Монголын ардчилалыг анхнаас нь өлгийдсөн улс төрийн дөрвөн хөдөлгөөний нэг АСХ-ын анхдагч ахмадуудынхаа даалгаснаар миний бие тэдний сэтгэлийг үгийг нэгтгэн хүргэж байна. 
 
Одоогоос 27 жилийн тэртээ бид залуу халуун байж. Улс орноо ард түмнээ хөл хөсөр гар газар амьдрах боломжийг нээж байна хэмээн ариун гэгээлгээр төсөөлж явлаа. Юу ч хэрэгжсэнгүй гэвэл алдас болох биз. Гэхдээ л тавьсан зорилгоо бүрэн биелүүлэх боломж өгөхгүй байна л гэж өөрсдийгөө зөвтгөдөх. Харин 1996 онд сонгогч түмэн та бидэнд УИХ-ын 50 суудал өгсөн шүү. Ардчилал гэж хэн болохыг харуулах том боломж энэ байсаан.
 
Бүх алдаа, цааш цаашдын үйл явц энэ үеэс л эхэлснийг нурших нь илүүц биз.  Сөрөг хүчинтэйгээ хуйвалдан төрөөрөө тоглодог муу жишиг үргэлжилсээр байгааг хэлж байна.  Ийнхүү бидний төсөөлж итгэж явсан тэр ардчилал, тэр Ардчилсан Нам хэрхэн төрөл арилжсан түүхийг харамсан харах гэрч болцогоодог байж. 1990 онд МоАХ-ны анхдугаар хуралд тавьсан илтгэлдээ Баабарын онцлон шоглосон “шалдан хаан”-ныг өнөөдрийн хаадтай зүйрлүүлэн харвал хөөрхий тэр хаан ядаж л ичимдэгээ хаасан унжуургатай байж гэмээр. 
 
Өнөөдрийн хаадыг шалдан гэж хэлэхэд дэндүү зөөлдөхөөр болчихож. Олигархи л гэх юм шив дээ. Хэдий ийм ч ард түмэн бидэнд итгэл өгсөөр ирсэн шүү. Одоо ч итгэлээ бүрэн алдчихаагүй  байгааг саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгууль харуулсан.
 
АН шинэчлэгдэнэ л гэж итгэснийх биз ээ. Бид намынхаа энэ их хуралд баяр хүргэх гэж, эсвэл хэн нэгэн даргад тал засан магтах гэж ирсэнгүй. Тийм эрх, ёс зүй , ашиг сонирхолын шаардлага ч бидэнд байхгүй. Ний нуугүй хэлэхэд жаахан зэмлэх гэж, анхааруулах гэж л үгээ бэлдэцгээсэн. Бид хэлэхгүй юм бол өөр хэн хэлэхэв гэж зөвлөлдсөн. Намын маань  нүд арай ч сохроогүй  чих нь бүтэн дүлийрчихээгүй  гэсэндээ л тэр.  Өөрөөр хэлбэл их хурлын гишүүд та нартаа найдсан гэсэн үг. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд Монголын ард түмэн та бидэнд төр засгийн жолоог  гурвантаа, төрийн тэргүүнээр өргөмжлөгдөх эрхийг хоёронтоо олгосон.
 
Гагцхүү тэр их итгэлийг хэрхэн даах нь та бидний тэр тусмаа намын дарга, удирдлагуудын  үйл ажиллагаа, ёс зүйгээс хамаарах байлаа.  Сонгогчид авто зам, орд харш, дахин төлөвлөлт, цэвэр агаар сан, гудамж төсөл, ногоон уут, шахмал түлш, сайн зуух хүсэж дотроо залбирч байсан нь юу л бол. 
 
Ихэнх нь миний амьдрал ахуй дээшлээсэй, хоёр идэхгүй ч хоосон хонохгүй, үр хүүхдүүдээ өмсөх зүүхтэй, идэх хоолтой, сурах сургуультай, тогтмол ажилтай орлоготой болохсон гэж л сонголтоо хийсэн.
 
