Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай нэгэн үе нөхөрлөж явсан “мунзуй” хочит Г.Нямдоржийг урьж ярилцлаа.

 

​-Та дөнгөж сая Сүх­баатар дүүргийн шүүхээс гарч ирлээ. Танд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг үнэн болж таарах нь. Хэд дэх удаагаа ирж мэдүүлэг өгөөд байна вэ?

-Би ер нь их дуулгавартай хүн. Дөнгөж сая цагдаагийнханд мэдүүлэг өглөө. Гурав дахь удаагаа өгч байна. “Шинэ дэлхий” телевизийн захирал Ч.Энх-Эрдэнэ гэдэг залуу өөрийг нь зодсон гэж намайг шүүхэд өгсөн. Тэр дагуу л мэдүүлэг өгчихөөд явж байна.

-УИХ-ын гишүүн Н.Номтой­баяртай бааранд муудалцсан хэргийн тань талаар асууж байна уу?

-Яг юу болсон юм. Н.Номтой­баяр гишүүнийг дарамталсан уу, мөнгө нэхсэн үү, хүн гүтгэсэн үү, таны ард цагдаагийн том хүн байдаг гэнэ гэж л байна. Цагдаагийнхан намайг танилгүй яах вэ дээ. 

-Та дарамталж мөнгө нэхсэн юм уу. Өчигдөр /уржигдар/ гишүүн хэвлэлийнхэнд хандаж “Нэг сая ам.доллар нэхэж дарамталсан. Энэ мөнгийг өгвөл хэргийг нь хаалгаж өгье гэсэн” гэж мэдэгдсэн?

-Би харсан. Тэгж байна билээ. Тийм их мөнгө Н.Номтойбаярт байхгүй шүү дээ. Аавд нь бол байгаа байх. Монголын баячуудын жагсаалтад Н.Номтойбаяр гэдэг хүний нэр байхгүй, Б.Нямтайшир гэдэг хүний нэр л байгаа биз дээ. Түүнд тийм их мөнгө байхгүй. Байхгүй юм чинь тэрнээс юугаа авдаг юм бэ. Зохиож байхгүй юу. Хүмүүст өөрийгөө мөнгөтэй харагдуулах гэж тэгж зохиож байгаа юм байлгүй. Юмыг хэмжээ хязгаартай ярих хэрэгтэй. 

-Таны ард УИХ-ын гурван гишүүн, Засгийн газрын хоёр гишүүн, хоёр бизнесмэн байдаг гэж хэлнэ билээ. Таны ард хэн байгаа юм бэ?

-Монгол Улсын иргэн хүн хардах сэрдэх эрхтэй. Гол нь баримттай л ярих хэрэгтэй. Надад бол харин янз бүрийн баримт бий шүү. Би УИХ-ын гишүүн ганцхан хүн танина. Тэр нь Н.Номтойбаяр. Бас сайд байсан ганцхан хүнийг танина. Тэр нь дэд сайд асан Н.Номтойбаяр. Бизнесмэн энэ тэр хүн байгаа гэж хэлж байна билээ. Тийм л юм бол нэр устай нь хэлчихгүй, юунаасаа айсан юм бэ. Хэлэх хэрэгтэй, нэрлэх хэрэгтэй шүү дээ. Хүмүүсийг төөрөгдүүлж болохгүй. Муухай л даа.

-Нээрэн Н.Номтойбаяр гишүүн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайд байсан хүн шүү дээ. Танд ер нь УИХ, Засгийн газарт таньдаг хүн байдаг уу?

-Би хэллээ. Ганцхан л танилтай, тэр нь Н.Номтойбаяр. Н.Номтойбаяр дэд сайд болохын тулд Өмнөд Солонгост байхдаа миний дэргэд хэнтэй, юу гэж утсаар ярьж байсныг нь би мэднэ. Тэнд байхдаа л дэд сайд болчихсон шүү дээ. Эрх хүүхэд шиг л ярьж байсан. Би дэргэд нь байсан юм чинь. Миний ард бизнесмэнүүд байгаа ч гэх шиг. Юу байдаг юм бэ. Хэн байгаа юм бэ. 

