Бидэнд өнөө Үндэсний лидер үгүйлэгдэж байна. Маш их. Бодончар мунхагийн "Хүн ахт, дээл захт" гэсэн үг хэзээд амьд байх учиртай зарчим. Оюунт хүмүүн бүү хэл адгууст хүртэл байдаг суурь зарчим. Харин энэ зарчим өнөө цагт манайд алга.

Талцаж, тангаралдсан нь их. Хуваагдаж, хуйвалдсан нь арвин. Магад бидний өнөөгийн будилуу яваагийн маань нэгэн шалтгаан энэ ч байх.


Үндэсний лидер гэдэг бол дарангуйлагч биш. Муйхар хүчээр болон ов залиар эрхшээдэг дарангуйлагч шиг хэрэггүй юм алга. Үндэсний лидер хэрэгтэй гэж буй ахул түүнээ бид ямар шалгуураар тодруулах вэ? 

Ёс суртхууны манлайлал, хүчирхэг үзэл санаа-итгэл үнэмшил, оюунлаг чадавхийн үлгэрлэл, үндэстнийхээ шилдэг сайн шинжүүдийг шингээсэн дүр төрх, эерэг бүтээлч чанараар. Бас мэдээж харизм... Энд ёс суртхууныг эн тэргүүнд тавьсан. Яагаад гэвэл "Ертөнцийн төлөө оршихийг ёс суртхуун" гэдэг болохоор...

Харин өнөөдөр бидний лидер, элитүүдээ шалгадаг шалгуур маань шал эсрэг, их ч хялбархан. Баян, тиймээс санхүүгийн эрх мэдэлтэй, санхүүгийн эрх мэдлээ ашиглан төрийн эрх мэдэлтэй болсон, эрээгүй түрэмгийдүү, овтой, зальжин, ертөнцийн төлөө биш өчүүхэн өөрийнхөө төлөө оршдог, өөрөөр хэлбэл ёс суртхуунгүй, тэгээд жаахан тэнэгдүү байсан ч яахав. 

Далимд, Бодончар мунхагийг мунхаг учраас л мунхаг хэмээн нэрийдэж ээ, тэгээд мунхаг хүмүүний үгийг юунд иш татнав хэмээн шууд утгаар нь бүү ойлгоорой. Маш энгийн логикийг ойлгодоггүй хялбар сэтгэхүй түгээмэл болсон учир ийм тайлбар хэлэхээс аргагүй болов. Гүн бодлоготой, хэт алсыг хардаг цөлх хүмүүн идэх хоол, өмсөх хувцас, эдлэх эд төдий ойр зуурханд эргэлдэгч хүмсүүдэд их мунхаг харагддаг юм. Тиймээс эцгийнхээ хойно хөрөнгийг нь хувааж яддаг ядуу сэтгэлгээтэй ах нар нь түүнийг мунхаг гэж харсан хэрэг төдий байх. 

Мунхаг хүмүүнд ухаантан нь мунхаг харагдах нь ердийн явдал. Харин мунхагууд нь ухаантнаа цөлж орхих нь цөвүүн цаг аж. Л.Түдэв гуайг харах бүр ийн харуусах. Бас АН-ын хурлын үеэр нэг ийм юм бодогдох.

Б.Наминчимэд