Тийм болгож чадах хүмүүс энэ ардчиллынхан л гэж итгэж найдсан хэрэг. Харамсалтай нь бид тэр их итгэл найдварыг биелүүлж чадсангүй. Чадсангүйгээр барахгүй хуучнаас нь улам дордуулаад хаячихав. Иргэдийн  ахуй амьдралд нэмэр болохгүй  өндөр барилга, баар ресторан, зочид буудал, үйлдвэр уурхайгаар яах юм. Тэд бүгд цаанаа эзэнтэй. Татвараа хагас дутуу төлдөгийг эс тооцвол жирийн иргэдэд үндсэндээ огт хүртээлгүй. Төсөвт оруулсан мөнгөнийхөө ихэнхийг нэмэж бүр нугалаад  буцаагаад л халаасалчихдаг л биз дээ.
 
Ганц удаа казинодохдоо 14 тэрбумыг хийсгэж байсан жишээ бий. МАН-ын ганц нөхөр шүү. Олсон ашиг нь ихэнхдээ гадагшаа офшор руу ч юм уу өөрсдийнх нь хэт тансаглалд л  зарцуулагдана. Худлаа гэх үү. Өнөөдрийн толгой баячууд энэ их хөрөнгөө гахай үүрсээр байгаад олсон гэвэл итгэх хүн гарах уу. Хулгайлсан мөнгө гэдгийг бүгд л мэддэг ч тэднийг хянах, хазаарлах тогтолцоо алга. 
 
Олон түмний хяналтыг зохион байгуулах доривтой улс төрийн нам, сөрөг хүчин ч алга. Ард түмэн итгэж байсан Ардчилсан Нам маань ч алга. Булхайтай нөхдийн дотор манай намынхан ч толгой цохиж явах. Олигархууд гэж тэднийг нэрлэх болж.
 
Өөрсдөө ч үг хэлэхдээ заавал энэ нэрийг хавчуулна. Авилгад идэгдлээ, газрын наймаа гаарлаа, офшорчид хуульгүйгээр далмидуулан даварлаа л гэнэ. Өөрсдөө дотор нь орчихсон мөртлөө бусдыгаа олигарх гээд хэлчихвэл би цэвэр үлдэж магад гэж эндүүрдэг ч юм билүү хэн мэдлээ. Түмэн олон хэн нь хэн бэ гэдгийг андахгүй.
 
Захын иргэнээс хамгийн бүтэхгүй нөхөр хэн бэ гэж асуувал түгдрэлгүй манай хэдийг л түрүүнд нь нэрлэнэ. Өмөөрөх ч хэцүү, байх ч хэцүү. Өөрөө олигарх гэдэг нь болчихсон юм шиг л улалзах. Дэмий л танай тэр ч, нөгөө намын гайхлууд ч  адилхан шүү дээ гэхээс хэтрэхгүй. Нийслэлийн бид арай олуулаа юм болохоор бас ч гэж учиртай. Хөдөө орон нутагт амьдардаг манай жирийн гишүүд ямар хүнд байдалтайг төсөөлөл л дөө. Тэд маань ойр тойрныхондоо ад үзэгдэхдээ тулсныг өөрсдөө муудаа тэр гэх үү. Тэр ч байтугай зарим нэг нь АН-ын гишүүн гэхээсээ ичиж, батлахаа нуучихаад сонгуулийн үеэр ахиу мөнгө амласан хэнд ч хамаагүй зүтгэх болсныг буруутгах аргагүй.
 
Тэд чинь цаанаа ар гэр, үр хүүхэдтэй улс. Сонгууль болохоор л учиргүй хайр зарлаг ч сонгуулийн маргаашнаас зүсээ хувирган, уулзья гэхээр утсаа авахгүй таг мартацгаах нь гэм биш зан болчихсон. Намаасаа дайжсан жирийн гишүүнээ урвагчаар нь дуудах мөртлөө өөр намд гуйж очиж элсээд албан тушаал авсан атлаа, огцрохоороо буцаад ирсэн нөхдийг  албан тушаалаар, УИХ-д нэр дэвших эрхээр хүртэл шагнахыг юу гэж ойлгох вэ. Улс төр гэх үү. Тэд намд, улс оронд ямар гавьяа байгуулсан болоод тэр үү. 
 
Учир нь олдохоо больсон толгойгүй мэт энэ ааш аягаас улбаалаад том жижиг гэлтгүй манай анхан шатны байгууллагууд үндсэндээ намын толгой дахь бүлэг фракцийг дагаж хуваагдсаар улам улам задарч байгаа жишээ хэд хэдэн аймаг дүүрэгт байж л байна.
 