-Хэнтэй ярьсан юм бэ?

-Хэнтэй ярьсныг нь би мэдэх­гүй. Ямар ч байсан намынхаа удирдлагуудтай бүгдтэй нь ярьсан. С.Баяр, Сү.Батболд гэдэг хүмүүстэй ярьсан. Утсаар ярьж байгаад дэд сайд болохыг нь би харсан шүү.

-Тэгээд яагаад тэгж мэдэгдсэн юм бол оо?

-Үнэнд гүйцэгдээд ирэхээрээ арга нь барагдаж байгаа юм болов уу л гэж бодож байна.  Би хэлээд байгаа. Хоёулаа хамт шийтгүүлье, зүгээр үнэнээ л хэлчих гэж.

-Та одоо яая гэж бодож байна. Хар багаасаа найзалж нөхөрлөж явсан эр хүмүүс байна даа. Эрчүүдийн сайхан нөхөрлөлөө бодоод ч тэр, та хоёр уулзаж ярилцаад эв зүйгээ олчихож бол­доггүй юм уу?

-Би ч заримдаа энэ хэргийг өөрөө төгсгөчихмөөр санагдах юм. Би хэзээ ч хүнтэй заргалдаж үзээгүй.  Н.Номтойбаяр уулзаж ярилцаад ч ойлгохгүй л дээ. Баян айлын эрх хүүхэд шиг аашилна. Ааш зан нь их хувирсан байна билээ. Ер нь бол намайг дэргэдээсээ салгахгүй байлгаад байх сонирхолтой. Би чинь амьдралтай хүн шүү дээ. Гурав, дөрвөн жил түүнтэй хамт явсан хүн.

-Та хоёр муудалцсанаасаа хойш уулзсан уу, утсаар ярьсан уу?

-Над руу байнга залгадаг. Би утсаа авдаггүй юм. Аягүй бол намайг мөнгө нэхэж дарамталсан, худлаа гэвэл энэ гээд залгасан, ярьсан дугаараа олон нийтэд харуулах биз. Асуудалд орохын нэмэр гээд утсаа авахгүй байгаа.

-Н.Номтойбаяр гишүүн хэв­лэлийнхэнд мэдээлэл өгөх­дөө бие хамгаалагч байсан Б.Батзориг, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр хоёрын мөнгө өгөлцөж авалц­сан тухай ярьсан бичлэгийг сонсгож байсан.  Тэрийг сонссон уу?

-Сонссон. Гэхдээ тэр талаар надад мэдэх юм алга.

-Тэр шөнө “Le Treskell” баа­ранд яг юу болсон юм бэ. Юунаас болж муудалцсан юм бэ. Мөнгө төгрөгнөөс болсон гээд байгаа. Үнэнээр нь хэлэхгүй юу?

-Миний ганц хүүг эхнэрийг маань их муухайгаар дором­жилсон. Тэрнээс болж муудалцсан. Би хэзээ ч хэнд ч эхнэр хүүхдээ тэгж доромжлуулахгүй. Намайг бол доромжилж болно оо. Би энэ хорвоо дээрх хоёр хайртай хүнээ бусдаар доромжлуулчихаад зүгээр суугаад байх лойчихсон эр хүн биш. Ясаа цайтал үзнэ. Заргалдахгүй.

-Яг юу гэж доромжилсон гэж?

-Их муухайгаар хэлсэн.

-Тэр бааранд та хэд санам­саргүй тааралдсан уу. Нэг нэгнээ дуудсан уу?

-Н.Номтойбаяр намайг дуудсан. Би очсон.

-Цагдаагийнхан тэр баарны камерын бичлэгийг авсан гэсэн. Хэн нь эхэлж хөдөлснийг тэд мэдэж байгаа байлгүй дээ?

-Камерын бичлэг байх л ёстой. Ер нь Н.Номтойбаярын дэргэд байдаг залуус хэн нь ч надтай муудалцъя гэхгүй.

