М.Энхболд: Үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй үүрэг хариуцлага юм
2016/12/12
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын МАН-ын долдугаар Бага хуралд тавьсан илтгэлээс хариуцлагатай ажиллах тухай захиасыг онцлон хүргэж байна.
Бидний сонгуулиар олж авсан үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй үүрэг хариуцлага гэдгийг санагтун. Тиймээс энэ хуралдаанаар хууль тогтоох болон төлөөллийн байгууллагын, гүйцэтгэх засаглалын, улс төрийн намын болон нийгмийн хариуцлагын талаар нухацтай хэлэлцэхийг санал болгож байна.
Сүүлийн жилүүдэд ардчилал нэрийн дор дураараа аашлах, үүрэг хариуцлагатаа эзэн биш байх явдлыг өөгшүүлж, хариуцлага тооцох механизм эрс суларч, хариуцлагын тогтолцоо алдагдсаныг хэн хүнгүй мэдэж байгаа. Манай нам энэ буруу зуршлаас ангид байх ёстой.
Хариуцлага бидэнд, Монгол Улсад ус, агаар мэт нэн чухал байна. Бид хариуцлагатай байж чадах эсэхээс, хариуцлагаа хэрхэн ухамсарлан хэрэгжүүлэхээс улс орны хийгээд Монгол Ардын Намын ирээдүй шалтгаална. Ийм ч учраас хариуцлагын асуудлыг Бага хурлаараа зориуд онцлон хэлэлцэх гэж байгаа юм.
Нэг. Хууль тогтоох болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хариуцлага
Юуны өмнө төлөөллийн байгууллага, түүний төлөөлөгчид, тэр дундаа эрх баригч олонхийн хариуцлагын тухай ярих ёстой гэж үзэж байна. Энд би парламентын болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хариуцлагын талаар хөндөх гэсэн юм.
Аль ч улс төрийн хүчин олонхи болж чадаагүй парламентад бодлого тодорхойлж, хууль батлахын тулд хэлэлцэж, зөвшилцөлд хүрэх гэсээр гацаанд ордог, улмаар улс орны хөгжлийг урагш нь биш хойш нь уллан чангаадаг гашуун сургамжийг Та бүхэн бэлхнээ мэдэж байгаа. УИХ-ын 2-3 бүрэн эрхийн хугацаа дамнасан ч батлагдаагүй хуулийн төсөл, бодлогын шийдэл цөөнгүй хуримтлагдсан нь үүний жишээ. Иймд Монгол Ардын Нам тулгамдсан болон ирээдүйд нэн чухал тэдгээр асуудлыг нухацтай авч үзэж, тооцоо судалгаа хийж, ард түмэн, эрдэмтэн мэргэдийн үгийг сонсож, гарцаагүй зөв шийдлийг олж гаргах энэхүү түүхэн боломжийг алдах эрхгүй.
Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх, Сонгуулийн болон Төрийн албаны тухай хуулийг өөрчлөх зэрэг асуудал энд хамаарна. Цаашилбал тогтвортой хөгжлийн суурийг тавих, газрын баялаг буюу ашигт малтмалын үнийн савлагааг даган унаж босож байдаг ганц буюу цөөн тулгуурт эдийн засгийн бүтцийг өөрчлөх хөтөлбөр, зорилт ч бас багтана.
Манай намаас УИХ-д сонгогдсон эрхэм гишүүд улс орны хөгжлийн асуудалд өөрийн мэргэшсэн чиглэлээр идэвхийлэн оролцож, хамтын оюун ухаанаар бодлогын шийдэл гаргахад хүчин чармайлт тавих хэрэгтэй бөгөөд зоргоороо ярьдаг, дуртайгаа хийдэг, хувь улстөрчийн ганцаарчилсан тоглолтод цаг заваа илүү зарцуулдаг байж таарахгүй.
Үүнийг л эрх баригч намын парламент дахь гишүүдийн хариуцлага гэж ойлгож байна. Тэдний төрийн бодлогыг зөв тодорхойлж, гаргасан бодлогоо ягштал хэрэгжүүлж чадаж байгаа, эсэхэд нь хяналт тавьж чадаж байвал парламент хариуцлагаа үүрч чадаж байна гэж бас дүгнэх учиртай. Энэ хоёр зарчмыг ягштал баримталж, хууль тогтоох байгууллагын чадавхийг бүрэн дүүрэн дайчлах нь бидний үүрэг мөн.