Зарим анхан шатны байгууллагууд хэн нэгэн мөнгөтэй хүний хувийн компани болон хувирсныг бүгд л мэдэж байгаа. Бид ардчилсан нам учир манай бүх зүйл ил тод гэх үгээр хичнээн жил өөрсдийгөө зөвтгөх юм. Итгэдэг хүн байна уу. Дээгүүрээ цөөн хэдэн мөнгөтэй нөхөд үгсэж, түрийвчныхээ хэмжээгээр ҮЗХ-ын гишүүдийг худалдаад авчихаж байхад тэр хөдөө эхнэр нөхөр хоёр, аав хүү хоёр, ах дүү хоёр ил зодолдоод хаа хүрэх юм. Мэдээж иргэн бүр тэр олигархууд шиг больё гэж хүсээгүй.
 
Тийм боломж ч байхгүйг гадарлана. Бас тэдгээр олигархуудыг бидэн шиг ядуусын эгнээнд оруулаад өгөөч гэж ч хүсээгүй. Харин хууль тэгш үйлчлээсэй, төсвөөс мөнгө хулгайлсан нөхдийг шийтгэж улсаа хохиролгүй болгоосой,  дахин төлөвлөх нэрээр иргэдийн насан туршынх нь өмч болоод зогсохгүй үр хүүхэдэд нь үе дамжин үлдэх газрыг нь битгий хуурч аваасай, цалин тэтгэвэрийг нэмдэггүй юм гэхэд битгий бууруулаасай, ажлын байрыг нэмэгдүүлээсэй  л гэж хүсэж байгаа.  
 
Өнөөдөр манай намын үнэн дүр төрх гэвэл албан тушаал эрх мэдлийн хойноос улайран тэмүүлдэг, татвар төлөгчдийн мөнгийг уралдан хулгайлж өөрсдөө хөлжөөд зогсохгүй бүр офшорддог, цүнхийг нь барьж, бөгсийг нь долоогч нараар хүрээлүүлсэн мафи маягийн бүлэглэлүүдийн цуглуулга төдий болчихож.  
 
Эцэстээ нам маань хэрхэн төрөл арилжаад байгааг мэдээгүй юм шиг харж суух тэвчээр нь алдарсан  олон мянган жирийн гишүүдийн бухимдал цөхрөлөөр солигдчихоод байна. Ямар сайндаа л нэг жүжигчин залуу “шүдэнз зуран” анхааруулсан нь санамсаргүй ч хэрэг биш. МАН-ын төлөө “шүдэнз зурлаа” гэцгээн бараг л ичнээгээр цаазлахдаа тулсан байх. Харин манай намын цөөнгүй гишүүд дэмжигчид хэдийнээ шүдэнзээ өвөртөлж явааг анзаарахгүй байж боломгүй.  
 
Харин ч аз уу эз үү манай өрсөлдөгч , одоо бол эрх барьж буй МАН –ын байж байгаа байдал, төр засгаа төвхнүүлэх гэхээсээ илүүтэй өр ширэнд улам улам унаган, улс орноо  барьцаалахаар хадаг барин гүйлдэх, элдэв татвар нэмэн иргэдийн халаас суйлах, уул хадны нэр солих төдийгөөс хэтрэхгүй ухандаж суугаа нь биднийг бүрэн мартагдахаас аварч байх шиг. 
 
Бид сайн байсан даа биш тэд адилхан арчаагаа алдаж, мөн л  шуналдаа идэгдсээр байгаагийн бодит байдлаас болоод тэр. Манай нам ч гэсэн ний нуугүй хэлэхэд үзэл баримтлал ч үгүй, хөрөнгө мөнгө ч үгүй гишүүд дэмжигчидээ ч умартаад задрах эс задрахаа шийдэхдээ тулчихаад байна уу даа гэж ахмадууд бид харж байна. Төв талбайд удахгүй сүндэрлэнэ гээд хандив дэмжлэг цуглуулаад байсан нэг байраа хүртэл худалдчихсан гэх яриа дуулдаж байна.
 
Офшорт хийгээд мартчихсан сая доллараа намдаа хандивлаад “ мартаж” болноо доо. Тэгсэн бол гишүүд дэмжигчид нь өмөөрөхсөн. 50 шахам офшорчин бүртгэгдчихээд байхад манай ганц яагаад байнга нэрлэгдээд байна вэ. Учир нь цаад хэд нь тэр мөнгөнөөсөө намдаа хандивлаад “ мартсан” болохоор тэр. Дарга нар нь мөнгө хөрөнгөө багтааж ядаад цатгалдаж суухад жирийн гишүүд нь өшиглөх лааз ч олдохгүй уруу дорой царайлж суух. Гурвантаа төр барьсан намын гишүүд шүү. Гишүүн болгоноо төрийн албанд шургалуулах, эсвэл хулгайлсан мөнгөнөөсөө хувь хүртээх тухай яриагүй байна.
 
Бодлогоо зөв тодорхойлж, хөрөнгөө зөв зарцуулсан бол олон мянган хүн ажлын байраа өөрсдөө бий болгох боломж байсныг хэлж байна. Яамнаасаа баян сайдуудтай, улсаасаа баян Ерөнхийлөгчтэй гэж африкийн зарим улсыг шоголцгоодог. Өөрсдөө бид тэдний өрөөсөн дугуй болчихсон байна нөхөд минь. Улс орон тэр чигтээ хоосорлоо гэх. Үнэн хэрэгтээ хэдэн олигархууд  хоосолчихлоо гэвэл үнэнд нийцэх байх. 
 
Бид юу хүсэж байна вэ гэвэл  хувийн зохион байгуулалт сайтай , шударга зарчимч, элдэв бүлэглэл, хуйвалдаанд хутгалдаагүй, ард түмний дунд нэр цэвэр намын даргатай болоосой гэж хамгийн түрүүнд хүсч байна. Бас хувирч өөрчлөгдөөд байхааргүй, бүх зүйлийг нарийн тусгасан сайн дүрэмтэй  болоосой  гэж хүсч байна. Хамгийн гол нь авилга шунал хоёртоо идэгдсэн, мөнгөнөөс өөрийг бодох харах чадвар нь аль хэдийнээ дуусчихсан хуучин удирдлагуудаасаа салаасай  гэж туйлаас хүсч байна.
 
Ингэж хүсэхийн учир нь  намын одоогийн удирдлага \ ҮЗХ, ГЗ, аймаг, дүүргийн намын хорооны удирдлагууд  ороод шүү \нялхасын өвчинд нэрвэгдэн хүндрээд зогсохгүй гишүүд дэмжигчдээсээ авдаг байсан шинэ хүч, зөв шүүмжлэл, зохион байгуулалт, дүрэм журмаа ч алдаж, дархлаагүй шахам болсон учир шуналаар өвчилж ялзран, бүр өмхийрөхдөө тулчихлаа. Зарим хэсэгтээ өмхийрсөн ч байж болзошгүй. 
 
Сонгогч олны итгэлээр төр засгийн бүх эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал буюу төрийн 3 өндөрлөгийг ард түмний эв нэгдлийн билэгдэл Ерөнхийлөгчтэй нь хамт атгасан атлаа өөр хоорондоо толихолцож, улмаар чоно хонь болтлоо өширхөлцөн бие биенээ унагаах, огцруулах юу ч биш баривчилж хорих, амь насанд нь аюул учруулж болзошгүй хэмжээнд хүртлээ доройтсоныг хараад дуугүй тэвчин сууж болно гэж үү.
 
Асуудлын гол нь улс орноо хөгжүүлэх бодлого арга зам дээрээ биш зөвхөн ард түмний өмч хөрөнгийг хувааж идэх тохиролцоон дээрээ толхилцох нь даан ч гутамшигтай. Энэ бузар үйлдэлдээ хууль хяналтын байгууллагыг ашиглах болтлоо эрээ цээрээгээ алдлаа. Сөрөг хүчинтэйгээ нэг түрийвчинд багтаж, ил далд хуйвалдан гар хөлөө барилцан гарын үсэг хүртэл зуралцах болсноор харилцан хяналт тавих тухай ойлголт зөвхөн өнгөн талдаа хэд гурван мэдэгдэл гаргах, хоосон шүүмжлэх төдийгөөр хязгаарлагдаж ёс төдий жүжиг тоглоцгоох нь ил цагаандаа гарлаа. 
 
Ийм бусармаг байдлыг ард түмний өмнөөс хазаарлан зохицуулж байх ёстой Ерөнхийлөгч хүртэл таг чиг. Үндсэн Хуулийн дагуу Ерөнхийлөгч улс төрийн намаасаа түдгэлзсэн байдаг ч манай намаас нэр дэвшин, гишүүд дэмжигчдийнхээ хичээл зүтгэлээр энэ өндөр сэнтийд заларсан болохоор бид хэлэх, шүүмжлэх эрхтэй гэж бодож байна.
 
