АН-ын IV Их хурлын эргэн тойрон юм, юмтай болж өнгөрөв. Намын дотоод асуудлууд бол өмнө байсан, цаашид  байх тийм л зүйлүүд. Харин тэр дотроос  анхаарал татсан  нь Намын Их хуралдаа зочилж ирсэн экс гишүүд нь байлаа.

Тухайлбал, БНН-ын дарга “Буян”-гийн Жаргалсайхан намынхаа нарийн бичгийн даргыг дагуулан ирж хуралд оролцсон. АН-ын зарим гишүүн түүнийг танихгүй “Пөөх, манайд чинь Жагаатай  усны дусал шиг адилхан гишүүн байдаг юм байна шүү дээ” гээд тууж явсан.  Б.Жаргалсайханы хувьд ардчилсан хувьсгалд оролцож,   50 кг-ын шуудайтай элсэн чихэрээр хөрөнгө оруулж, уулзалт, цуглааны төсөв зардал босголцож явсан  яах аргагүй анхдагчдын  нэг гэдэг.

 

 Харин сая болсон АН-ын ИХ хуралд ирэхдээ хэвлэлийнхэнд “Би Ардчиллын хүн шүү дээ. Намынхаа гишүүнчлэлийг сэргээх талаар ярьж ч болох юм” хэмээн хэлж байв. Тэгвэл АН-аас  Хөвсгөл аймагт дэвшин УИХ-д хэдэнтээ сонгогдож  явсан Их хурлын  экс гишүүн, сүүлд АН-аас гарч “Ард түмний нам” байгуулан өрх тусгаарласан Л.Гүндалай ч бас гэртээ зүгээр суусангүй. АН-ын Их хурлын үеэр төлөөлөгчидтэй энд тэнд уулзалт зохион байгуулан  зоог барьсны сацуу “Би АН-ынхаа гишүүнчлэлийг сэргээж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” хэмээн ярьжээ. Түүний хувьд    2016 оны сонгуульд  “Ард түмнээ хайрлая” нам байгуулан  Эрдэнэтээс  УИХ-ын сонгуульд өрсөлдөнө  хэмээн хэсэгтээ бужигнуулсан ч эхнэр, хадам аавыгаа  нэр дэвшүүлснээр дууссан. Одоо хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөх, авах зэргээс өөр ажилгүй сууж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn