Ипотекийн зээлийг өнөөдрийн байдлаар хэрхэн үргэлжлүүлж байгаа болон цаашид иргэд бага хүүтэйгээр орон сууцанд амьдрах боломж байгаа эсэх талаар Барилга, хот байгуулалтын сайд Г.МӨНХБАЯРТАЙ ярилцлаа.

 

-Ипотекийн зээлийн асуудлаар Монголбанкны удирдлагуудтай уулзсан гэсэн. Ямар асуудлыг шийдвэрлэсэн бэ. Арилжааны банкууд ипотекийн зээлийн тодорхой хувийг өөрсдөө гаргахаар болсон гэх юм. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

 

-Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн эх үүсвэр дөрвөн их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнд нийт 88 мянган айл өрх хамрагдсан. Засгийн газар ипотекийн зээлийг өөр хэлбэрээр өргөтгөх, шинэчлэх, сайжруулах хүрээний зээлийн эх үүсвэрийн асуудлаар гадаадынхантай ярилцаж, гэрээ хийж байсан. Гэвч бидэнд дахиад хугацаа шаардлагатай болчихлоо л доо. Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлд зарцуулсан дөрвөн их наяд төгрөгийн буцаан төлөлтөд улсын хэмжээнд сард 25-30 тэрбум төгрөг төсөвт орж ирж байгаа бөгөөд сард 200 орчим хүн ипотекийн зээлд хамрагдаж байна. Барилга, хот байгуулалтын яам ипотекийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэгч байгууллага биш боловч бодлогын хувьд Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа ажлыг зөв мэдээллээр хангаж, олныг хамруулах үүднээс Монголбанктай ажлын уулзалтыг сар бүр хийж байна. Хамгийн сүүлд энэ сарын 6-нд уулзсан. Энэ үеэр Монголбанкнаас ард иргэдэд тааламжтай шийдвэрийг гаргасан гэдгээ хэлсэн. Арилжааны банкууд ипотекийн зээлийн эх үүсвэрийг Монголбанкнаас дөрвөн хувиар зээлж авч, иргэдэд найман хувиар өгдөг. Тэгэхээр арилжааны банкуудын Монголбанкинд төлөх төлбөр 917 орчим тэрбум төгрөг байна. Монголбанкны гаргасан шийдвэрээр энэ мөнгийг арилжааны банкуудаас татаж авахгүйгээр нэг жилээр сунгахаар болсон. Ингэснээр арилжааны банкууд Монголбанкинд өгөх байсан энэ мөнгөө ипотекийн зээлийн эх үүсвэр болгож иргэдэд зээл авах боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Миний хувьд уг шийдвэрийг эдийн засгийн хямралтай уялдсан зөв бодлого үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголбанк арилжааны банкуудыг “Хугацаа болчихлоо өрөө төл” гэлгүйгээр, ипотекийн зээлийн эх үүсвэрт нэмэр болгож 900 гаруй тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болгон үлдээж байгаа юм. Түүнчлэн яамны зүгээс айл бүр 0.7 га газартаа хямд өртөгтэй, тохилог орон сууцтай болох боломжийн талаар Монголбанктай ярилцлаа. Тухайлбал, өөрийн эзэмшил газартаа хоёр давхар амины орон сууцыг барилгын шинэ технологиор, ялангуяа европ стандартын шаардлага хангасан блок ашиглан зардал багатайгаар 40- 80 ам метр орон сууцыг хашаандаа барих боломжтой болох юм. Ингэхдээ яамнаас зургийг нь гаргана. Иргэд энэ зургийг бариад банкуудаар явж, өөрийн боломжит өртөг бүхий орон сууцтай болох боломжийг бүрдүүлэхээр эх үүсвэрийг хайж байна. Үүний хөрөнгийн эх үүсвэрийг бодитоор шийдэж чадвал ипотекийн зээлийг энэ хэлбэр рүү оруулах боломжийг судалж байна. Бидний энэ шийдвэрийг Монголбанк дэмжиж байгаа.

 

-Түрээсийн орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үү?

 

-ТОСК-аар дамжуулан орон нутагт 600 орчим, Улаанбаатарт мөн энэ тооны орон сууцыг түрээсийн хэлбэрээр шийдсэн. Ингэхдээ өмнөх Засгийн газар 30-50 ам метр талбайтай орон сууцыг түрээслэхээр шийдвэрлэж, иргэдэд сугалаагаар олгосон. Тэгэхээр “Буянт-Ухаа” I, II хороололд борлогдоогүй орон сууц олон бий. Гэхдээ голдуу 60-70 ам метр талбайтай нь үлдсэн. Орон нутагт ч энэ хэмжээний талбайтай орон сууц эзэнгүй байна. Эзэнгүй байгаа орон сууцны зардлыг хий төлөх, алдагдалд орох асуудал байгаа учир аймгийн Засаг дарга нарын “Тухайн аймагт барьсан орон сууцны барилгад хүмүүс оруулж, түрээсээ төлөх, зардлаа өөрөө даах боломжийг бүрдүүлж өгөөч” гэсэн хүсэлтийн дагуу Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууцыг ам метрээр хязгаарлахгүйгээр түрээслэхээр шийдсэн. Мөн Засгийн газрын шийдвэрээр аймаг, орон нутгийн удирдлагууд түрээсийн орон сууцны асуудлаа өөрсдөө бие даан шийдэх боломжийг өгч байгаа. Энэ ажлыг энэ сараас эхлүүлнэ.

