · 2016/12/07
BUGD BAYJCHIHSAN SANAA ZOVOH ZUIL YU CH BHGUI HUMUUS DEEE
Aagi · 2016/12/07