Дээр дурдсан бүхэн манай намаас нэр дэвшиж, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олонхи болсон төлөөлөгчдөд нэгэн адил хамаарна.
Тодруулж хэлбэл, УИХ-аас тодорхойлсон төрийн нэгдмэл бодлогын хүрээнд орон нутгийн онцлог, иргэдийн өвөрмөц ашиг сонирхлыг тусгасан зөв шийдвэрийг цаг алдалгүй шуурхай гаргах, орон нутгийн хурлын байнгын шинжийг хадгалах, иргэддээ ямагт ойр байж, тэдний үгийг сонсож, аж амьдралыг нь мэдэрч, эрх хэмжээндээ хамаарах асуудлыг оновчтой, шинэлэг байдлаар дэвшүүлэн шийдвэрлэхэд онцлон анхаарах нь зүйтэй.
Нутгийн удирдлагын байгууллагууд гүйцэтгэх засаглалынхаа жийрэг, хавсарга мэт байж таарахгүй. Ийм байхгүй гээд бас өрсөлдөн тэрсэлдэгч болох учиргүй. Гүйцэтгэх засаглалынхаа зөв бодлого, шийдвэрийг дэмжиж, хяналт тавьж, хамтран зүтгэж байж төлөөллийн зохист үүргийг ханган, олон түмний итгэлийг хариулж чадна. Үүнийг би орон нутгийн төлөөллийн байгууллагын хариуцлага гэж ойлгож, ийм байхыг Та бүхнээс шаардах болно.
“Ардчилал бол хүмүүсийнх, хүмүүсийн бүтээсэн, хүмүүсийн төлөөх засаглал мөн” гэсэн Авраам Линкольний үг байдаг. Төлөөллийн ардчилал гэдгийн мөн чанар нь чухамхүү иргэдийнхээ төлөөх засаглал байхад л оршдог билээ.
Хоёр. Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлага
Ардчилсан нийгэмд Засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой, нээлттэй байж, мэргэшсэн түвшинд хөтөлбөр зорилтоо хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигддаг.
Манай нам мэргэжлийн Засгийн газар байгуулж, нийгэм эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах амлалтыг ард түмэндээ өгсөн. Ард иргэд Засгийн газраас аливаа асуудалд мэргэжлийн түвшинд хандаж, шуурхай ажиллахыг хүсч, хүлээж байгаа. Энэ хүсэлт, хүлээлтэд бид нийцэж чадаж байна уу гэдгээ сайтар тунгаан бодож, өөрөө өөртөө өдөр бүр шаардлага, хяналт тавих ёстой. Засгийн газрын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, улс төрийн дэмжлэг үзүүлэх нэн таатай боломж УИХ-д бүрдсэнийг алдаж болохгүй.
Засгийн газрын үйл ажиллагаа алхам бүрдээ хариуцлагатай байж, Монгол Ардын Намын сонгуулийн амлалт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг биелүүлэх чиглэлээр санаачилгатай үр дүнтэй ажиллах цаг болсон. Өмнөх Засгийн газраас илүү эрч хүчтэй, шинэлэг, зоримог, зөв бодлоготой ажиллаж байж иргэдийнхээ итгэлд эзэн болно. Засгийн газрын байгууллагууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажпын үр дүн нь ард иргэдийн амьжиргаа хэр дээшлэв, нийгмийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэв гэдгээр юуны түрүүнд хэмжигдэнэ гэдгийг байнга санаж байх хэрэгтэй байна.
Засгийн газарт болон Засгийн газрын танхимын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ үүрэг хариуцлагад нь байнгын хяналт тавьж, зөвд зөөлөн, бурууд хатуу байх зарчим баримтлах нь Монгол Ардын Намын бодлого байх болно.
Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хариуцсан салбар, нутаг дэвсгэртээ төрийн хууль, тогтоомж, төр засгийн болон намын бодлого, шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг хагас, бүтэн жилээр тооцож ажиллах нь гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.
Төрийн алба цомхон, чадварлаг, тогтвортой, мэргэшсэн байх нь манай намаас баримтлах зарчмын чухал асуудал байх болно. Сүүлийн жилүүдэд Засгийн газар солигдох бүрд төрийн албанд өөрчлөлт орж, төрийн төлөө тогтвортой зүтгэх албан хаагчдын итгэл үнэмшил алдагдсаар байна.