 

-Ипотекийн зээлийг Хятадаас авах зээлээр үргэлжлүүлнэ гэсэн мэдээлэл байсан. Цаашид 0.7 га газарт орон сууц барих нөхцөлийн санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх вэ. Эхний ээлжид хэчнээн айлыг хамруулах вэ?

 

-Эх үүсвэртэйгээ уялдуулж эхний ээлжид хэчнээн айлыг хамруулахаа шийднэ. Уг нь үүний эх үүсвэр шийдэгдэж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилчихлоо. Ямартай ч цаашдаа олон давхар орон сууцанд орохоосоо илүү 0.7 га газартай айл өрхийг боломжийн, нэг маягийн зургаар хийсэн, барилгын шаардлага хангасан материалаар барьсан байшинтай болохыг дэмжих төсөл дээр ажиллаж байна. Гэхдээ эзэмшиж байгаа газарт нь аль болох дэд бүтэц нь шийдэгдсэн, эсвэл хамгийн хурдан холбогдох газарт түрүүлж хэрэгжүүлнэ.

 

-Тэгэхээр санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй болчихсон юм байна. Гэтэл цаашид зээлийн эргэн төлөлтийн мөнгөөрөө эх үүсвэрээ шийднэ гэж ойлголоо. Ийм байдлаар ипотекийн зээлийг хэр удаан үргэлжлүүлэх бол?

 

-Өнгөрсөн аравдугаар сарын гүйцэтгэлийг харахад 200 орчим хүн ипотекийн зээлд хамрагдсан байна. Ипотекийн зээлийн эх үүсвэрийн сарын хэрэгцээ 60-70 тэрбум төгрөг байна. Гэсэн хэдий ч энэ оныг дуустал сард орж ирж байгаа 20-30 тэрбумын эргэн төлөлтөөрөө ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ. Он дуустал энэ хэлбэрээр явуулж байгаад Сангийн яамны хийж байгаа гэрээ хэлэлцээр амжилттай болбол жинхэнэ утгаар нь хэрэгжүүлнэ.

 

-Орон нутагт орон сууцны таван хувийн зээлийг үргэлжлүүлнэ гэх мэдээлэл байна?

 

-Орон нутагт байрны таван хувийн зээлийг үргэлжлүүлбэл ямар вэ гэдэг талаар бид ярилцаж байгаа болохоос эцэслэн шийдээгүй. Үүнийг Монголбанк огт үгүйсгэхгүй байгаа. Тэгэхээр эх үүсвэр бодитой болчихвол орон нутагт ипотекийн зээлийг арай өөр бодлогоор явуулна.

 

-“Буянт-Ухаа-2” хорооллын борлогдоогүй орон сууцыг хашаа, байшингаар солино гэж ярьж байсан. Энэ ажил ямар шатандаа явна вэ?

 

-Барилга, хот байгуулалтын яамны зүгээс ийм саналыг нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн. Борлогдоогүй 200 орон сууц бий. Нийслэлийнхэн ярьж байгаад эхний ээлжид 100-г нь хашаа байшингаар сольж болох юм. Хэрвээ иргэдтэй энэ талаар шийдэлд хүрвэл бид борлогдоогүй орон сууцаас өгөхөд бэлэн байгаа.

 

-Тэгэхээр ямар журмаар өгнө гэсэн үг үү?

 

-Ихэвчлэн гурван өрөө байр борлогдоогүй үлдсэн. Тиймээс иргэд “0.7 га газраа өгөөд гурван өрөө байранд оръё” гэвэл шийдэх боломжийг нь нээж өгсөн. Гэхдээ нийслэл яг эцэслэн шийдээгүй байгаа юм байна лээ.

 

-ТОСК-ийг татан буулгаж магадгүй гэх мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

 

-Тийм зүйл байхгүй. ТОСК өөрөө барилга барихгүй. Өмнөх шигээ түрээсийн орон сууцны бодлогыг барьж явна.

 

-Газар хөдлөлтийн талаар үндсэний семинар болж, үүгээр Улаанбаатар хотын 500 гаруй барилгад шалгалт хийхэд 270 нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн байна лээ. Энэ 200 гаруй барилга, дээрээс нь насжилт дууссан орон сууцыг яах вэ?

 

-Орон сууц нь хуучирсан газрууд бий. Тухайлбал, 40, 50 мянгат байна. Эдгээр орон сууц 1960-аад оны тоосгон барилга. Бүгд өмчлөгдсөн, хувийнх. Тэгэхээр өмчлөгчид нь хөрөнгө оруулагч нартай ярьж, орон сууцаа шинэчлэх асуудал нь нээлттэй. Нөгөө талаар эдгээр таван давхар барилгыг нураагаад дахин шинээр орон сууц барих эх үүсвэр бүхий хөрөнгө оруулагчид иргэдтэй тохироод явах бололцоотой. Харин газар хөдлөлтийн асуудал анхаарлын төвд байх ёстой. Мэдээж энд барилга барья гэсэн болгоныг дэмжээд байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр бид яриад байх биш барьж байгаа барилгад газар хөдлөлтийн чадамжийг тодорхойлдог, туршилт хийдэг ажлыг шинээр нэвтрүүлэх ёстой гэж харж байгаа. Ингэж туршиж үзээд шаардлага хангаж байвал цаашид үргэлжлүүлэн барьдаг, үгүй бол зогсоодог байх ёстой.

 

М.Энхцэцэг