-Өөрт чинь ямар хэргээр эрүү үүсгэсэн юм бэ?

-Ч.Энх-Эрдэнэ гэдэг залууг зодсон гэнэ.

-Та хэд хоногийн өмнө МАН-ын их хурлын өмнө хэвлэлийн бага хурал зарлана гэж байсан?

-Би тэгж хэлсэн. Гэхдээ энэ их хурлыг нь хүндлээд больсон. Уг нь цагаан хоолой барьж очоод үнэн мөнийг нь дэлгэе гэж бодож байсан юм.

-УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр та Н.Номтойбаярын сурталчилгаанд явсан уу?

-Үгүй ээ. Би Өмнөд Солонгост байсан. Нуугаад яах вэ. Нэг найзтайгаа зодолдчихоод Өмнөд Солонгос руу явсан юм. Тэгж явсныг л өөрөөс нь мөнгө аваад зугтсан гээд байгаа юм.

-Та гэр бүлээ танилцуулж болох уу. Одоо юу хийж, яаж амьдарч байна?

-Эхнэр, хүүтэйгээ амьдардаг. Хувиараа нэг бизнес хийдэг.

-Ямар бизнес эрхэлдэг юм бэ?

-Тийм юм яримааргүй байна. Мөнгөтэй хүмүүс хаалгачих байлгүй. Яагаад би бизнесээ ярихгүй байгаа юм бэ гэвэл би айж байна. Би жижигхэн бизнестэй хүн. Намайг Өмнөд Солонгост байхад Н.Номтойбаяр очсон. Тэгэхдээ “Адуунчулуун”-ны нүүр­сийг нь худалдаж аваад Дорнодын тэнэгүүдэд хямдхан өгч Ц.Шинэбаярыг шатаагаад, гурилын шинэ технологитой үйлдвэр бариад хямдхан гурил тарааж, Х.Бо­лорчулууныг “шатаагаад”, энэ хоёрыг бизнесгүй болгочихоор энэ хоёрыг надтай яаж өрсөлдөхийг нь харъя гэж ярьж байсан. Ийм юм ярьж, хийдэг хүн учраас айж байна.

-Юугаа ч нуудаггүй сайн найзууд байсан хүмүүс юунаас болоод муудалцсан юм бэ?

-Н.Номтойбаяр их том болсон байна билээ. Яриа нь ч тэр. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болно гэж том юм ярьдаг. Дэргэдэх хүмүүстэйгээ ярилцаж чаддаггүй, их өндөрт гарсан юм билээ. Их дураараа, хүний үгийг тоодоггүй, том толгойтой.

-Танд ямар нэг хэмжээгээр тусалж байсан уу?

-Тэр тусалж чадах хүн мөн үү. Болохгүй бүтэхгүй юмандаа л зарах гэж дэргэдээ байлгахыг хүсдэг.

-Тусалдаг болоод л хүмүүс дор нь ажиллаад байгаа байлгүй дээ?

-Тэд чинь ажилчид нь байхгүй юу.  Цалин л өгдөг биз.

-Эрүүгийн элемент гэж хэн юм бэ. Та эрүүгийн элемент мөн үү. “Мунзуй” гэж ямар учиртай хоч юм бэ?

-Харин тийм. Эрүүгийн элемент гэж хэн юм бэ. Цагдаа, шүүхээр онц аюултай гэмт хэрэгтэн гээд нотолчихоогүй л бол хүнийг тэгж хэлж болохгүй биз дээ. Би бол жирийн нэг иргэн хүн. Намайг хэн ч онц аюултай гэмт хэрэгтэн гэдгийг маань тогтоогоогүй байна. Иргэн Г.Нямдорж гэж ярьж бичвэл их сайн байна. Надад ямар нэгэн бүлэглэл байхгүй. Хоч ч яах вэ. Бандгар, бондгор гэдэг шиг л багаас минь хочилсон нэр. Эрүүгийн элемент, рецедив гэмт хэрэгтэн, бизнесийн бүлэглэл  гэж л ярих юм. Яагаад ингэж зааглаад байгаа юм бэ. 