Бид Ерөнхийлөгчөөс өөрийнхөө намд хандив өг гэж, эсвэл давуу эрх олгооч гэж хүсээгүй. Харин манай намаас төрсөн Ерөнхийлөгчийн үед эх орон маань хөгжиж ард олон амгалан тайван аж төрөөсэй, өр ширнээсээ салаасай, авилгаас ангижраасай л гэж хүссэн. Огт юу ч хийгээгүй гэж хэлвэл алдас болох биз. Монгол Улс олон улсад танигдсан, хурал хуй хүртэл зохион байгуулсан, авилгын эсрэг том том дугардаг болсон, өөрийн хүний гэлтгүй “оймсыг нь гозолзуулдаг” болсон гээд тоочвол бас ч гэж хоосонгүй нь үнэн.
 
Бүхэл бүтэн 8 жил улиран сонгогдсон гээд бодохоор чамлалтай. Гол нь яг энэ 8 жилийн дотор улс төрийн намууд мафижан, иргэд ядууран, үндэсний үйлдвэрүүд дампуурч, ард түмний өмч төрийн мэдлийн хөрөнгө бараг бүгд хоёр том намын удирдагч нарын өмч болон хувирсан, гадаад өр зээл учир тоймоо алдаж, адаг сүүлд нь улс орноо бүхлээр нь харь улсад барьцаанд тавин алдахад тултлаа дампуурлаа.
 
Хамаатуулахгүй байхын аргагүй. Хэвлэл мэдээллээр бичээд байгаагаас үзвэл Ерөнхийлөгч маань өөрөө ч энэ бүхэнд тэр ч бүү хэл Эрдэнэт үйлдвэрийн асуудалд ч хутгалдсан бололтой. Манай Ерөнхийлөгч үе үехэн УИХ-ын чуулганы нээлтэнд хурц дайчин, уран гоё шүүмжлэл хэлж, тэрэнд нь гишүүд бид төдийгүй иргэд ч итгэн омогшиж, одоо л нэг эмх журмандаа орох нь сайхан хэллээ, сайн хэллээ гэцгээж нэг хэсэгтээ амсхийдэг байсан нь ужгирч, дэмий хошгирсноо ойлгон одоо бол бараг дахин битгий үг хэлээсэй гэх хүртлээ халширах болчихлоо. 
 
Хамгийн сайн ажилласан гээд байгаа Засгийн Газрын тэргүүн ч эрх мэдэл авангуут уул хаданд төөрч будилан “буруу хөл дээрээ” гишгиж эхэлснийг жижиг зүйл гээд орхиж болох ч , орчин тойрныхноо хөрөнгө мөнгөний хэрэгт хутгалдуулан, зөвхөн өөрийг нь магтан, бялдуулагч нараар хүрээлүүлсний гайг өнөөдөр амсаж байна гэх шүүмжлэл хэвлэлээр цухалзах нь оргүй гүтгэлэг гэхэд хэцүү.
 
Нөгөө талаар улс төрийн эв нэгдлийг хангах нэрийн дор төрийн яам, зарим агентлагуудыг өөрсдийнх нь эсрэг кноп дарж болзошгүй нөхдөд хувьцаа мэт хувиарлан өгсөн нь тухайн үедээ хэрэг болсон мэт боловч  төрийн албан хаагчдыг олноор нь хоморголон халж өөрийн хүмүүсээр бөглөх, чухамдаа бол “хувьцаа эзэмшигч” дураараа дургих цаашлаад  төрийн албаны мэргэшсэн байдал, залгамж чанарыг алдагдуулах эхлэл болсон гэх шүүмжлэл ч дагуулж явна.  Мэдээж бид нэгнээ хүнд үед нь нүүр буруулах  арчаагүй хүмүүс биш.
 