Манай нам эрх барьж байх үедээ энэ гажуудлыг засч, Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн, төрийн албан хаагчдыг сургах, чадавхийг сайжруулах, төрийн албаны мерит (чадахуйн) зарчимд суурилсан тогтолцоонд бүрэн утгаар шилжих, тэдний ажпыг үнэлж дүгнэх олон улсын нийтлэг жишиг, стандартад нийцсэн дүрэм, журмыг нэвтрүүлэх, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн арга хэмжээ авах болно.
Бүх шатанд төрийн хууль, тогтоомжийг ягштал биелүүлдэг байх нь чухал.
Батлагдсан хуулийг хэрэгжүүлж эхлээгүй байж шүүмжилдэг, хэрэгжилтийг нь сулруулдаг байдал Засгийн газрын байгууллагуудад байж болохгүй. Хууль хэрэгжүүлэх нөхцөл бололцоог нарийн тооцож боловсруулдаг байх, батлагдсаны дараа хэрэгжилтийг хангах талаар шаардлагатай арга хэмжээг авч байх нь төрийн захиргааны байгууллагуудын үүрэг хариуцлага байх болно.
Намын нэрээр төрийн албанд томилогдсон албан тушаалтнууд хууль биелүүлэх, төрийн албыг чадварлаг, мэргэшсэн байлгах, салбар, байгууллага бүрийн өмнө тавигдсан үүрэг зорилтыг бүрэн хэрэгжүүлж чадаж байгаа, эсэхэд намын Удирдах зөвлөлөөс үнэлэлт өгч, ажил үүргээ биелүүлээгүй, намын нэр хүндийг сэвтээсэн, төрийн хүний ёс зүйгээ умартсан, авлига, хууль бус аливаа үйлдэлд нэр холбогдсон хүмүүстэй хатуу хариуцлагыг цаг алдалгүй тооцож ажиллах нь чухал байна.
Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын Нам үнэмлэхүй олонхи болсон өнөөгийн нөхцөлд хариуцлагатай засаглалын жинхэнэ өнгө төрхийг манай намын Засгийн газар, Засаг дарга нар бий болгох ёстой гэдгийг цохон тэмдэглэж байна.
Гурав. Төсөв, санхүүгийн хариуцлага
Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа нөхцөлд төсөв, санхүүгийн хариуцлагын асуудлыг онцлон авч ярихаас өөр аргагүй. Макро эдийн засаг, санхүүгийн салбарт төлбөрийн тэнцэл алдагдалтай, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсан нь санхүүгийн тогтворгүй байдлыг даамжруулах, эдийн засгийн өсөлт буурч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх, өрхийн амьжиргааны түвшин үргэлжлэн муудах, бодит секторын өсөлт саарснаар зээлийн чанар муудах, энэ нь эргээд бодит секторын уналтыг нэмэгдүүлж, хямрал руу шилжих, экспортын түүхий эд, ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байх, экспортын эрэлт багасах зэрэг эрсдэл үүсэх магадлалыг өндөр болгож байна.
Бид өндөр хариуцлагатай, чанд сахилга баттай төсөв, санхүүгийн бодлого хэрэгжүүлж байж л ард иргэдийнхээ амьдрал, бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг хамгаалан дэмжиж, улсынхаа эдийн засгийг өөд нь татаж чадна.
Сүүлийн жилүүдэд манай улсын төсвийн зарлага ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, улсын нэгдсэн төсвийн ДНБ-д эзлэх алдагдал огцом өссөн байна.
Улсын Их Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаар тогтоолд “Төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд төсөвт тусгагдаагүй зардлыг санхүүжүүлэх эрх олгосон болон санхүүжилт хийсэн төсвийн өрөнхийлөн захирагч, бусад этгээдэд аудит, хууль хяналтын байгууллагын холбогдох шийдвэрийн дагуу хариуцлага тооцох"-оор заасан билээ.
Бид эрх баригч намын хувьд төрийн зохих бүтцээр дамжуулан төсөв, санхүүгийн хувьд алдаа гаргасан хүмүүстэй хариуцлага тооцож, ирээдүйд бий болох төсөв, санхүүгийн хүндрэл, эрсдэлийг бууруулах, улмаар тогтворжуулахад үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах болно.
Бүх шатны төрийн байгууллагууд төсвийн хэмнэлт, сахилга батыг сайжруулах чиглэлээр УИХ, Засгийн газраас гаргасан холбогдох тогтоол, шийдвэрийг биелүүлэх, хэрэгжилтийг чанд хангах зохистой, үр нөлөө бүхий тогтолцоог бий болгох цаг болжээ.