-Аав ээж, бага насныхаа тухай яриач?

-Аав ээж хоёр маань намайг жаахан байхад салсан. Ээж намайг ахдаа өргүүлсэн. Дунд сургуульд байхад аав маань өнгөрч, гэртээ ганцаархнаа үлдсэн хүн. Гэртээ ганцаараа үлдсэн есдүгээр ангийн эрэгтэй хүүхэд ямар байх вэ. Бодоод үз дээ. Янз бүрийн хүмүүстэй нийлж, хэрэгт орооцолдсон. Харж хандах хүн надад байгаагүй. Гэтэл одоо сонин хэвлэлүүд яаж байна. Намайг маш их бөөрлөж байна. Бичиж байна. Би чинь хүн юм байгаа биз дээ.

-Хүн гэж бодсон учраас л би тантай яриад сууж байна л даа. Тэгж бодоогүй бол бусад шиг сургаар худал үнэн юм бичиж болох л байсан. Тэгээд ч таныг бусдыг дарамталсан мөнгө нэхсэн эсэхийг чинь мэдэх гэсэн юм?

-Би тийм юм хийхгүй ээ.

-Та баян хүн үү?

-Би баян хүн. Сайхан амьдарч байна. Эхнэртэй, хүүхэдтэй. Их юмаар яах юм бэ. Лай ланчиг нь их.

-Байгаа юмандаа сэтгэл ханамжтай амьдарч чаддаг хүн юм аа?

-Өвдвөл гаргаад хэрэглэх мөнгө байвал болоо шүү дээ. Одоо миний халаасанд 100 мянган төгрөг байна.

-Одоо цаашдаа яая гэж бодож байна?

-Яах юу байх вэ. Энэ хэрэг шүүх дээр очно. Тэнд уулзалдах байлгүй.

-Эр хүмүүс зодолдож, цохилцохыг алийг тэр гэх вэ. Зо­хицож тохироод асуудлыг шийдчихэж болдоггүй юм уу. Заавал шүүх цагдаа болж, нэр нүүрээ алдаж байснаас тэр нь дээр биш үү?

-Шүүх учрыг нь олоод өгөх байлгүй дээ. Би яагаа ч үгүй болохоор бардам байна. Би ингэж явж байгаагүй. Их ичиж байна. Анх удаа ингэж зарга хийж явна. Би алдаж оносон халхын олон эрчүүдтэй хэдэн жил нэг хашаанд амьдарсан. Сайнтай нь ч, муутай ч нөхөрлөж үзсэн. Эр хүн болохын тулд Н.Номтойбаярыг би тэнд орж үзэх ёстой гэж бодож байгаа шүү. Намайг ингэж оролдох хэрэггүй. Тэр бие хамгаалагчийн аавыг алга болгосон шиг намайг тэгж чадах л байх. Гэхдээ би ардаа найм есөн эрэгтэй дүүтэй хүн шүү. Ер нь Н.Номтойбаяр хамаг юмаа нууж байснаас эр хүн шиг дотроо онгойтол яриад, бүх юмаа дуусгаад, муу нэрээ арилгаж, бүх зүйлээ шинээр эхлэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Та яг одоо Н.Номтойбаяр гишүүн рүү залгаад “Эр хүн шиг ярилцъя, эвлэрье” гэж хэлж чадах уу?

-Чадна. Гэхдээ нэмэргүй л дээ. Би занг нь мэднэ. 

-Тэр гадаад руу дүрвэсэн гээд байгаа Б.Батзориг ямар учраас найздаа тэгж муухай хандсан юм бол?

-Найм, есөн жил дагаж явчихаад уранхай гуталтайгаа яваад байгаа эр хүнд гомдол байна биз дээ. Өөр хэлээд байх юм алга.

-Ярилцсанд баярлалаа.

 

Б.Оюунгэрэл