Ардчилсан Нам ийм үед нэгнээ өмөөрч, боломжтой бүх хэлбэрээр хамгаалах ёстой. Саявтархан намаас нэг мэдэгдэл гаргаж хэвлэлээр цацжээ. Найруулга, утга авцалдаа муутай, сүржиндүү , ёс төдий л мэдэгдэл. Дуугүй суухаар дугарсан больё гэсэн шиг. Үнэхээр журмын нөхрөө хамгаалах гэж байгаа бол тийм итгэл үнэмшил байгаа бол арай л чөмөгтэй, даацтай дугарах хэрэгтэй байсан болов уу. Ядаж л ҮЗХ-ын бүх гишүүд үгүй юм гэхэд ГЗ-ийн гишүүд гарын үсгээ зурчихсан  бол илүү албан ёсны болох байлаа.
 
Энэ их хурлаасаа мэдэгдэл шаардлага гаргасан ч яагаад болохгүй гэж. Асуудал хэн нэгэн хувь хүний хүрээнээс хальж өрсөлдөгч хүчнийхээ амыг хаах “их хэлмэгдүүлэлт” эхлэхчихсэн  байвал яана. Уржигдархан УИХ-ын нэг эрхэм гишүүн ... энэ бүхний цаана Ерөнхийлөгч байхгүй. Харин хуулийнхан байгаа . Би итгэлтэй хэлнэ... гэсэн мөртлөө , ... уг нь Ерөнхийлөгч Хуягаа хоёр нүүр нүүрээ харж уулзаад л зохицох асуудал “ хэмээн хэлснээр цаана нь хэн байгааг нотлоод ч байгаа юм шиг. Ёстой янаглан хорлоно гэж энэ. Ямар боловч хууль шүүх үнэн мөнийг олох биз гээд дуугүй сууж болохгүйг эрхэм гишүүний энэ үгс харуулж байна.
 
Манай намын удирдлага болсон ҮЗХ , энэ бүх увайгүй үйлдлийг өөгшүүлж, өөрсдөө ч дотор нь гар хөлөө дүрэлцсэн учир цаашид намаа удирдан чиглүүлэх, шинэчлэн өөрчлөх чадамжгүй болсноо аль хэдийнээ харуулчихлаа. Манай намын дарга ч  УИХ –ын даргын өндөр эрх мэдэлдээ дулдуйдан, дураараа авирлаж, УИХ-ын сонгуулийн хуулийг зөвхөн өөрсөддөө зориулан өөрчилснөөр хэрхэн ялагдал хүлээснийг хэлэх нь илүүц биз. Ядаж л улс оронд шинэчлэл авчрах учиртай нэгэнт өргөн баригдсан хэд хэдэн хуулиа батлуулах боломж байсныг ашиглаагүйн горын өдгөө иргэд л амсаж байна.  
 
1996-2000 онд  Засгийн Газраа дөрвөнтээ огцруулж, 3 гишүүнээ шоронд илгээн, нэг журмын нөхрөө алуулж байснаа мартах учиргүй. Тэр үед л Ардчилсан Намынхан засаглаж чаддагүй гэсэн нэр зүүж, иргэдийн дотор “муу нохойн ходоодонд шар тос тогтохгүй” гэдэг шиг АН-ынханд итгээд хэрэггүй гэсэн ойлголтыг бий болгосон нь өнөөг хүртэл нөгөө талын идэш болсоор. 
 
Харин ч манай сөрөг хүчин байсан МАХН \ одоогийн МАН \ мөн л өөрсдөө өмнө гаргаж сурсан бохир замдаа гулсан орж адилхан энд тэндгүй баастсан учир дараагийн сонгуулиар МАНАН -тах нөхцөл бүрдүүлчихсэн. Ийм ойрын гашуун жишээ байсаар байтал манай намын дарга өөрөө оролцон байж Засгийн Газраа унагаснаар буруу замаар будаа тээж, “засаглаж чаддагүйгээ” улам нотолчихсон доо.
 
Төрд гарсан манай нөхөд сонгуулиар юу ч үгүй ялагдана гэдгээ мэдэж байсан уу эсвэл ямар ч арга замаар хамаагүй ялж, үргэлжлүүлэн идэж уух болно гэж итгэсэн үү даанч давилуун эрээ цээргүй аашилсан даа.  Олигархуудын идсэн хөрөнгийг офшорт нуусан мөнгөтэй эргүүлээд авахад улс орон хямралаас гарна гэж эдийн засагчид төдийгүй жирийн иргэд ч ярьж байна. Ингэж засагладаг юм уу. Бид бүхэн та нар ч гэсэн өөрсдөө энэ хэдэн олигархын төлөө 27 жил тэмцсэн болж байна уу.  
 