Төрийн болон төрийн өмчийн оролцоотой ч ашиггүй ажилладаг, ихээхэн хэмжээний үрэлгэн аж ахуйн нэгжүүдийг нэгтгэн нийлүүлэх, татан буулгах, өөрчлөн байгуулах арга хэмжээг хойшлуулалгүй авах шаардлагатай байна. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой зарим хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг нийтэд нээлттэй, ил тод хэлбэрээр хувьчлах нь зүйтэй гэж үзэж байна.
Дөрөв. Улс төрийн намын хариуцлага
Энд улс төрийн намын, түүний дотор Монгол Ардын Намынхаа хариуцлагын талаар хэдэн зүйл хэлье.
Мэдээж эрх барьж байгаа нөхцөлд Монгол Ардын Намын хариуцлагыг намаас томилогдож, сонгогдсон төрийн болон улс төрийн ажилтнууд хүлээх ёстой. Бид дараа дараагийн бүх шатны улс төрийн сонгуулиудад “Монгол Ардын Нам” гэсэн хаягаар оролцохоо хэзээ ч мартаж болохгүй. Тийм учраас Монгол Ардын Нам эрх баригч боллоо гээд төрд уусаж, хүч нь сулрах учиргүй.
Үүний тулд бид юу хийх, яаж ажиллах ёстой вэ?
Манай намын үзэл суртлын баримтлалыг боловсруулж, бүх нийтийн хүртээл болгох нь намын нийгмийн өмнө хүлээсэн томоохон хариуцлага гэж үзэж байна. Намын аппарат хүчтэй байх нь намын бодлогыг зөв тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулалттай болгох, намын үзэл суртлын ажлыг системтэй явуулахад хамгийн чухал зүйл мөн. Тийм учраас намын аппаратаа байнгын хүчтэй, зохион байгуулалттай болгох хэрэгтэй байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд намын Ерөнхий нарийн бичгийн дарга онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээнүүдийг нэн даруй төлөвлөн Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх ажилдаа орох хэрэгтэй.
Эх орондоо иргэн түмнийхээ итгэлийг олон арван жилээр хүлээж, засгийн эрхийг барьж байгаа манай намтай үзэл баримтлал ижил улс төрийн хүчин олон байна. Тэдгээр намуудыг улс төрийн хувьд тулхтай, үйл ажиллагаа нь тогтвортой, нэгдсэн зохион байгуулалттай улс төрийн хүчин гэдэг талаас нь хүлээн зөвшөөрч байж, сая сонгогчид нь итгэл хүлээлгэж байна. Энэ нь “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг монгол зарчим тэнд ч бас адил хэрэгжиж байна гэсэн үг юм.
Намаа төвхнүүлж чадахгүй байж, төрийг төвхнүүлэх гээд бүтэлгүйтэж буй зарим улс төрийн хүчний жишгээс бид ангид байх учиртай.
Төрд ажиллаж байгаа улс төрийн зүтгэлтнүүдийн төрийн ажил үүргээс гаднах хоёр дахь чухал үүрэг бол намын нэр хүндийг байнга өргөж байх явдал юм. Улсын Их Хурлын 65 гишүүнээс эхлээд Засгийн газрын бүх гишүүд, дэд сайд нар, бүх түвшний Иргэдийн хурлын төлөөлөгчид, Засаг дарга нар намын ажлын тодорхой үүргийг өөртөө хүлээх ёстой. Та бүхэн намаас үүрэг даалгавар өгөхийг хүлээлгүйгээр өөрсдөө санаачлан үйл ажиллагааныхаа чиглэлийг гаргаж, намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон намын зохих түвшний дарга нарт амлалтаа бичгээр гаргаж өгч, улмаар амласан амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах ёстой гэж бодож байна.
