"Ард түмнээ хайрлая" намын дарга, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай АН-д элсэхээ мэдэгдлээ. Тодруулбал, өнөөдөр тэрбээр "Зууны мэдээ" сонины мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, Ардчилсан намд элсэнэ гэсэн юм. 

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан "Би 2000 онд АН-ыг ялагдаж явах үед туг нь болж, дэмжиж явсан. Ардчилсан нам шинэ дүрмээ боловсруулж, Үндэсний Зөвлөлдөх Хороо гэдэг худалдагдсан байгууллагаар асуудлаа шийдүүлэхгүйгээр нийт гишүүдээрээ хэлэлцүүлж, намын даргаа сонгож, гишүүдийнхээ хүрээнд асуудлаа шийдвэрлэдэг болж байна.  Энэ бүхэн миний Ардчилсан намдаа эргэж орох шалтгаан болсон" гэлээ. 

 

Л.Гүндалай Ардчилсан намд Ардчилсан намаас хоёр удаа өөрийн хүсэлтээр гарсан юм. Ямартай түүнийг АН хүлээж авах эсэх нь олны сонирхлыг татсан хэрэг боллоо.

 

Та яагаад АН-ыг сонгож орж байгаа юм бэ?

-Миний анхны сонголт АН байсан. Өөрөөр хэлбэл, миний “анхны хайр” АН шүү дээ. Ямар үед орж, ямар үед нь гардаг вэ гэдгээ түрүүнд хэвлэлийн хурлын эхэнд хэлсэн.

-АН таныг хүлээж авсан уу?

-Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярт өргөдлөө өгсөн. Гэтэл “Жич хариу өгье” гэж  хариулсан нь надад сонин санагдаж байгаа. Тэгэхээр сэтгүүлч та нар наад асуултаа АН-аас асууж тодруулаарай.  Ер нь бол  Ардчилсан нам  элсэх хүсэлтэй ямар ч хүнийг элсүүлж авдаг байх. Энэ чинь Ардчилсан нам шүү дээ. Улаан цайм урвасан Д.Арвин мэтийн хүмүүсийг авсан л шүү дээ. Тэгэхээр би яагаад болохгүй гэж. Гүндалай анхнаасаа энэ намын гишүүн байсан. Энэ намыг ялагдаж байхад нь орж,  мандан бадрахаар  нь гарч ирсэн хүн шүү, би.

-Та энэ намд ороод даргын сонгуульд өрсөлдөх юм уу?

-Тэрийг намын жирийн гишүүд мэдэх хэрэг. Миний хувьд  мэдлэг, боловсрол, чадвараар хэнээс нь ч дутахгүй боловсон хүчний нэг. Тийм болохоор болохгүй юм  бас байхгүй л байх.

-Та АН-д эргэж орох болсон үндэслэлээ шинэчлэгдэж байгаа учраас гэлээ. Шинэчлэгдэнэ гэдэгт үнэхээр итгэлтэй байна уу?

-Бүрэн итгэлтэй байна.