Сүүлийн хэдэн сонгуульд сонгогчдод сонголт байхгүй болсон. Ямар сайндаа л адилхан л  хулгайч нар нэр дэвшсэн байна. Одоо яая гэхэв хулгайч ч гэсэн манай талын хулгайчаа л дэмжихээс гэх харуусал. Үнэхээр сонгогчдийнхоо  төлөө ажилласан ганц нэг нэр дэвшигч бий л байх. Бид энэ үгсийг хатуувтар хэлэхдээ төрийн албанд томилогдсон ч мөн л авилга, тендер төсөл хөтөлбөр нэрээр мөнгө зувчуулсан, хэрэг түвэгт холбогдсон  жижиг дунд хурган дарга нарт ч хандаж байгааг анзаарах биз. 
 
Дүрэмгүй нам хэрхэн дураараа дургиж, уруудан доройтдог бодит жишээ манай нам. Тэр тусмаа энэ бүх будлианы гол эзэд нь ҮЗХ-ны эрхэм гишүүд та нар шүү. Та нарын нилээд нь хэн нэгэн мөнгөтэй хүний ивээл дэмжлэгээр энэ суудалд сууж, бас албан тушаалд хүрсэн нь нууц биш.
 
Хичнээн дургүй ч гэсэн ивээн тэтгэгчийнхээ төлөө саналаа өгч, шүүмжилж чаддаггүй юм гэхэд доошоо харан дуугүй суух хэмжээнд хүрсэн нь ч бас үнэн. Улс орон эзгүйрч иргэд ядуурсаны бурууг намын удирдлага тэр тусмаа ҮЗХ-ны гишүүд \аймаг, нийслэл, дүүргийн намын удирдлага ч хамаарна \  хүлээх ёстой. Яагаад гэвэл Ардчилсан Нам бол төрөө төвхнүүлэх зорилго, үүрэг бүхий улс төрийн тулхтай гол хүчин учраас тэр. 
 
Одоо бол олон нийтийн дургүйцэл дээд цэгтээ дөхөж байна. Дуугүй хараад суух, эсвэл үгсэн хуйвалдаж хамтран хулгайлах ёс зүй Ардчилсан Намд байх ёсгүй. Тэр тусмаа манай намаас дээшилсэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдуудад бүр ч байхгүй. Эцэст нь бидний хэлэх үг бол намын хуучин удирдлага ҮЗХ  хугацаа нь дуусаад халаагаа шилжүүлэх биш сайн дураараа огцорч байгаагаа Их хурлынхаа индэр дээр зарлах ёстой.
 
Энэ их хурлын төлөөлөгчдийг бүрдүүлсэн хэлбэр арга зэргээс харвал намдаа шинэчлэл хийх хүсэл сонирхол намын удирдлагуудад лав байхгүй бололтой.  Тэд сурсан аргаараа өөрсдийн бүлэг фракцуудаас төлөөлөгч оролцуулах байдлаар их хурлын төлөөлөгчдийг бүрдүүлээ юу даа гэж харагдаж байгааг нуугаад яахав. Гэхдээ эрхэм гишүүдийн дотор намаа шинэчлэх улмаар улс орноо өөд нь татах эрүүл саруул, ардчилал шударга ёсны төлөө тууштай зүтгэх гишүүд олон байгаа гэдэгт итгэж байна.
 
 Ард түмэн ч Ардчилсан Нам авилгач, олигархууд, хуйвалдагчид, албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй нөхдөөсөө салаасай гэж гэж хүсэн их хурлыг анхааралтай харж байгаа. 
 
Эрхэм төлөөлөгчид өө . 
 
Ирээдүй хойч үеийнхээ өмнө толгой гэдгэр, нүүр бардам явах эсэхийг та нар шийдтүгэй. Даанч юманд хэмжээ хуралд хугацаа гэж бий тул хэлэлцэх гэж буй асуудалтай холбоотой саналаа дуулгаад үгээ өндөрлөе. Шинээр боловсруулсан дүрмийн төслийг муу гэхгүй. Намын даргын сунгаанаас эхлээд олон сайн заалт тусгасныг дэмжиж байна. Бидний санал бол :
 