Манай намын төв аппарат хүчтэй байх шаардлагатай байна. Тухайлбал, Дэлхийн эрх баригч намуудын жишгээр улс төрийн бодлогын судалгааны хүчтэй бүтэцтэй, түүндээ ажилладаг шилдэг боловсон хүчинтэй болох цаг ирсэн. Ийм бодлогын судалгааны төв намыг ямар ч нөхцөлд зөв замаас нь хазайлгахгүй байх ерөндөг нь болно. Энэ төв Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хянаж суух байгууллага биш, эх орныхоо хөгжлийн ирээдүйг зөв төсөөлж, ард түмнийхээ аж амьдралыг илүү сайн сайхан болгох бодлого боловсруулан дэвшүүлдэг манай намын оюун ухааны уураг тархи байх юм. Бид туршлагаар бялхам ахмад үеийнхэн, шинэ мэдлэг боловсролоор халгим залуу үеийнхнийхээ оюуны чадамжийг ашиглан, эх орныхоо төлөө цохилох зүрх сэтгэлийг нь нэгтгэн ийм байгууллага байгуулж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Сонгуулийн маргаашаас гишүүдээ мартдаг талаар манай намын жирийн гишүүд байнга хэлж, ярьж байдаг. Бид энэ шүүмжлэлийг хүлээн авч, засч залруулах ёстой. Манай намын бүх шатны байгууллагууд, тэдгээрийн удирдах ажилтнууд, намаас төрд сонгогдож томилогдсон хүн бүр жирийн гишүүд дэмжигчдээсээ амьд холбоогоо таслах ёсгүй.
Жирийн гишүүдийнхээ санаа бодлыг сонсож, тэдний шүүмжлэлийг хүлээн авч, үйл ажиллагааныхаа алдаа дутагдлыг соргогоор харж, засч залруулах чадвартай байхын тулд сард нэг удаа намын гишүүдтэйгээ уулзан учирч, тэдний санаа сэтгэлийг зовоож буй асуудлаар хэлэлцүүлэг хийж, бас харилцан ойлголцож байх нь зүйтэй гэж бодож байна. Манай нам ард түмэнтэйгээ байнгын амьд холбоотой байхын нэг чухал сэжүүр нь намын гишүүдтэйгээ ойрхон байх явдал гэдгийг сайтар ухаарч, ойлгоорой гэж үүнийг та нарт хэлж байна.
Ерөнхий нарийн бичгийн дарга болон намын төв аппаратын ажилтнууд, судалгааны төвийн ажилтнууд хамтран дараа дараагийн сонгуульд бэлтгэх "Замын зураг"-ийг одооноос гаргах хэрэгтэй. Үүнд намын жирийн гишүүд гол тулгуур хүч болно гэдгийг анхаарвал зохино.
Тав. Нийгмийн хариуцлага
Хариуцлагатай засаглал, хариуцлагатай эдийн засаг, хариуцлагатай намын анхдагч нөхцөл нь хариуцлагатай нийгэм мөн. Тиймээс иргэн, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын хариуцлагын тухай товч хөндмөөр байна. Энэ талаар цөөнгүй ярьж, багагүй бичдэг ч хариуцлагын эрэмбэд хойгуур буюу хоёрдогч, гуравдагч асуудал мэтээр үздэг үзэл бодол түгээмэл байна.
Энэ хүрээнд би иргэн бүрийн төрийн хуулийг сахин биелүүлэх хариуцлага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн хуулийг дээдэлж, хэрэгжүүлж ажиллах хариуцлагыг онцолж байгаа юм.
Нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэхэд манай намын гишүүдийн манлайлал нэн чухал. Иргэд олон нийтийн зөв зүйтэй, нийгэмд ашигтай санал санаачилгыг ажил хэрэг болгох нь төрийн бүх түвшинд ажиллаж байгаа манай намын боловсон хүчний үүрэг хариуцлага мөн.
Энэ нь манай нам олон түмний хүлээлтийг биелүүлж, дахин итгэл даасаар байх нэг чухал сэжим гэдгийг дор бүрнээ анхааръя.
зочин · 2016/12/13
УИХ-ын дарга маань жирийн гишүүдтэй ойрхон байж тэднийг байнга сонсож дэмжих талаар ярьжээ.Үүнийг уншаад урам сэргэлээ.Гэвч орон нутагт нэн ялангуяа Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Гылымхан гэгч төрсөн дүүгээ Дэлүүн сумын засаг дарга болгоод төрийн албанд өөрийн ах дүү танил талын хүмүүсээ томилдог болсон.Тэр ч бүү хэл А.Гылымхан нь өөрийн нэг ангийн найз Гончигийн Мандат гэгч "АН-ын улаан фен"- нөхөрийг барилга хот байгуулалтын хэлтсийн албанд томилсон байна.Үүнд дургүйцсэн ард иргэд хэнд хандахаа мэдэхгүй байна.Одоо цагт нөгөө ашиг сонирхолын зөрчил гэдэг нь хүчингүй болсон мэт.