Зохион байгуулалттай гэмт хэргийг ажиглагч байгууллагын урилгаар Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүн Туяацэцэг, шударга ёсны төлөө хууль бус үйлдэл, гаж ёсны эсрэг цогтой тэмцэгч ард түмэндээ хайрлагдаж ирсэн "цэнхэр үст" бүсгүй Цэрэн нарын зорьсон үйлс бүтэмжтэй болж, хуульчид, өмгөөлөгч, сэтгүүлч нартай удаа дараагийн харилцан уулзалтууд хийж, ямартаа ч эхний ээлжинд Швейцар улсын прокурорын газарт иргэн С. Баярцогтын эсрэг албан ёсоор хэрэг үүсгэгдлээ.

Уулзалт, ярилцлагууд дээр өрнөсөн яриаг нийтэд дэлгэх боломжгүй юм. Гэхдээ мөрдөн байцаах ажиллагаанд нөлөөлөхгүй ганц нэг зүйлийг монголын ард түмэнд зайлшгүй хүргэх ёстой гэж иргэн хүний хувьд үзэж байна. 

Иргэн С.Баярцогт нь өөрийгөө өмгөөлүүлэхээр өндөр төлбөртэй өмгөөлөгч хөлслөн авсан байгаа гэнэлээ. Уул нь офшорын хөрөнгө нь цэвэр ариун хөдөлмөрөөр олсон хөрөнгө бол тэрээр өндөр хөлстэй өмгөөлөгч авч сандрах шаардлагагүй нь хэнд ч ойлгомжтой.

Хамгийн сонирхолтой нь Монгол улсын төрийн дээд өндөрлөг хавьцаагаас эндхийн засгийн газарт хандаж уул хэргийг сөхөж байгаад туйлын харамсаж байгаа тухай мэдээлэл ирсэн тухай чих дэлслээ. Мөрдөн байцаах ажиллагаанд нь дээрээс нөлөөлж зогсоох гэж сэтгээд байгаа юмуу даа, өрөвдмөөр. Эндхийн шүүх тийм нөлөөлөл үзүүлэх сонирхолтой хүнийг дор нь илчилж ажлаас нь хусуулна, тэр хүн нь ерөнхийлөгч, сайд хэнбугай байх нь огт хамаагүй. Ямарч шүүгч өөрийгөө "би бол швейцарийн хууль биеэрээ байна" гэж төгс хэлэх чадвартай байдаг. Төр засаг ТА гэнэдэж байна. Хоёр турьхан бүсгүйн үйлдэл дээр Хятадын засгийн газар Далай ламыг жийрхсэн шиг мэдэгдэл хийсэн нь үнэн бол ёстой л "албин чөтгөрүүд" Монголын төрийг удирдаж байна гэдэгтээ санал нийлнэ. Тэр Баярцогтын мөнгө хөрөнгийг хамгаалах гэж Монгол улсын Төр дуугарч байвал бүгдийг нь огцруулахын төлөө монголын ард түмэн нэгдэж чадна гэдэгт итгэдэг.

Монголын төрөөс ийм шум илгээсний дараа швейцарийн хуульч, прокурорын зүгээс аюулгүй байдалдаа анхаарч явахыг зөвлөсөн байна. Ийм учраас энэ хоёр бүсгүйн амь нас, ар гэрийнхний хэн нэгэнд хамааралтай уг сэрэмжлүүлэг нь шууд Монгол улсын төртэй хамаарна гэж бичигч би бээр бодож байна. Монгол улсынхаа төлөө чин сэтгэлээр тэмцэж, дуугарч явсан С.Зориг, О,Дашбалбар, Л.Энэбиш, М.Зэнээ, Ж.Наранцацралт нарынхаа тайлагдаагүй эмгэнэлт түүхийг бид мартах учиргүй. Иймд энэ бичвэрийг уншсан хүн бүр өөртөө хуваалцаж хоёр бүсгүйнхээ аюулгүй байдлыг хангахад нэмэр оруулахыг уриалж байна. Баярлалаа.

 

Ж.Зоригт

http://www.facebook.com/dmnegdel/photos/a.1402932456652727.1073741829.1402550363357603/1824032254542743/?type=3&theater