1.    Намын даргыг сунгаагаар гаргах нь зөв ч хязгаарлагдмал эрхтэй байхаар дүрмэндээ тусгах нь зүйтэй мэт. Тухайлбал өнөөдрийнх шиг мөнгөний нам үргэлжлэхгүйн тулд намын дарга УИХ \ орон нутгийн удирдлагууд ч хамаарна \ –д нэр дэвшигчийг сонгон шалгаруулахад  оролцохгүй байхаар зааж өгөх нь зөв байх. Хэрвээ намын дарга сонгуулийн дараа Ерөнхий сайд болох заалт хэвээр үлдэх аваас намын даргын сунгаанд явахдаа засгийн газрын гол яамдыг удирдах хүмүүсээ сонгон авч нийтэд зарлаад сунгаандаа дагуулж явах төдийгүй, сонгууль хүртлэх хугацаанд намын удирдлагад хамтран ажилладаг байвал элдэв хуйвалдаан хязгаарлагдах нэг хэлбэр байж болох юм. Сүүдрийн засгийн газар мэтээр ажиллана гэсэн үг. 
 
2.     ҮЗХ болон Нийслэл, аймаг дүүргийн намын хорооны гишүүдийг одоогийнх шиг өндөр татваргүй болгох. Ингэснээр уг байгууллагад жирийн гишүүдээс шалгарсан хэсэг орох боломж нээлттэй болох ба өөрийгөө дэмжүүлэхийн тулд санал худалдаж авдаг утгагүй байдал арилах талтай. Шат шатны иргэдийн өөрөө удирдах байгууллагад нэр дэвшигчдийг намд өгсөн хандиваар, төлсөн татварын хэмжээгээр нь шалгаруулдаг тогтолцоог зогсоож, зөвхөн тухайн орон нутгийн гишүүд өөрсдөө хөндлөнгийн оролцоогүй шийдвэрлэдэг байхаар журамлах.
 
3.    ҮЗХ-ы гишүүдээс сайд дарга нарыг давуу эрхтэйгээр томилдог  одоогийн заалтыг өөрчлөх. Аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны гишүүд ч хамаарна. Энэ байдал нь албан тушаалын төлөө улайрах авилгадах, гаргасан мөнгөө төсвөөс хулгайлах байдал тасралтгүй үргэлжилж, албан тушаалын наймааны гол төв нь эдгээр байгууллага болсоор ирснийг хазаарлах боломжтой. 
 
4.    Цаашдаа улс төрийн намуудын санхүүжилтийг өөрчлөх ёстой байх. Гишүүдийн татвар дусал төдий. Тиймээс улс төрийн намуудад өгөх санхүүжилтыг сонгуульд авсан саналаар нь хувилан төсвөөс өгч, шилэн данс мөрдүүлэн иргэдийн хяналтанд оруулах ёстой болно. Улс төрийн намууд зөвшилцөн хуулиар баталгаажуулахын төлөө манай нам санаачлан ажиллах нь зүйтэй болов уу. 
 
5.    ҮЗХ болон аймаг, нийслэл дүүргийн намын хорооны гишүүдийн дунд ротаци хийдгийг болих. Харин намын их хурлын гишүүд та нөхдийн дотроос ҮЗХ-ы гишүүдийг сонгон 4 жилийн хугацаатай баталдаг байх.  Харин хурлын ирцийг 50 нэмэх 1 байхаар журамлаж болох юм. 
 
6.    Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх сонголтыг энэ Их хурал шийдэх нь оновчтой. Хэдэн ч хүн нэр дэвшиж болох бөгөөд Их хурлын эрхэм гишүүд шүүн хэлэлцээд 2-3 хүний нэрийг үлдээгээд оны дараа хуралдах Их хурлаараа намын даргатай хамт сонгон баталгаажуулж болно гэж үзэж байна. Сунгаа хийх хугацааг тооцсон хувилбар гэж ойлгож болно.  
 
 Анхдагчид бид намаасаа, үзэл бодлоосоо хэзээ ч ухрахгүй, урвахгүй. Харин Авилгачид, тендерчид, офшорчид, сэм хуйвалдагчид, шуналтнуудтай хэзээ ч эвлэрэхгүй.  Монгол түмний заяа түшиж, Ардчилсан Нам маань ард түмнийхээ итгэлийг дахин олж улс үндэстнээ, ард түмнээ аз жаргалд хөтлөх болтугай.                               
          
Анхаарал тавьсанд баярлалаа. 
 
 
АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ХӨДӨЛГӨӨН.
 
Төлөөлж Ша.Батбаяр